Чингис хааны музейн удирдлагууд салбарын сайдын тушаал зөрчин, төлбөртэй үйлчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #450

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Чингис хааны музей 03 дугаар сарын 5-ныг хүртэлх музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд л үнэ төлбөргүй үйлчилнэ гэв.

Баримт шалгалтын үр дүн

Соёлын сайд Ч.Номингийн “Музейн нээлттэй өдөр зохион байгуулах тухай” 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн А/34 дугаар тушаалын 2-т “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд төрийн болон олон нутгийн өмчит музейн захирал нарт үүрэг хүлээлгэсэн бөгөөд 2.1-д “Арга хэмжээ болох хугацаанд Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” гэж заасныг зөрчсөн байна.

2023 оны 03 дугаар сарын 1-ний 12:27 цагт манай пэйжийн чатаар Гэгээн Од нэртэй хэрэглэгч “бүх музей үнэ төлбөргүй үзүүлнэ” гэсэн мэдээний зургийг явуулаад, “Чингис хааны музей үнэтэй байна шүү. Үүнд маш олон хүн хууртаж байна. Сая очиход манайд хамаагүй гээд төлбөр авч байна” гэх мэдээллийг илгээсэн юм.

Энэ дагуу бид дараах баримтыг цуглууллаа.

2023 оны 03 дугаар сарын 1-ний 12:26 цагт Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum хаягаар “Гуравдугаар сарын эхний 7 хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж иргэдэд нээлттэй үйлчилдэг билээ. Чингис хаан Үндэсний музейн хувьд гуравдугаар сарын 1-5-ны эдгээр өдрүүдэд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, “Чингис хаан Үндэсний музей” хоёр ангит баримтат кино, контентууд, “Монгол төрийн Тэргүүнүүдэд бэлэглэсэн бэлэг дурсгал” нээлттэй сан хөмрөг, “Чингис хаан Үндэсний музейн түүх”, “Хүннүгийн эзэнт Улсын хаад, язгууртны дурсгал дахь амьтны загварт урлаг” зэрэг эрдэм шинжилгээний лекцүүд, бүх насныханд зориулсан боловсролын хөтөлбөрүүдээсээ толилуулах болно. Мөн CHINGGIS KHAAN NATIONAL MUSEUM SHOP-ийн албан ёсны нээлт, “Үнэт эрдэнийн чулуу” маркийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд зөвхөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэсэн пост оруулсан байна.

Энэ мэдэгдлийн дагуу цахим орчинд Чингис хааны музей ганцаараа үнэ төлбөртэй үйлчилж байгаа талаар мэдээлэл гарсаар байна. (энд, энд, мөн энд)

03 дугаар сарын 1-ний 12:35 цагт Чингис хаан үндэсний музейн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, хуульд заасан 16 хүртэлх насны хүүхэд болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй, бусад хүнд төлбөртэй үйлчилж байгаа”-г тайлбарласан юм.

Чингис хаан төрийн өмчит музей нь сайдын тушаал зөрчин иргэдээс төлбөр авч байна

Соёлын сайд Ч.Номингийн “Музейн нээлттэй өдөр зохион байгуулах тухай” 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн А/34 дугаар тушаалын 2-т “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд төрийн болон олон нутгийн өмчит музейн захирал нарт үүрэг хүлээлгэсэн бөгөөд 2.1-д “Арга хэмжээ болох хугацаанд Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” гэж заасныг зөрчсөн байна.

Монгол Улсын иргэн 16-аас доош насны хүүхдэд төрийн болон орон нутгийн өмчит бүх музей үнэ төлбөргүй үйлчилдэг

2021 оны 01 сарын 29 өдөр батлагдсан Музейн тухай хуулийн 9.1-д “Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ” гэж заасан.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 9.6 дугаар зүйл.Соёлын тухай хууль зөрчих хэсэгт “Музей, орон нутгийн номын сан болон орон нутаг судлах танхимын мэдээллийн үйлчилгээнд 16 хүртэлх насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр хамруулах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Чингис хааны музейн удирдлагын шийдвэр нь Музейн тухай хуулийг зөрчөөгүй тул хуулийн хариуцлага хүлээхгүй. Харин салбарын сайдын тушаал зөрчсөн тул захиргааны хариуцлага хүлээлгэх боломжтой юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document