#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #383
2023.01.03 | Улаанбаатар хот, Монгол
2023 оны 01 дүгээр сарын 3-ны 10:26 цагт Munkhbayasgalan Bayasgalan хаягаас “АНХААР: Согтуугаар машин барьвал 10 сая төгрөгөөр торгоно! Төлөхгүй бол 2 жил албадан ажил хийлгэнэ. Шинэ хууль хэрэгжээд 2 хонож байна” гэх мэдээлэл постолсон нь 30 минутын дараах байдлаар 1.5 мянга гаруй реакц, 210 сэтгэгдэл авч, 410 удаа цааш түгээсэн байна.
Мөн энэ агуулгаар Paparazzi.mn пэйж оруулсан нь 3.3 мянган реакц, 515 сэтгэгдэл авч, 599 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Холбогдох хуулиудад ийм заалт байхгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол оногдуулах шийтгэлийн тухай мэдээлэл нь худал бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбогдсон хуулиудад дээрх зүйл, заалт байхгүй. Үүнд, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль” зэрэгт дээрх хуулийн шийтгэлийн заалтууд байхгүй байна.
Согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, 1 жил жолоодох эрхээ хасуулах, давтан үйлдвэл 7-30 хоног баривчлах хууль мөрдөгдсөн хэвээр байна
Харин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 7 дугаар зүйлийн 3.1-т буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
Энэ заалтын дагуу тухайн жолооч нэг жилийн хугацаагаар жолоо барих эрхээ хасуулж, 400 мянга төгрөгийн (1 нэгж = 1000 төгрөг) торгууль төлөх шаардлагатай болох юм. Түүнчлэн тус зүйлийн 6-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан тохиолдолд 7-30 хоног хүртэл баривчлах шийтгэл оногдуулахаар заасан.
Мөн согтуугаар жолоо барьсан хүнийг 2 жил албадан хөдөлмөр хийлгэх заалт дээрх хуулиудад байхгүй байхгүй байна.
Тээврийн цагдаагийн албанаас няцаав
01 дүгээр сарын 3-нд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн амад Б.Энхболдоос тодруулахад, “Тийм хуулийн заалт байхгүй. Зөрчлийн тухай хуулиар Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, согтуугаар автомашин жолоодсон тохиолдолд оноодог шийтгэл буюу 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасах заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна” гэв.
Замын хөдөлгөөний тухай хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасан хариуцлага хүлээж байна. Үүнийг УИХ-аар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед л өөрчлөх боломжтой.
УИХ-ын 2022 оны Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Замын хөдөлгөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай агуулга ороогүй байна.
УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтоох журам”-ыг зааж өгсөн бөгөөд 10.2-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслийг оруулна. Хэрэв нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно” гэж заасныг үндэслэн Замын хөдөлгөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Тиймээс дээрх хуулийн процесс өрнөөгүй, энэ талаар мэдээлэл гараагүй байхад замын хөдөлгөөнд оролцох үед гаргасан зөрчилд оногдуулах шийтгэлийг дур мэдэн өөрчлөх боломжгүй юм.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод#Think1st