2021 оны нэгдүгээр сарын 17-нд “Жүжигчин Ундармаа” нэртэй Facebook пэйжид долоогоос дээш группт хуваалцан, сэтгэгдэл хэсэгт төрсөн өдрөө бичвэл эхний 12 хүнд төрсөн сараар нь мөнгөн дүн бүхий бэлэг тараана гэсэн пост нийтлэгдсэнийг 19-ний 15:00 цагийн байдлаар 975 удаа хуваалцаж, 225 сэтгэгдэл үлдээсэн байна.
Баримт шалгах үйл ажиллагааны журмын 2.1.2-т заасан “Олон нийтэд хуурамч мэдээллийг таних, өөрсдийн авч байгаа аливаа мэдээллийн баримтыг нягтлан шалгах суурь боловсрол олгох” зорилгын дагуу дараах байдлаар баримт шалгалт хийлээ. /Үйл ажиллагааны журмыг манай вэбсайтаас үзнэ үү/
Уг постод “Сайн байцгаана уу? Олон хуурамч page-үүдэд бүү итгээрэй. Жүжигчин Ундармаа миний зүгээс хүнд хэцүү цагт үзэгч та нартаа жоохон ч гэсэн туслая гэж бодлооКино ажил маань ч амжилттай байгааЗаа тэгэхээр таны төрсөн сарын дагуу би бэлгээ бэлдсэн байгаа
1сард төрсөн бол-100,000
2сард төрсөн бол-70,000
3сард төрсөн бол-20,000
4сард төрсөн бол-30,000
5сард төрсөн бол-80,000
6сард төрсөн бол-50,000
7сард төрсөн бол-40,000
8сард төрсөн бол-120,000
9сард төрсөн бол-90,000
10сард төрсөн бол-200,000
11сард төрсөн бол-60,000
12сард төрсөн бол-110,000
Төгрөг тус бүр авна шүү…
Амжаарай!Эхний 12 хүнд өгнө гэж төлөвлөж байна
Болзол:
Миний хуудсанд лайк дарсан байх
Энэ постыг 7с дээш группт шэйр хийх
Ингээд л болоо болзлоо биелүүлээд чат бичээрэй” гэсэн байв.
Баримт шалгалт хийсэн байдал:
Тухайн мэдээллийг оруулсан эх сурвалжийг судаллаа. “Жүжигчин Ундармаа” гэх нэртэй пэйж 385 лайк, 391 дагагч цуглуулсан нэгдүгээр сарын 17-нд нээгдсэн байна. Энэ нь цахим сүлжээнд олон мянган дагагчтай /instagram-д 380,000, Facebook page нь 392,386, Twitter-т 59,800 дагагчтай / олны танилын зураг, нэрийг ашиглан шинээр нээсэн пэйждээ хандалт цуглуулах зорилгоор хийсэн хуурамч мэдээлэл гэж үзэх үндэслэлтэй.
Харамсалтай нь олон нийт дээрх постыг нь 7-10 группэд шэйрлэж, шэйрлэсэн тус бүр нь цааш мянга хүртэлх удаа хуваалцах зэргээр хуурамч мэдээлэл түгээгчдийг зорилгыг биелүүлжээ.
Уг постын зүүн дээд буланд байх гурван цэгийг дарж, View edit history-г дарж засвар хийсэн байдлыг харж болно.
Энэ пост 2021 оны нэгдүгээр сарын 17-ны 10:45 цагт “…Эхний 1500 хүнд бэлэг өгнө” гэснийгээ “Эхний 12 хүнд өгнө” гэж засварласан байна.
2021 оны нэгдүгээр сарын 17-ны 13:09 цагт жүжигчин Г.Ундармаа 392,386 дагагчтай албан ёсны пэйждээ “Хэдүүлээ ийм юманд хууртахгүй болсон тиймаа. Репорт” гэж хуурамч пост оруулсан дээрх “Жүжигчин Ундармаа” пэйжийн зургийг оруулж, репорт хийхийг хүсжээ. /холбогдох линкийг доод хэсгээс/
Хэдийгээр репорт хийхийг хүссэн ч уг пэйж одоо ч хаагдаагүй төдийгүй дараа дараагийн урамшуулал гэдгээ зарласан байна. Тухайлбал нэгдүгээр сарын 18-ны 19:57 цагт “Дараагийн уралдаанаа эхэлцгээх үү. Энэ удаа бага мөнгөөр олон хүнийг баярлуулъя” гэсэн пост оруулсан нь 19-ний 16:00 цагийн байдлаар 580 шэйр, 62 сэтгэгдэл аваад байна.