Зарахаар зарласан газрууд гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 12 дугаар сарын 24-нд “Б.Ганбаяр Б.Ганбаяр” нэртэй хэрэглэгч зарим хэсгийг нь тодруулсан, Монгол улсын газрын зургийг “Зарахаар зарласан газрууд” гэх тайлбартай постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар 373 реакц, 112 сэтгэгдэл авч, 1.5 мянган удаа цааш хуваалцсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Газрын тосны хайгуулын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан талбайн зургийг худал тайлбарласан байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #368

2022.12.27 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 24-нд “Б.Ганбаяр Б.Ганбаяр” нэртэй хэрэглэгч зарим хэсгийг нь тодруулсан, Монгол улсын газрын зургийг “Зарахаар зарласан газрууд” гэх тайлбартай постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны байдлаар 373 реакц, 112 сэтгэгдэл авч, 1.5 мянган удаа цааш хуваалцсан байна.

FACT CHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Зургийн тайлбар нь худал байна

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад olloo.mn вэбсайт дээр 2022 оны 12 дугаар сарын 15-нд байршуулсан “Газрын тосны хайгуулын таван талбайд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа” гэх гарчигтай мэдээний илэрц гарч ирлээ. Тухайн мэдээний гарчигийг ашиглан хайлт хийхэд Ашигт малтмал, газрын тосны газрын албан ёсны вэбсайтад 2022 оны 10 дугаар сарын 18-нд байршуулсан ижил гарчигтай зарлалд дурдсан агуулга, ашигласан зурагтай таарч байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын зарлал

Ашигт малтмал, газрын тосны газрын вэбсайтад байршуулсан мэдээ нь:
“Ашигт малтмал, газрын тосны газар нь Газрын тосны тухай хууль болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/294 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Газрын тосны хайгуулын Номгон IX, Төхөм X хойд, Цагаан Элс XIII, Зүүнбаян XIV, Дарьганга XXIV талбайнуудад 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана. Иймд сонирхсон аж ахуйн нэгж, хуулийн этгээд та бүхнийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн сонгон шалгаруулалтын багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материал ирүүлнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 7777-1900 утсаар Газрын тосны хайгуулын хэлтэстэй холбогдох, munguntugs.l@mrpam.gov.mn цахим шуудангаар захидал илгээн тодруулах боломжтой.

Газрын тосны хайгуулын Номгон-IX талбай
Талбайн хэмжээ – 29 878.03 км2

Газрын тосны хайгуулын Төхөм X хойд талбай
Талбайн хэмжээ – 20 847.6 км2

Газрын тосны хайгуулын Цагаан-Элс XIII хойд талбай
Талбайн хэмжээ – 11 590 км2

Газрын тосны хайгуулын Зүүнбаян XIV талбай
Талбайн хэмжээ – 8 731 км2

Газрын тосны хайгуулын Дарьганга XXIV талбай
Талбайн хэмжээ – 16 954.6 км2” гэсэн байна.

Газрын тосны хайгуул, хайгуулын талбай, холбогдох үйл ажиллагааны тухай

Ашигт малтмал, газрын тосны газрын зарлалд дурдсан нэр томьёог Газрын тосны тухай хуульд хэрхэн тайлбарласныг дор хүргэе.

Газрын тосны хуульд:
4.1.8.”хайгуул” гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг
4.1.10.”хайгуулын талбай” гэж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хайгуул хийхээр зарласан талбайг

16.1.Хуулийн этгээд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана.
16.5.Төрийн захиргааны байгууллага эрэл хийх шийдвэр гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана:
16.5.1.хүсэлт гаргагч нь техник, технологи, мэргэжлийн болон санхүүгийн чадавхтай эсэх;
16.5.2.эрлийн ажлын арга, аргачлал нь олон улсын жишигт нийцсэн эсэх;
16.5.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө.
16.6.Энэ хуулийн 16.3, 16.4-т заасан шийдвэрийг үндэслэн газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх гэрээг гурав хүртэл жилийн хугацаагаар байгуулна” гэсэн байна. 

Нэмэлт мэдээлэл:

Шалгасан мэдээлэлд ашигласан зургийн доорх бичвэрт дурдсан нэр томьёоны орчуулга:

Refinery буюу газрын тосны үйлдвэр. Газрын зурагт цэнхэр цооногийн дүрсээр илэрхийлсэн байршил.
Open tender announcement буюу газрын тосны хайгуулын нээлттэй сонгон шалгаруултад зарласан талбай. Газрын зурагт улаанаар хүрээлж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн талбай.
Production area буюу үйлдвэрлэлийн талбай. Газрын зурагт улаан өнгөөр тэмдэглэсэн талбай.
PSC Block буюу бүтээгдэхүүн хуваах гэрээнд хамрах талбай. Газрын зурагт шаргал өнгөөр тэмдэглэсэн талбай. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document