Иргэдийн зээлийг төрөөс тэглэх санал гаргалаа гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #347

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Иргэдийн зээлийг төрөөс тэглэх санал гарлаа дэмжиж байвал түгээ” гэсэн тайлбартай гэсэн мэдээлэл оруулсан.

Баримт шалгалтын үр дүн

Хуучирсан мэдээллийг дахин түгээж, хандалт авч байна.

2022.12.08 | Улаанбаатар хот, Монгол

📌2022 оны 12 дугаар сарын 1-нд “Мэдээлэл” нэртэй пэйжид “Иргэдийн зээлийг төрөөс тэглэх санал гарлаа дэмжиж байвал түгээ” гэсэн тайлбартай, MONNEWS.LIFE домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан мэдээлэл оруулсан нь 12 дугаар сарын 8-ны байдлаар 8.4 мянган реакц, 1.3 мянган сэтгэгдэл авч, 1.7 мянган удаа цааш түгээсэн байна.

📌Сайт дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад 2022 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн 53 удаа Facebook платформд оруулж, нийт 24,311 хариу үйлдэл авсан байна.

📌Сайтын холбоос дахь мэдээлэл нь “Зээлэнд дарлуулсан залуус байна уу? 2022.02.17-нд 12 цагт ордны баруун талд Иргэдийн зээлийг төрөөс тэглэх хэрэгтэй шаардлага өгнө. Share Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй учраас Ард түмний зээлийг тэглүүлэх шаардлага хүргүүлнэ. Ард түмний Банкны зээлийг тэглэж, Монгол улсад тэгш эрх бий болгохыг шаардана. Төрийн түшээд нь 30 жил казино тоглож, банк дампууруулсан ч шоронд ордоггүй юм байна. Ард түмэн тэдэнд хариуцлага тооцох ёстой хэмээн итгэсээр ирсэн гэтэл Монгол Улсад шударга шүүх, АТГ, прокурор, цагдаа ч алга. Тэд зээл авч төлөхгүй байж болдог юм бол Ард түмэн ч мөн адил байх ёстой. Монгол улсын залуучууд мөрөөдлийнхөө төлөө бус амьдрахын тулд бүх насаараа зээл төлж амьдрах боллоо. Ийм нийгэмд ирээдүй хойч үе маань үлдэнэ гэж үү. Үгүй шүү. Дэмжиж байгаа иргэд надтай нэгдэхийг уриалж байна. Улс орон даяараа давалгаа үүсгэж Ард түмэн 76-с хүчтэй гэдгээ харуулах цаг нь боллоо. Түгээ Share Г.Хажидмаа” гэсэн байна.

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Арван сарын өмнөх мэдээллийг сэргээн байршуулжээ

📌Уг мэдээлэл нь 17 мянган дагагчтай “Гантөмөрийн Хажидмаа” нэртэй пэйжид 2022 оны 02 дугаар сарын 17-нд оруулсан пост байна. Тухайн үед иргэн Г.Хажидмаа Засгийн газарт иргэдийн зээлийг тэглэх шаардлага тавьж байсан. 👉👉Гэвч уг шаардлагыг хүлээн авсан эсэх, мөн хариуг эрх бүхий байгууллагаас өгсөн зэргийн талаарх мэдээлэл алга байна.

📌Гантөмөрийн Хажидмаа пэйжид иргэдийн зээл тэглэхээс гадна тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх, цалинтай ээж, одонгийн мөнгийг нэмэх, хүүхдийн мөнгийг хэвээр үлдээх, нүүрсний хулгайтай тэмцэх гэх мэтээр шаардлага тавьж ирсэн байна. Энэ өдрүүдэд тэрээр “Баялгийн хувийг ард түмэнд өг” гэдэг шаардлага тавьж, жагсаалд дуу хоолойгоо нэмж байна.

📌Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг иргэдийн зээлийг тэглэх санал өнөөдрийг хүртэл жагсагчдын шаардлага дунд орж ирээгүй, нэгтгэж тавиагүй байна.

2. 2022 онд иргэдийн нийт зээл ₮19.3 их наяд бол улсын төсвийн орлого ₮16.4 их наяд байна

📌2022 оны 10 дугаар сарын 14-нд Үндэсний статистикийн газраас гаргасан тайланд Монгол Улсын хэмжээнд иргэдийн нийт хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 9 дүгээр сарын эцэст 19.3 их наяд болсон гэдгийг дурджээ. Энэхүү хэвийн ангилалд байгаа зээл нь нийт зээлийн 83.8 хувийг эзэлж байгаа гэжээ.

📌Монголбанкны статистик мэдээнд 2022 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар нийт зээл 22.5 их наяд төгрөг гэжээ.

📌Харин шалгагдаж буй мэдээлэлтэй дүйцэх хугацаа буюу Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг ₮16.4 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг ₮18.1 их наяд байхаар баталж байв.

👉Үүнээс үзэхэд иргэдийн зээлийг тэглэхэд улсын нэг жилийн бүх орлого ч хүрэлцээргүй байна. Өөрөөр хэлбэл тухайн жилд нэг ч хүнд цалин, тэтгэвэр, халамж олгохгүй, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, худалдан авалт гэх мэт бүх зардлаа хааж, иргэдийн зээлийг тэглэхэд зарцуулъя гэхэд 3 их наяд орчим төгрөг дутахаар байна.

📌Нэмэлт мэдээлэл:

Тэтгэврийн зээлийг баяжмал барьцаалан гаргасан бондоор барагдуулсан

📌2020 оны 01 сарын 10 өдөр батлагдсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн дагуу зээлийг чөлөөлсөн. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар уг хуульд заасан. “Эрдэнэс бонд”-ын 66.3 хувийг Хаан банк, 223 хувийг Төрийн банк, үлдсэн хувийг бусад долоон банк худалдан авсан байна.

📌Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн 2021 оны аудитын тайланд “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрдэнэс Монгол ХХК-аас гаргасан Эрдэнэс-2, Эрдэнэс-3 бондын 215,494.7 сая төгрөгийн өглөгийг барагдуулсан, төлбөрийн 69.7 хувийг хүдэр, баяжмал борлуулахаар урьдчилж орсон орлогоос, 16 хувийг хуримтлагдсан ашгаас, 14.3 хувийг 2021 оны борлуулалтын орлогоос тус тус барагдуулсан байна” гэж мэдээлж байжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document