2022 оны 11 дүгээр сарын 8-нд Фитнесс Коүч Сээгий нэртэй пэйжид “Өдөр хоёроос илүү кофе уух нь биед хорт хавдар үүсэхээс сэргийлдэг фолийн хүчил, B1,B9, витамин А үүсэлтийг дарангуйлдаг. Моод хөөж кофе уухаа болцгооё” гэх пост нийтэлсэн нь 11 дүгээр сарын 11-ний байдлаар 1.1 мянган реакц, 694 сэтгэгдэл авч, 683 удаа цааш түгээсэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 8-нд Фитнесс Коүч Сээгий нэртэй пэйжид “Өдөр хоёроос илүү кофе уух нь биед хорт хавдар үүсэхээс сэргийлдэг фолийн хүчил, B1,B9, витамин А үүсэлтийг дарангуйлдаг. Моод хөөж кофе уухаа болцгооё” гэх пост нийтэлсэн нь 11 дүгээр сарын 11-ний байдлаар 1.1 мянган реакц, 694 сэтгэгдэл авч, 683 удаа цааш түгээсэн байна.
1. Дундаж аяга буюу 240 мл хэмжээгээр өдөрт 3-5 аяга уух нь хүний биед аюулгүй
Шалгаж буй баримтад дурдсан “хоёроос дээш кофе” гэх хэмжээ нь уух хэмжээ эсвэл уух давтамжийг хэлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Харин постны сэтгэгдэл хэсэгт хэрэглэгч өөрөө “Өдөрт 2 аягаас дээш кофе уух нь бидний биед хорт хавдар үүсгэхээс сэргийлдэг нь батлагдсан фолийн хүчил, B1,B9, витамин А-нуудын үүсэлтийг дарангуйлдаг” гэж залруулан оруулсан ч ямар хэмжээтэй аяга болохыг мөн тодорхой хэлээгүй байна. АНУ-ын Харвардын их сургуулийн вэбсайтад байршуулсан кофены талаарх мэдээлэлд: “Кофе нь сэргээх үйлчилгээтэй кафейнийг ихээр агуулдаг. Кофены аяганы стандарт хэмжээ буюу 240 миллилитр нэрсэн кофенд 85 миллиграмм кафейн агуулагдах бөгөөд АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн хүнсний зөвлөмжид өдөрт 3-5 аяга (0.75-1.2л) кофе уух нь хэвийн бөгөөд аюулгүй гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1991 онд кофег “Хорт хавдар үүсгэж болзошгүй бүтээгдэхүүний жагсаалт”-д оруулсан ч 2016 онд албан ёсоор хасжээ. Учир нь кофены зохист хэрэглээ нь зарим төрлийн хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг олон улсын судлаачид олж тогтоосон” гэсэн байна. АНУ-ын Хавдар судлалын үндэсний институтийн 2012 оны мэдээлэлд “Бидний туршилтаар кофены хэрэглээ нь хавдрын эрсдлийг нэмэгдүүлэхгүй, эсрэгээрээ өдөрт 3-4 аяга кофе уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүсээс хавдраар нас барах магадлал 10 хувиар бага байсан” гэсэн байна.
2. Хүний бие А болон В витаминыг нийлэгжүүлж чаддаггүй
Харвардын их сургуулийн вэбсайтад байршуулсан витамины тухай мэдээлэлд “Витаминыг хүн хэрэглэж буй хүнс тэжээлээсээ болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр л дамжуулж авах боломжтой. Хүний бие өөрөө нийлэгжүүлж чаддаг цорын ганц витамин бол Д витамин юм. Витамин нь тосонд уусдаг болон усанд уусдаг гэх хоёр төрөл байна. С, В витаминууд нь усанд уусдаг тул хэрэглэсний араас заавал ус уух хэрэгтэй ба биед буй уусаагүй витаминууд шээсээр дамжин биеэс гадагшилдаг” гэсэн байна. Норвегийн Бергэний их сургуулийн эрдэмтдийн 2008 онд хийсэн судалгааны ажлын тайланг Норвегийн Хими судлалын сэтгүүлд нийтлүүлсэн байна. Тус тайланд “Кафэйн нь шээс ялгаруулах үйлчилгээтэй бөгөөд өндөр тунгаар хэрэглэх нь биеийн В витамины концентрацыг бууруулдаг. Учир нь усанд уусдаг витаминууд биед бүрэн шингэж чадалгүй богино хугацаанд шээсээр дамжин биеэс ялгарах магадлалтай” гэсэн байна.
3. “Фолийн хүчил, витамин В1, В9 болон витамин А нь хорт хавдар үүсэхээс сэргийлдэг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
АНУ-ын Алабамагийн их сургуулийн вэбсайтад Фолийн хүчил буюу Витамин В9 ба хавдрын эрсдэлийн хамаарлын талаар мэдээлэл байршуулсан байна. Мэдээлэлд “Фолийн хүчил нь хавдраас урьдчилан сэргийлэх нөлөөтэй ба эхний шатандаа буй хаврын эсрэг үйлчилдэг. Ялангуяа гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх чадвар сайн. Гэвч хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх үед эсрэгээрээ хавдрын эсүүдийг тэжээж, өсөлтийг хурдасгадаг” гэсэн байна. Австралийн Хавдрын үндэсний зөвлөлийн вэбсайтад “Биед А витамин үүсгэгч Бета каротиныг өдөрт 20 миллиграммаас их хэмжээгээр хэрэглэх үед уушгины хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул тамхи татдаг хүмүүс өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийх ёстой” гэсэн байна. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтын вэбсайтын тайлбар хэсэгт “B1 витамин нь олон нийтийн мэддэгээр бэрибэри өвчин үүсэхээс сэргийлдэг. Бэрибэри буюу биед тиамин хэт дутагдах нь В1 витамины хэрэглээ бага тохиолдолд үүсэх боломжтой. Гэвч В1 витаминыг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэснээр хавдрын эсийг тэжээх, өсөлтийг хурдасгах эрсдэлтэй” гэсэн байна.
4. Хүн болгоны кафейнд үзүүлэх хариу үйлдэл өөр тул уух тунг өөртөө тааруулан тодорхойлох нь зүйтэй
АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн хэрэглэгчдэд мэдээлэл өгөх хэсэгт байршуулсан кафэйний хэрэглээтэй холбоотой зөвлөмжид “Өдөрт 400 мг кафэйн хэрэглэх нь ямар нэг гаж нөлөөгүй. 240 мл кофенд 80-100 миллиграмм кафэйн 240 мл хар эсвэл ногоон цайнд 30-50 миллиграмм кафэйн 350 мг хийжүүлсэн ундаанд 30-40 миллиграмм кафэйн тус тус агуулна. Нас биед хүрсэн эрүүл хүн өдөрт 3-5 аягаас хэтрэхгүй кофе хэрэглэхэд аюулгүй ч зарим хүмүүс кафэйнд хэт мэдрэг байх тул тунг өөртөө тохируулан хэрэглэх нь зүйтэй. Кафэйнд мэдрэг эсвэл кафэйний тун хэтэрсэн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ: Нойргүйдэл Зүрхний цохилт түргэсэх Сэтгэл түгших Гэдэс хямрах Дотор муухайрах Толгой өвдөх” гэсэн байна. АНУ-ын Хүнс судлалын сэтгүүлд 2019 онд нийтлүүлсэн судалгааны ажилд 350,000 хүнийг хамруулжээ. Туршилтаар өдөрт хэт их тун буюу 6 болон түүнээс дээш аяга кофе хэрэглэхэд зүрх, судасны өвчнөөр өвчлөх магадлал 22 хувиар ихсэж байсан байна. Харин өдөрт зохист хэмжээнд тааруулан хэрэглэдэг хүмүүс, огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад зүрх, судасны өвчнөөр өвчлөх магадлал бага байсан” гэх дүгнэлт гарчээ.