🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Инжир хеликобактери устгах, ходоодны шарх эмчлэх үйлчилгээтэй эсэх нь нотлогдоогүй
Ficus carica буюу инжир жимсийг өвчин, эмгэгийн үед ашиглахад тустай эсэхийг туршсан судалгааны ажлууд олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байх хэдий ч хеликобактери устгах нөлөөтэйг тогтоосон ямар нэг судалгааны ажил байхгүй байна. Анагаах ухааны салбарт нэр хүнд бүхий Cochrane, The Lancet, АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний хүрээлэн зэрэг эх сурвалж дээр холбогдох илэрц байсангүй. Харин ходоодны шархны эсрэг инжир жимс биш инжрийн навчны концентратжуулсан охь ашиглан хийсэн туршилтуудын илэрц байна. Жишээлбэл, 2019 онд Саудын Араб улсын Абдулазиз их сургуулийн эрдэмтдийн хамтран хийсэн судалгааны ажлыг Олон улсын эм зүй болон ургамлын гаралтай эм судлалын сэтгүүлд нийтлүүлжээ. Тайланд “Инжирийн навчны концентратжуулсан охь нь ходоодны орчныг хамгаалж, үрэвслийг намдааж байсан. Дангаар хэрэглэх нь төдийлөн үр дүнтэй байгаагүй бөгөөд ходоодны хүчил багасгах эмтэй хавсарч хэрэглэснээр үр нөлөө нэмэгдсэн” гэсэн байна.
2. Оливын тос ходоодонд эерэг нөлөөтэй
2007 онд Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний химийн сэтгүүлд нийтлүүлсэн Испанийн эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлын үр дүнг тухайн үед CBS, Science direct зэрэг олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан байна. Тус судалгааны ажлын үр дүнд “Оливын тос нь фенолын нэгдлүүд гэх антиоксидантуудыг ихээр агуулсан хүнс бөгөөд ходоодны хүчиллэг орчинд олон цагийн турш тогтвортой байх чадвартай. Фенолын нэгдлүүд бактерийн эсрэг үйлчилгээтэй тул задрахгүй, тогтвортой байх нь чухал. Оливын тосонд буй фенолын нэгдлүүд зарим антибиотикт тэсвэртэй 3 төрлийн савханцрыг оруулаад нийт 8 төрлийн савханцрыг дарангуйлж байсан” болохыг дурджээ. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивд Аргентины эрдэмтдийн 2020 онд боловсруулсан судалгааны тайланг байршуулжээ. Судалгааны ажилд “Оливын тосонд буй фенолын нэгдлүүд нь хеликобактерийн өсөлтийг дарангуйлж, ходоодны шархлааг эдгэх явцыг түргэсгэдэг” гэж дурдсан байна. Оливын тос биед ач тустай ч шууд ууж хэрэглэлгүй бусад хоолондоо орцоор хэрэглэсэн нь үр дүнтэй. Жишээлбэл, 2005 онд Ази, номхон далайн хүнс, шим тэжээл судлалын сэтгүүлд Австралийн эрдэмтдийн нийтлүүлсэн судалгааны ажилд “Оливын тосыг улаан лооль агуулсан хүнсэнд ашиглахад хүний бие улаан лоольд агуулагддаг ликопен ашигт нэгдлийг илүүтэйгээр шингээдэг” болохыг тогтоосон байна. Европын холбооны 2012 оны 05 дугаар сарын 16-ны Зарим хүнсний бүтээгдэхүүний хүнд үзүүлэх эерэг нөлөөг баталгаажуулсан баримт бичигт “Оливын тосны полифэнол нэгдлүүд нь хүнд ач тустай бөгөөд оливын тосыг хэрэглэх хэмжээ өдөрт 20 гр байвал зохино” гэсэн байна.Инжир жимс кальциар баялаг, сүүний харшилтай хүмүүс хэрэглэхэд зохимжтой гэх мэдээлэл үнэнХүрэн манжингийн шүүсийг сэргийлэх зорилгоор хэрэглэж болох ч нэгэнт бий болсон умайн хөндийн асуудлыг бүрэн эмчилж чадахгүй
Шалгаж буй баримтад дурдсан инжир жимсний ач тусыг баттай эсэхийг нягталлаа. Инжир жимс кальциар баялаг, сүүний харшилтай хүмүүс хэрэглэхэд зохимжтой гэх мэдээлэл үнэн байна. АНУ-ын эрдэмтдийн Инжир жимсний тухай судалгааны ажлыг Nature сэтгүүлд 1998 онд хэвлүүлж байжээ. Судалгааны ажилд “Инжир жимс нь 80 грамм тутамдаа 30 мг кальци агуулдаг бөгөөд бусад жимснээс дунджаар 3.2 дахин их кальцийн найрлагатай” гэсэн байна. БНСУ-ын Хүнс, шиж тэжээлийн нийгэмлэгийн 2020 онд хийсэн, 8,732 өндөр настныг хамруулсан судалгааны ажлын үр дүнд “Хүнсний нэмэлт кали болон кальци хэрэглэх нь яс сийрэгжилтээс хамгаалж байсан” гэж дурджээ. Туршилтын үр дүнд зөвлөсөн бүтээгдэхүүнүүд дунд инжир жимс багтсан байна. Инжир жимс нь бөөрний үйл ажиллагаанд сайн гэх тухайд 2019 Олон улсын судлаачдын чуулганаар хэлэлцсэн судалгааны ажлуудад багтсан Индонезийн эрдэмтдийн туршилтын тайланд “Индонез улсад ардын эмчилгээнд инжрийн навчийг бөөрний өвчний эмчилгээнд ашигладаг. Одоогоор үр нөлөөг бүрэн нотолсон шинжлэх ухааны ажлууд цөөн хийгдсэн” болохыг дурджээ. Пакистаны эрдэмтдийн 2017 оны судалгааны тайланг АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивд байршуулжээ. Цусны даралтыг бууруулахад инжир жимсийг ашигласан туршилтын үр дүнд “Инжир жимсний тогтмол хэрэглээ нь цусны даралт өндөр хүмүүсийн зүрхний өвчлөлийн эрсдэлийг бууруулж байсан” болохыг онцолсон байна.