Хүчтэй ханиалгаснаар зүрхний шигдээсийг зогсооно гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Зүрхний шигдээсийн үед хүчтэй ханиалгаж өөрийгөө аварна” гэх мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 21-нд Narhan.me домайн дахь сайтад байршуулж, Facebook сүлжээнд 51 удаа дахин идэвхжүүлж, нийт 14,379 удаа хариу үйлдэл авсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Олон улсын баримт шалгах байгууллагууд шалгаж хуурамч болохыг тогтоосон.
Ханиалгах нь зүрхний титэм судсанд үүссэн бөглөрлийг чөлөөлөхгүй. Эмнэлэгт яаралтай очиж хагалгаа хийх замаар л нээх боломжтой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #359

2022.12.19 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 05-нд “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Хэрэв та ганцаараа байх үедээ зүрхний шигдээс болох юм бол хэрхэн өөрийгөө аврах вэ?” гэсэн гарчигтай Narhan.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний байдлаар 286 реакц, 3 сэтгэгдэл авч, 1 мянга гаруй удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд 2021 оны 10 дугаар сарын 21-нд анх оруулсан ба Facebook сүлжээнд 51 удаа дахин идэвхжүүлж, нийт 14,379 удаа хариу үйлдэл авсан байна. 

Narhan.me домайн дээр байршсан мэдээ нь: “Олон хүн энэ аюултай нөхцөл байдалд юу хийхээ мэддэггүй тул, өөртөө тусалж чаддаггүй. Зүгээр л ханиалгаж эхэл! Олон удаа, маш хүчтэйгээр ханиалга! Ханиалгахын өмнө гүнзгий амьсгаа ав. Таны ханиалга урт үргэлжлэхээс гадна, хүчтэй байх учиртай. Хэрэв цэр таны цээжинд хуримтлагдсан байвал, хоолойгооо шахаж, хүчтэй ханиалгаж гаргадаг шиг гэж ойлгож болно. 2 секунд тутамд амьсгаагаа авч, хүчтэй ханиалгана. Ингэхдээ хором ч зогсож болохгүй. Эмч иртэл эсвэл зүрх чинь эргээд хэвийн ажиллаж эхэлтэл, энэ хэмнэлийг алдагдуулалгүй үргэлжлүүлсээр байх хэрэгтэй. Гүнзгий амьсгалснаар хүчилтөрөгчийг уушгинд нэвтрүүлэх бол, хүчтэй ханиалгаснаар зүрхийг тэжээж буй цусны эргэлтийг идэвхжүүлнэ. Энэ үйлдэл зүрхийг эргээд хэвийн хэмнэлд нь оруулах юм.” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Олон улсын баримт шалгагчид уг мэдээллийг худал болохыг тогтоосон байна

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Африкын бүс нутгийн Africa Check баримт шалгах төв 2019 оны 05 дугаар сарын 22-нд дараах тайланг вебсайтдаа байршуулсан байна.

“Зүрхний шигдээс гэж юу вэ?

Америкийн зүрх судлалын холбооны тайлбарласнаар “Зүрхний шигдээс гэдэг нь зүрхний булчингуудад хүчил төрөгч зөөвөрлөх цусны урсгал тасалдах, зогсох үйл явц” юм. Цаашлаад зүрхний титэм судасны дотор хана холестерин эсвэл өөхлөлтийн шалтгаанаар цусны урсгалын зам нарийссанаас үүсдэг. Зүрхний булчинд хүчилтөрөгч тасалдаж, тэжээлээ алдсанаар зүрх гэмтэж, үхжихийг зүрхний шигдээс гэнэ. 

Мэдээлэлд зүрхний шигдээс болон зүрх гэнэт зогсох үйл явцыг ялгаагүй мэт илэрхийлсэн байна. Зүрхний шигдээс нь цусны эргэлтийн шалтгаантай байдаг бол зүрхний хэм доголдсоноос зүрх гэнэт зогсох үйл явц нь зүрхний хэмнэлийг зохицуулах цахилгаан долгион тасалдсантай холбоотой. Ухаан балартаагүй хүн зүрхний хэм тасалдах үед хүчтэй ханиалгаснаар тархинд очих цусны эргэлтийг хадгалж хэдхэн секунд сэрүүн байж чадах ч энгийн практикт үр дүнгүй бөгөөд хүмүүс дур мэдэн хийж болохгүй.

Их Британийн Анхны тусламжийн зөвлөлөөс “Хүчтэй ханиалгах нь  харин ч эсрэгээрээ сөрөг үр дагавартай байж болзошгүй. Зүрх гэнэт зогсох үед CPR буюу амилуулах суурь тусламж л нөлөөтэй. Зүрхний шигдээсийн ихэнх тохиолдолд зүрх зогсдоггүй, энэ үед хүчтэй ханиалгаснаар өөрсдөдөө илүү хохирол учруулах эрсдэлтэй. Зүрхний хэм алдагдсан, зүрхний шигдээс болох гэж байна гэж сэжиглэвэл яаралтай түргэн тусламж дуудаж, түргэний эмчийн заавар зөвлөгөөг мөрдөх нь зүйтэй” гэдгийг сануулжээ.

АНУ-ын Жаксон Лабораторийн эмч Критофф Прүсстэй холбогдож лавлахад “Зүрхний шигдээсийг ханиалгаж зогсооно гэдэг худал. Хамгийн зөв арга бол яаралтай эмчид хандаж, тусламж авах нь чухал” гэж хариулсан.

  • Зүрхний шигдээс нь дараах байдлаар илэрнэ:
    -Цээж бачуурч хүнд оргих, дарагдаж буй мэт мэдрэмж төрөх, өвдөх
  • -Хоёр гар, нуруу, хүзүү, шанаа, гэдэс хавиар тухгүй мэдрэмж төрөх
  • -Амьсгал давчдаж, амьсгалахад цээжинд тээгтэй мэт хүнд оргих” гэсэн байна.

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Австралийн AAP Factcheck баримт шалгах төв 2022 оны 03 дугаар сарын 25-нд дараах тайланг вебсайтдаа байршуулсан байна.

“Ханиалгаснаар зүрхний шигдээсийг зогсооно гэх мэдээллийг анх 1999 онд л баримт шалгагчид худал болохыг тогтоосон. Анагаах ухааны томоохон байгууллагууд ч өдийг хүртэл мэдээлж ирсэн ч энэ төрлийн мэдээлэл цахим сүлжээнд тархсаар байна. Сиднейн их сургуулийн зүрх судлаач, профессор Гэмма Фигтри “Ханиалгах нь зүрхний титэм судсанд үүссэн бөглөрлийг чөлөөлөхгүй. Эмнэлэгт яаралтай очиж хагалгаа хийх замаар л нээх боломжтой” болохыг сануулав.

Австралийн Үндэсний их сургуулийн зүрх судлаач, доктор Арнагрэтта Хантэр “Зүрхний шигдээс болсон үед хүн тайван байх нь чухал. Мэдээж тайван суух хэцүүг ойлгож байгаа ч хүчтэй ханиалгаж өөрийгөө ядраах нь тус болохгүй. Зүрхний хэм тасалдах ховор төрлийн явцад л өвчтөнийг ухаан саруул үед эмч хүчтэй ханиалгуулж хэмнэлийг хэвийн байдалд оруулах боломжтой. Гэвч, зөвхөн эмчийн хяналтад л уг аргыг хэрэглэдэг. Зүрхний хэм тасалдах, зүрхний шигдээс хоёр бол тусдаа ойлголт” хэмээн хариуллаа” гэсэн байна.

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Их Британийн Full Fact баримт шалгах төв 2022 оны 07 дугаар сарын 29-нд дараах тайланг вебсайтдаа байршуулсан байна.

“2021 оны 2 дугаар сард Варвикийн Их Сургуулийн эрдэмтэд зүрхний шигдээсний үед CPR буюу амилуулах суурь тусламжийг орлуулах бусад аргуудыг туршиж үзсэнээр “Ханиалгах нь ямар ч үр нөлөө, ач холбогдолгүй” болохыг тогтоосон.  Мөн Варвикийн их сургуулийн багш Кристофер Смит ч “Цээж хөндүүрлэн өвдсөн үед яаралтай эмчид л ханд. Хамгийн найдвартай арга бол бусдаас тусламж хүсэх” болохыг туршилтын тайланд дурдсан байна. Хүчтэй ханиалгаснаар түр хугацаанд зүрхний хэм алдалтыг л сааруулах зорилгоор мэргэжлийн эмчийн зөвлөмжийн дагуу эмнэлэгт үйлддэг практик аж. Бусад тохиолдолд ямар нэг үр нөлөө байхгүй” гэсэн байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document