Улаанбаатараас орон нутагт нууцаар очсон иргэдийг тусгаарласан #ҮНЭН
2020 оны 11 дүгээр сарын 15-ны 21 цагийн орчимд Bat Hangai нэртэй фэйсбүүк хаягнаас “Ховд аймгийн зарын нэгдсэн групп”-т “…Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” цогцолборын хашаанд хоёр автобустай БНХАУ-ын иргэдийг зөөвөрлөж ирсэн байна …” гэх утгатай
шууд бичлэг хийгдсэн.
Энэхүү үндэслэлгүй, худал мэдээлэл олон нийтэд тараасан М, Б нарыг Ховд аймгийн Цагдаагийн газраас шуурхай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ховд аймаг руу хоёр автобусанд хүнсний зүйл ачиж явна гэх баримт бүрдүүлээд 10 гаруй хүнийг нууцаар тээвэрлэж явсан хэргийг Говь-Алтай аймгийн шалган нэвтрүүлэх товчоонд шалган тогтоож, мэдээлэл өгсний дагуу цагдаагийн хяналт дор Ховд аймагт авчирчээ.
Тус тээвэрлэлтийг хийж явсан жолооч нар Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар дамжин өнгөрөхдөө “хүнсний зүйл тээвэрлэж байгаа” гээд санхүүгийн баримтуудаа үзүүлж гарсан байна. Харин Говь-Алтай аймгийн шалгах товчоонд “хүн болон хүнсний бараа хольж тээвэрлэсэн” асуудлаар 500 мянган төгрөгөөр торгуулж, цагдаагийн хяналт дор Ховд аймгийн чиглэлд гарсан байна.
Энэ талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга дэд хурандаа Ж.Батбуян “Улаанбаатар хотоос хүнсний зүйл тээвэрлэсэн атобусанд нууцаар хүн тээвэрлэж явна” гэх мэдээллийн дагуу цагдаагийн хяналтанд авч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Цагаан Уул” сувиллын газарт тусгаарлаж шинжилгээ авсан.
Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бүс нутгуудаас орон нутагт нууцаар зорчих явдалд холбогдох байгууллагууд өндөр хяналт тавьж ажиллаж байгааг ард олонд сануулъя” гэсэн байна.