“Монгол Улсын хилийн зурвасыг хөдөлгөнө гэнэ” гэх мэдээлэл #ХУДАЛ

Шууд бичлэгт ярьж байгаа хуулиудад хилийн шугамыг татах тухай ямар ч заалт байхгүй

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 12 дугаар сарын 23-ны 01:04 цагт МөнхийнЗУЛ нэртэй хаягаар Ноцтой. Монгол Улсын Хилийн зурвасыг хөдөлгөнө гэнэ” гэсэн тайлбартай шууд бичлэг хийсэн нь 12 дугаар сарын 26-ны байдлаар 10 гаруй мянган реакц, 3.5 мянга гаруй сэтгэгдэл авч, 38 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Орон нутгийн удирдлагууд хилийн зурваст буюу хилийн шугамаас дотогш 15 км дотор иргэн, аж ахуйн нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулах, суурьшлын бүсүүдийг бий болгосон зөрчил байгааг 2018 оноос эхлэн шалган тогтоосны үндсэн дээр “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор таслан зогсоох нөхцөл бүрдсэн байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #369

2022.12.26 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 23-ны 01:04 цагт МөнхийнЗУЛ нэртэй хаягаар Ноцтой. Монгол Улсын Хилийн зурвасыг хөдөлгөнө гэнэ” гэсэн тайлбартай шууд бичлэг хийсэн нь 12 дугаар сарын 26-ны байдлаар 10 гаруй мянган реакц, 3.5 мянга гаруй сэтгэгдэл авч, 38 мянга гаруй удаа цааш түгээсэн байна. 

Уг бичлэгийн 03:38 дахь минутаас эхлэн утасны бичлэг үзүүлэх ба УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг танилцуулж байгааг харуулж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын 7 дугаарт “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төсөл” гэж хэлснийг онцлон үзүүлж байна. 

Үүнийг шууд бичлэг хийж байгаа хүмүүс “Өөрсдийн амаар хилийн зурвасыг хөдөлгөнө гэдгээ хэлж, тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг хийх гэж байна” гэх мэтээр тайлбарлаж байна. 

Мөн 13:05 минутаас “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлах тухай асуудал яригдаж байна… Тухайн шинэчилсэн найруулга дээр УИХ дангаараа бие дааж шийдвэр гаргана, соёрхон батална. Тухайн хилийн шугам, зурвас, тэмдгийг татах татахгүй асуудал дээр тухайн хил залгаа улсын мэргэжлийн байгууллага болон орон нутгийн төлөөлөгчтэй хамтран хилийн шугамыг тогтооно гэж байна” гэж ярьж байна. Цаашлаад “Хятад улсын иргэн хоёрдогч буюу хил залгаа улсын нутаг дэвсгэрт ашиглалтын лиценз, өмч хөрөнгө, барилга байшин худалдан авсан тохиолдолд тэр өмчийг нь Хятад улс манай иргэний өмч бол төрийн өмч гэж үздэг юм байна. Тэгэхээр үнэт цаас гаргаад хилийн зурваст байгаа ашигт малтмалын лицензийг зарах юм бол хятад иргэний тэр лиценз улсын өмч гэж тодорхойлогдох нь. Тэгэхээр манай сум, багийн иргэд тухайн лицензтэй талбай руу малаа бэлчээвэл өмч хөрөнгөд халдсан гэдэг үндэслэлээр цэргээ оруулах хууль зүйн санкц нь байдаг юм байна. Би Хятад улсын Үндсэн хуулийг санахгүй ч гэсэн 13-ийн 29-133 гэсэн заалт байдаг юм байна” гэж ярьжээ. 

16:30 минутаас өөрийгөө Зундуй гэж танилцуулсан хүн Монгол Улсын хилийн зурваст бүсийг хөдөлгөх хууль цаанаасаа захиалгатай орж ирж байна. Хятадын засгийн газар, бизнесмэнүүдийн захиалгаар хуулийн төсөл оруулж ирээд хилийн зурвасыг нааш нь татаад, газрын доорх баялгийг авах санаархал хэрэгжүүлж байна. Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад хилийн цэрэг хамгаалдаг юмыг дотоодын цэргээр хамгаалуулж, цаанаасаа хятадын хилийн тусгай албадаар хамгаалуулаад, ингээд Монгол Улсын хилийн зурвасыг татаж байгаа нэрийдлээр газрын доорх баялгийг авах гэж байна” гэжээ. 

Шууд бичлэг хийсэн хүмүүс УИХ-ыг тарааж, ард түмний их хуралдайг зохион байгуулахын тулд талбай дээр гарч, тэмцэцгээе гэж уриалж байна. Үүний шалтгааныг “нүүрсний хулгай биш, хилийн зурвасыг нааш нь татаж, газрын доорх баялгаа БНХАУ-д алдах гэж байгаа” гэдгээр тайлбарлаж байна. 

FACT CHECK: Бид өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ. 

“Хилийн шугамыг татах” бус хилийн зурвас газрыг хамгаалсан тогтоол гарсан

Шалгаж буй мэдээлэлд “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” гэж тогтоолын нэрийг зөв хэлсэн мөртлөө “Хилийн зурвасыг нааш нь татна” гэж гуйвуулан ярьж байгааг анзаарна уу. 

УИХ-ын 2022 оны 12 дугаар сарын 22-23-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/” гэж байна. 

Тус тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн учраас хууль тогтоомжийн төслийг санал авахаар байршуулдаг цахим парламентын платформд оруулаагүй байна. 

12 дугаар сарын 26-нд УИХ-ын дарга Г.Занданшатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Лхагвасүрэн нар болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн. 

Уг мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Хил хамгаалах ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамтарсан ажлын хэсэг 2018 оноос Монгол Улсын хилийн зурвас газар байрлах суурьшлын бүс, айл өрх, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудын талаар нарийвчилсан судалгааг гаргасан. Тухайлбал, орон нутгийн удирдлагууд хилийн зурвас газарт иргэн, аж ахуйн нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулах, улмаар суурьшлын бүсүүдийг бий болгож, хилийн шугам тийш хүрээгээ тэлж байгааг таслан зогсоох шаардлагатай байгааг тогтоосон. “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, хуулиар тогтоосон хилийн заагийн цэгийн солбицол, талбайн хэмжээнд ямар ч өөрчлөлт орохгүй бөгөөд хил орчмын дэглэмийг сахиулахад чухал ач холбогдолтой” гэсэн юм. 

Үүнээс үзэхэд орон нутгийн удирдлагууд хилийн зурваст буюу хилийн шугамаас дотогш 15 км дотор иргэн, аж ахуйн нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулах, суурьшлын бүсүүдийг бий болгосон зөрчил байгааг 2018 оноос эхлэн шалган тогтоосны үндсэн дээр “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор таслан зогсоох нөхцөл бүрдсэн байна. 

Хилийн шугам өөрчлөхийг Монгол Улсын Их Хурал дангаараа шийдэх боломжгүй

Шалгаж буй мэдээлэлд “УИХ дангаараа бие дааж шийдвэр гаргаж, хил залгаа улсын мэргэжлийн байгууллага болон орон нутгийн төлөөлөгчтэй хамтран хилийн шугамыг тогтооно гэж байна” гэсэн тайлбар хэлсэн. Мөн “Засгийн газрын хуралдаанаар УИХ-д бүрэн эрх олгохоор Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна” гэх мэт ярьсан нь хууль зүйн мэдлэггүй, ташаа ойлголттой, эсвэл олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор худал мэдээлэл өгч байгаагийн илрэл байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ, гүйцэтгэх дээд байгууллага нь Засгийн газар. Өөрөөр хэлбэл, УИХ-аас гаргасан хууль, тогтоол, шийдвэрийг Засгийн газар гүйцэтгэдэг. 

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлд зааж өгсөн. 

“1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.

2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана.

3.Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Лхагвасүрэн,

“Манай улс 1958 онд ОХУ-тай, 1962 онд БНХАУ-тай хилийн гэрээг тус тус байгуулж, 1975 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлсэн. Хилийн заагийн солбицлыг НҮБ-д бүртгүүлснээр Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Энэ бүртгэлийг өөрчлөх боломжгүй” гэсэн. 

1975 оны 10 дугаар сарын 9-нд НҮБ-ын гэрээний санд барйшуулсан, 1962 онд 12 дугаар сарын 26-нд Бээжинд байгуулсан Хилийн гэрээгээр хоёр улс хилийн шугамыг тохиролцон гарын үсэг зуран баталгаажуулсан. 

1988 болон 2010 онд гэрээг шинэчлэн батламжилсан. 2010 оны Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай гэрээгээр талууд өмнө байгуулагдсан хилийн цэгийн протоколуудыг даган мөрдөж, “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх”, “найрсгаар хамтран ажиллах үзэл санааны дагуу улсын хилийг хамтран хамгаалахаар” тохиролцсон байна.

Үүнээс хойш хилийн гэрээтэй холбоотой эрх зүйн акт гаргаагүй ба яригдаж байгаа төсөл одоогоор байхгүй байна. 

Хятадын Үндсэн хуульд иргэнийхээ гадаадад эзэмшдэг өмчийг хамгаалахаар цэрэг оруулах тухай заалт байхгүй

Шалгаж буй мэдээлэлд “Хятадын Үндсэн хуулийн 13.29-13.133-т иргэнийхээ өмчийг төрийн өмч гэж үздэг ба, энэ дагуу Монгол улсын баялгийг IPO нэрээр худалдан авч өмчлөөд, халдсан тохиолдолд цэргээ оруулах хуулийн санкцтай” гэх агуулгыг ярьсан. 

БНХАУ-ын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “Иргэний хууль ёсны хувийн өмч халдашгүй байна” гэж заасан байна. Цаашлаад, “Хуулийн дагуу хувийн өмчтэй болох өвлөж авах иргэний эрхийг төрөөс хамгаална. Нийтийн эрх ашгийн хүрээнд зайлшгүй шаардлагаар хуульд заасны дагуу иргэний хувийн өмчийг нөхөн төлбөр олгох замаар дайчлан эсхүл хураан авч болно” гэсэн агуулгыг зохицуулжээ. 

Харин шалгаж буй бичлэгт ярьсанчлан 13.29, 13.133 гэсэн заалт байхгүй. Мөн бусад улсын нутаг дэвсгэрт цэргээ оруулах талаар заагаагүй байна. 

“Дотоодын цэргээр хилийг хамгаалуулж, цаанаас нь Хятадын тусгай албадаар хамгаалуулж, Монголын баялгийг авах гэж байна” гэх мэдээлэл худал

Шалгаж буй мэдээлэлд Зундуй гэх хүний ярианд Дотоодын цэргийн тухай хуулиар хилийг дотоодын цэргээр мануулах тухай дурдсан. 

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 22-ны үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн

Уг хуулиар “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн гэж тодорхойлон, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар зохицуулсан”. 

Харин уг хуулийн өөрчлөлтүүдэд хил хамгаалах тухай ямар ч заалт ороогүй. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document