1. МакДоналдс корпорацийн Хэвлэлийн харилцааны хэлтсээс “Монголд салбар нээх төлөвлөгөөгүй” гэв
Бид 11 дүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын Чикаго хотод байрлалтай МакДоналдс корпорацийн Хэвлэлийн харилцааны хэлтсийн имэйл хаяг руу Монголд МакДоналдсын салбар нээхээр төлөвлөгдсөн эсэхийг тодруулж асуулт илгээсэн. 11 дүгээр сарын 23-нд “Одоогоор Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөө байхгүй” гэсэн хариу өгсөн.
2. Төв шуудангийн урд байрлалтай Эко тауэрийн дэлгэцээр сурталчилгааны жишээ болгож МакДоналдсын рекламыг гаргажээ
Харин Эко тауэрын сурталчилгааны дэлгэцээр гарч байсан МакДоналдсын сурталчилгааны талаар тус дэлгэцийн хариуцсан компаниас тодрууллаа. 11 дүгээр сарын 18-нд тус дэлгэцийг хариуцдаг “Creative Forces” ХХК-тай холбогдоход, “Ийм сурталчилгаа гаргаж болно гэж туршилтаар жишээ болгон үзүүлсэн загвар. Ямар нэг байгууллагаас гэрээ хийж сурталчилгаа байршуулаагүй” гэж мэдэгдсэн.
3. “Wholesome Foods Mongolia” гэх нэрийг өмнө нь хуурамч мэдээлэл түгээхэд ашиглаж байжээ
Шалгаж буй мэдээлэлд дурдагдсан “Wholesome Foods Mongolia” компани гэх нэр нь өмнө 2013 онд Монголд МакДоналдс нээгдэх гэж байна гэсэн худал мэдээлэлд ашиглаж байсан нэр юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээс тус компанийн нэрийг хайж үзэхэд ямар нэг илэрц гарч ирээгүй.
4. Хуурамч хаяг, зураг ашиглажээ
Мөн Твиттерт @McDonaldsMGL хаяг нь Монгол дахь МакДоналдсын сүлжээг нээнэ гэж мэдэгдсэн бөгөөд тус хаягаа Монгол дахь МакДоналдсын албан ёсны хаяг мэтээр ойлгуулах мэдэгдлүүд жиргэсэн. Гэхдээ тухайн хаягийг албан ёсны гэж илтгэх цэнхэр тэмдэглэл байхгүй ба жиргээний түүхийг нь харахад 11 дүгээр сарын 15-нд нэр, хаягаа сольсон, албан ёсны хаяг мэт аяглаж буй хуурамч хэрэглэгч байхаар байна. Харин тус хаягны МакДоналдс нээгдэх тухай жиргээнд ашигласан зураг нь Монголд нээх гэж буй салбарын зураг биш бөгөөд 2014 онд Их Британийн “High Wycombe” хотод нээгдсэн МакДоналдсын франчайз салбар болохыг Google-ийн Google Lens функцээр тогтоосон.