1. Амигдалины цэвэршүүлсэн хувилбар буюу лаэтрилийг “Витамин B17” гэж нэрлэсэн ч шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөөгүй
Алимны үрэнд амигдалин агуулагддаг бөгөөд тус нийлмэл цианид болон чихрээс бүрддэг. Гэхдээ амигдалин нь ямар нэг витамин шиг хүний биед нөлөө үзүүлдэггүй бөгөөд энэ бодис нь хавдрын эсрэг үйлчилгээтэй гэх нь худал мэдээлэл юм. 1950-аад онд Америк эмч Эрнст Кребс (Ernst T. Krebs) шинжлэх ухаанаар батлагдаагүй хавдрын альтернатив эмчилгээг зөвлөж байсан бөгөөд тэрээр амигдалины цэвэршүүлсэн хувилбарыг “витамин B17” гэж нэрлэн “Лаэтрил” (Laetrile) нэрээр патентыг нь авсан байна. Энэ эм нь 1970-аад онд хавдрын эсрэг альтернатив эмчилгээ болж олонд түгсэн байна. Тус эмийг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг 1977 онд муж хооронд тээвэрлэхийг хориглосон бөгөөд хавдрын эсрэг эмчилгээ хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэхдээ лаэтрилыг Мексик зэрэг улсууд чангаанзны үрээс гарган авч худалдаалдаг байна.
2. Лаэтрил нь хавдрын өвчтөнд эергээр нөлөөлдөг талаар клиник баримт байхгүй
Амигдалин буюу лаэтрилын хавдрын эсрэг үйлчилгээний талаар олон судалгаа хийсэн боловч хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь батлагдаагүй байна. 1978 онд АНУ-ын хавдрын судалгааны институт (National Cancer Institute) лаэтрилыг хавдрын эсрэг үйлчилгээ гэж дүгнэж болохоор баримтууд цуглараагүй гэж тайландаа мэдэгдсэн. Мөн 1980-аад онд Чарлес Моэртэл (Charles G. Moertel) нарын судлаачид лаэтрилыг 170 хавдрын өвчтөнд хэрэглүүлсэн боловч ямарч бодит эмчилгээний үр дүн гараагүй байна. 2015 оны байдлаар лаэтрилын үйлчилгээний талаарх өмнөх судалгаануудыг тоймлосон Стефаниа Милаззо (Stefania Milazzo) нарын “Cochrane Database of Systemic Reviews” сэтгүүлд хэвлүүлсэн “Лаэтрилыг хавдарт ашиглах нь” (Laetrile for cancer) өгүүлэлд дүгнэснээр “амигдалин буюу лаэтрил нь хавдрын өвчтөнд эергээр нөлөөлдөг талаар клиник баримт байхгүй.” гэжээ.