Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн сайт дээр гарсан гэх мэдээлэл #ХУДАЛ
Орос болон хөрш орнуудын газар тариалангийн экологийн атласт тэмдэглэснээр “Гишүүнэ ургамлын ерөнхий нэршил Rheum rhabarbarum, Монгол оронд ургадаг гишүүнэ ургамлын нэр “Долгионт гишүүнэ” буюу “Rheum undulatum L” гэсэн байна.
АНУ-ын Засгийн газрын Эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний албаны HHS.gov сайтад хайлт хийж үзэхэд шалгаж буй мэдээлэлд дурдсан агуулга бүхий ямар нэг илэрц гарч ирсэнгүй. АНУ Хүнс ба эмийн агентлаг, АНУ Хөдөө аж ахуйн алба зэрэг албан эх сурвалжууд дээр ч шалгаж буй баримтад дурдсан агуулгын илэрц байхгүй байна.
Олон улсын Хүнсний химийн сэтгүүлд Их Британийн эрдэмтдийн 2010 онд нийтлүүлсэн судалгааны ажилд “Гишүүнийг 20 минут жигнэхэд полифенолын агууламж ихсээд зогсохгүй антиоксидант чанар нэмэгддэг” гэх агуулгыг дурдсан байна.
2. Гишүүнэ ургамал хүний биед эерэг үйлчилгээтэй ч хавдрыг эмчилж, урьдчилан сэргийлэхгүй
АНУ-ын Слоан Кэттэрийн хавдар судлалын төвийн гишүүнэтэй холбоотой мэдээлэлд:
“Дорнын уламжлалт анагаах ухаанд гишүүнэ ургамлыг ходоодны шарх, цусны даралт ихсэх, элэгний өвчлөлийн үед ашигладаг. Лабораторийн нөхцөлд хархан дээр хийсэн туршилтаар бага зэрэг өвчин намдаах, үрэвсэл бууруулах нөлөөтэй байсан.
Гишүүнэ ургамлыг хавдрын үед химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнд илрэх гаж нөлөөг бууруулах зорилгоор хэрэглэх туршилтууд хийгдсэн ч, бүрэн нөлөөг тодорхойлоогүй. Суулгалт зогсоох, халуун бууруулах зэрэг үйлчилгээг нотолсон судалгааны ажлууд байхгүй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хэдий ч халдварт өвчний үед сэргийлэх чадваргүй. Амны шарх үүсэх үед эерэг нөлөөтэй” гэсэн байна.
Далианы их сургуулийн эрдэмтдийн 2020 онд Хятадын анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн харьцуулсан судалгааны ажилд гишүүнэ ургамлын хэрэглээ, олон улсад судлагдсан байдал, хүний биед үзүүлэх үр нөлөө зэргийг тоймлон дүгнэжээ. Тус тайланд:
“Гишүүнэ ургамлыг Ази, дорно дахины анагаах ухаанд эмийн зориулалтаар, барууны орнуудад хүнсэнд өргөн ашигладаг. Гишүүнэ хоолны шингэцийг сайжруулдаг ч их хэмжээгээр хэрэглэхэд хүчтэй туулгах нөлөө үзүүлдэг учир хүний биед үзүүлэх нөлөө нь янз бүр. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул үрэвсэл намдаах эмчилгээний үед эдгэх явцыг түргэсгэх эерэг нөлөөтэй. Хавдрын эсийн өсөлтийг бууруулах нөлөөтэйг тогтоосон судалгааны ажлууд нийтлэг ч эмнэл зүйд өргөн ашигладаггүй. Зарим нэг судалгааны ажил дээр гишүүнэ нь элэгний эрүүл эсэд хортой нөлөө үзүүлж байсан тул нарийн судлах шаардлагатай. Элэгний өөрчлөлттэй болон бөөр, шээсний замын үрэвсэлтэй хүмүүст гаж нөлөө үзүүлж болзошгүй” гэсэн байна.
3. Шалгаж буй мэдээлэлд дурдсан бусад агуулгын тухайд
АНУ-ын Хавдар судлалын институтийн вэбсайтад байршуулсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний мэдээлэлд:
“Гишүүнэ нь кальци болон К амин дэмээр баялаг. Хагас аяга жигнэсэн гишүүнэ нь өдрийн К амин дэмийн хэрэгцээний ⅔-ыг хангадаг. К амин дэм нь цус, ясны эрүүл мэндэд сайн. Навчийг нь хэрэглэхээс зайлсхийх ёстой. Навчийг нь хэрэглэснээр бөөлжих, хордлогод орох магадлалтай” гэсэн байна.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн цахим архивд байршуулсан Ираны эрдэмтдийн 2018 оны судалгааны ажилд “Чихрийн шижингийн үед гишүүнэ ургамал гэхээс илүүтэй гишүүнэ ургамлын үндэс ашиглан гаргаж авсан эфирийн тос хэрэглэх нь биеийн байдалд сайнаар нөлөөлдөг” гэсэн байна.
АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивд байршуулсан Хятадын эрдэмтдийн 2012 оны туршилтын үр дүнд “Зүрхний үйл ажиллагааны асуудалтай өвчтөн эмчилгээнийхээ үед гишүүнэ хэрэглэх нь үрэвслийг намдааж, цус алдалтыг багасгадаг” болохыг дурджээ.
Мэдээлэлд дурдсан гишүүнээр харшлыг эмчлэх агуулга бүхий эрдэм шинжилгээний ажлын илэрц байсангүй.
АНУ-ын Слоан Кэттэрийн хавдар судлалын төвийн мэдээллээр дараах тохиолдолд гишүүнэ ургамлыг хэрэглэхээс зайлсхийх ёстой. Үүнд:
-Цус шингэлэх эм, тайвшруулах үйлчилгээтэй эм, татаж унах өвчний эм хэрэглэдэг бол
-Хоолны шингэц сайжруулах эм хэрэглэж байгаа тохиолдолд гишүүнэ хэрэглэвэл туулгах магадлалтай
-Нойрны эм хэрэглэдэг тохиолдолд
-Дотор эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа
-Дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг
-Элэг, бөөр, шээсний замын өөрчлөлттэй тохиолдолд хэрэглэхгүй байх нь зүйтэй