Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд дараах хөнгөлөлтүүдийг үзүүлнэ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамааран татварын хөнгөлөлт үзүүлнэ

Баримт шалгалтын үр дүн

Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн татварын хөнгөлөлтийн бодлого хараахан гараагүй байна

📌2022 оны 07 дугаар сарын 29-нд Үндэсний мэдээ нэртэй пэйжид “Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд дараах хөнгөлөлтүүдийг үзүүлнэ” гэсэн гарчигтай kdramatalks.xyz домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 08 дугаар сарын 1-ний байдлаар 470 реакц, 106 сэтгэгдэл авч, 264 удаа цааш түгээн идэвхжүүлжээ.

📌Уг холбоосыг дарж мэдээллийг үзэхэд, “УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороо өчигдөр /2022.03.30/ хамтран хуралджээ. Энэ үеэр хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх нь нийгмийн дундаж давхрагыг хадгалах, шаардлагатай нөхцөлд өргөжүүлэх арга хэрэгсэл гэж олон улсад үздэг талаар хэлэлцжээ. Энэ заалтыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байна. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан тодорхой тооцоолол, судалгааг хийж байна гэсэн нэмэлт тайлбарыг Засгийн газрын гишүүд байнгын хорооны гишүүдэд өгсөн байна. 2021-2024 онд хэрэгжих Засгийн газрын хөтөлбөрийн 3.1.22-т “Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж тусгагджээ” гэсэн мэдээллийг хоёр удаа давтан оруулсан байна.
☝Уг мэдээллийн гарчигт гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх хөнгөлөлтүүд тодорхой болсон ба тэдгээрийг тоочсон мэт агуулга өгч, хандалт авах зорилгоор төөрөгдүүлсэн байна.

1. “3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан нь ҮНЭН

📌2020 оны 08 дугаар 28-ны өдөр Монголын Улсын Их Хурал “Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 24 дүгээр тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан.
📌Уг хөтөлбөрийн 3.1.22-д “Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заажээ.
👉Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.8-д “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтод нийцсэн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг хэлнэ гэж заасан. Энэхүү Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар баталж, Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй.

2. “Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар болсон нь тус хөтөлбөрийн 3.1.22 дахь зорилтыг хэрэгжүүлэхэд бус, харин хөтөлбөрийн 2.5.7-д заасан “Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна” гэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд авах арга хэмжээ байна.
📌Мөн манай улсад одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүн амын хөгжлийг дэмжих тухай хууль байхгүй байна.

3. Энэ зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнд Хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ)-ыг хөнгөлөх талаар тусгасан

👉2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын 203 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г баталсан.
📌Уг төлөвлөгөөний 27 дугаар нүүрт 3.1.22 дахь заалт болох “Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэх заалтыг хэрхэн хэрэгжүүлэх арга хэмжээг тусгахдаа:
– Хэрэгжүүлэх арга хэмжээ: 2020 оны 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-ийн өдрийг хүртэл хугацаанд хувийн хэвшилд ажилладаг иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлнө
– Хэрэгжих хугацаа: 2020-2021
– Эх үүсвэр: Татварын хөнгөлөлт
– Нийт хөрөнгийн хэмжээ: 2021- 2024 (сая төгрөг)- 200,000.0
– Суурь түвшин: Цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах нэг удаагийн шинж чанартай арга хэмжээ
– Хэрэгжүүлэх үндсэн байгууллага: Сангийн яам
гэсэн байна.
📌Өөрөөр хэлбэл, цар тахлын үед буюу 2020-2021 онд иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор Сангийн яамнаас 200 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт байдлаар нэг удаагийн шинж чанартай арга хэмжээ болгож хэрэгжүүлэхийг заажээ.

4. Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн татварын хөнгөлөлтийн бодлого хараахан гараагүй байна

👉Дээрх “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт”-ын хүрээнд өөр арга хэмжээ тусгагдаагүй.
👉“Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль” (ХХОАТЧтХ)-ийг 2020 оны 04 сарын 9-ний өдөр баталсан.
📌Тус хуулийн 1-р зүйлд “Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэж заасан.
📌Энд “3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэх Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын агуулгыг хангасан гэж үзэх боломжгүй.
👉Учир нь хөтөлбөрийг дагаж гаргасан төлөвлөгөөнд “Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.22-д заасан зорилтын хүрээнд “2020 оны 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-ийн өдрийг хүртэл хугацаанд ХУВИЙН ХЭВШИЛД ажилладаг иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх” арга хэмжээ авахаар заасан.
👉Харин ХХОАТЧтХ-ийн 1-р зүйлд “гурваас дээш хүүхэдтэй гэр бүлд” биш, “хувийн хэвшилд ажиллагсдын” ч биш “Монгол Улсын иргэн”-ий орлогоос татвар авахыг тодорхой хугацаанд чөлөөлөхөөр тусгасан.

5. Хөтөлбөр хэрэгжсэн эсэхийг 2024 оноос хойш дүгнэнэ

👉Тайлангийн 3 дахь хэсэгт дурдсан хуулиудын зохицуулалтаар “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.1.22-д заасан “Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэх заалтыг хангасан гэж үзэж байгаа эсэхийг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнээс тодрууллаа. Тэрээр,
📌“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 2024 он дууссаны дараа дүгнэнэ. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдэд үзүүлэх хөнгөлөлтийг судалж байна. Ер нь хүүхдийн тооноос хамаарч өгч байгаа дэмжлэгүүд бодитой байсаар байна. Тухайлбал хүүхдийн мөнгө бол бодит дэмжлэг” гэсэн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document