2020 оны нэгдүгээр сард ikon.mn сайтад нийтлэгдсэн “Тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох хэрэгтэй” гэх гарчигтай мэдээллийг ашиглан баримт шалгая.
Энэхүү мэдээлэлд хэд хэдэн тоо баримт дурдагдсан байна. Тухайлбал, улсын хэмжээнд нийт 430 мянган ахмад өндөр настны тэтгэвэр авч байгаагаас 233 мянга нь тэтгэврийн зээлтэй аж. Харин үлдсэн 176 мянга нь тэтгэврийн зээл аваагүй тухай МАХН хэвлэлийн хурал хийжээ.
Эдгээр тоо нь нэгдүгээрт хоорондоо таарахгүй, 20 гаруй мянган ахмадын зөрүү гарч байна. Мөн тухайн үед буюу 1-р сарын 31-ний байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын сайтад цацагдсан статистик мэдээллийг шалгавал, 312.8 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авсан байна. Харин өндөр насны тэтгэврээс гадна, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагчдийн нийлбэр нь 419.5 мянга байжээ. Эндээс тухайн үеийн мэдээллүүдэд тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бүх иргэнийг өндөр настны тэтгэвэр авдаг мэтээр төөрөгдүүлсэн байдлаар мэдээлэл бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тэтгэврийн даатгалын сангаас нийт 4 төрлийн тэтгэвэр олгодог бөгөөд, үүний 70 гаруй буюу дийлэнх хувийг нь өндөр насны тэтгэвэр авагчид бүрдүүлдэг юм.