Алт, монет ашиглан даралт хэмжих арга гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #434

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Алт эсвэл монетон бөгжөөр гэрийн нөхцөлд даралт хэмжих арга гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол-Японы эмнэлгийн зүрх судасны тасгийн Зүрх судасны тасгийн эмч С.Пагмадуламаас тодруулахад уг аргыг “шинжлэх ухааны үндэслэлгүй”, “худал мэдээлэл” болохыг нь онцолсон. Тэрээр цусны даралтыг цусны даралтын аппаратаар буюу сфигмоманометрээр хэмждэгийг анхааруулсан.

2023 оны 02 дугаар сарын 12-нд “Дүрэмгүй Гал Тогоо” нэртэй фэйсбүүк хуудас “Алт эсвэл монетон бөгжөөр гэрийн нөхцөлд даралт хэмжих шэйрлээд хадгалаад аваарай маш хэрэгтэй зөвлөгөө” гэсэн тайлбартай бичлэг оруулсан. Уг бичлэгт утасны үзүүрт алтан бөгж уяад хүний гарын судасны ойролцоо байрлуулахад цусны даралттай уялдан бөгж савлаж буй мэтээр харуулсан байна. Мөн видеоны явцад зөвхөн алтан бөгж ашиглалгүй ижил аргаар монет ашиглан даралт хэмжиж болно гэж ярьсан. 

Бичлэгт тайлбарласан арга нь шинжлэх ухаанаар батлагдсан цусны даралт хэмжих арга биш бөгөөд энэ нь худал, үндэслэлгүй зөвлөмж юм.

Шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйлд итгэж эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлж, мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ. Жишээлбэл, цусны даралт ихсэх үед хүний биед үзүүлэх шинж тэмдгүүдийг үл хайхран, энэхүү нотлогдоогүй, үндэслэлгүй аргаар “хэмжиж”, тэр нь “хэвийн байна” гэж зааснаар эм уухгүй, арга хэмжээ авахгүй байсаар харвалт өгч, үхлийн аюулд ч хүрч болзошгүй юм.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

Бид уг бичлэгт зөвлөсөн аргын талаар 02 дугаар сарын 20-нд Монгол-Японы эмнэлгийн зүрх судасны тасгийн Зүрх судасны тасгийн эмч С.Пагмадуламаас тодруулахад уг аргыг “шинжлэх ухааны үндэслэлгүй”, “худал мэдээлэл” болохыг нь онцолсон. Тэрээр цусны даралтыг цусны даралтын аппаратаар буюу сфигмоманометрээр хэмждэгийг анхааруулсан.

2013 оны 4-р сарын 30-нд АНУ-ын Биотехнологийн үндэсний мэдээллийн төвийн вэбсайтад нийтэлсэн “Цусны даралтыг хэмжих зарчим, техник” нэртэй бүтээлд хийлдэг ханцуйвчийн тусламжтай гар ажиллагаатай даралт хэмжигч, эсвэл дижитал даралт хэмжигч зэргээр цусны даралт хэмжиж болдог тухай мэдээлсэн байна.

Хэрвээ та гэрийн нөхцөлд цусны даралт хэмжих гэж буй бол дээр дурдсан аппаратуудыг ашиглан дараах зөвлөмжийн дагуу хэмжихийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг зөвлөсөн байна. 

  1. Цусны даралт хэмжихээс хамгийн багадаа 30 минутын өмнө хүнд зэргийн дасгал хөдөлгөөн хийх, хэт идэх, кофе уухаас зайлсхийх
  2. 5 минут тайван сууж амрах
  3. Хөлөө ачиж суухгүй байх
  4. Хөлийн ул шаланд бүрэн тулсан байх
  5. Сандалын түшлэг налж нуруугаа цэх суух
  6. Даралт хэмжих үедээ ярихгүй байх
  7. Цусны даралтыг 1-2 минутын зайтай, хамгийн багадаа 2 удаа хэмжинэ


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document