Тефлон сав суулганы хэрэглээнээс хорт хавдар үүсдэг гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

👉Ай-Ёо (AIYO) брэнд нь эрүүл хэрэглээг олон нийтэд уриалж, ган сав суулгыг сурталчлахдаа иргэдийг төөрөгдүүлж болохуйц мэдээллүүд түгээсэн байна 👉Хэт өндөр температур ашиглан хийх хоолнуудад наалддаггүй хайруулын таваг ашиглахгүй байх нь зохистой

Баримт шалгалтын үр дүн

👉Хэт өндөр температур ашиглан хийх хоолнуудад наалддаггүй хайруулын таваг ашиглахгүй байх нь зохистой

📌2022 оны 4 сарын 30-нд “Дугархүү эмч” нэртэй Facebook хуудсанд “Тефлон хэмээх хорт бодисыг хэдий болтол идсээр байх вэ?” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ.
2022 оны 7 сарын 28-ны байдлаар уг бичлэг Facebook платформд 12 мянган реакц, 3.4 мянган сэтгэгдэл авч, 10 мянган удаа цааш түгсэн байна.
📌Бичлэгийн эхний хагаст, “Тефлон сав суулга нь төмсөгний хавдар, түрүү булчирхайн өвчлөл, эмэгтэйчүүдийн өвчлөл болон амьгүй төрөлт үүсгэдэг”, “Хуучирсан сав суулганы үйрсэн тефлон нь хоол боловсруулах замаар шингэж дархлааны болон гормоны системийг гэмтээн биеэс гадагшлахгүй байгаа”, “Дэлхий нийтээр тефлоныг эсэргүүцэж өнгөрсөн оны 10 сараас тефлон гал тогооны хэрэгслүүдэд хориг тавьсан”, “Тефлоноо идэж дуусгаад хөнгөнцагаанаа идэж байна” гэх мэдээллүүдийг дурджээ.
📌Харин дараагийн хэсэгт “Ай ёо” (AIYO) брэндийн будаа агшаагчийн талаарх мэдээлэл болон захиалга авах данс, холбоо барих утас зэргийг хэлсэн байна.

👉Тефлон гэж юу вэ?
Наалддаггүй, зэвэрдэггүй, хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд ордоггүй поли-тетра-фтор-этилен (PTFE)-ээр бүрсэн сав суулгануудыг айл өрхүүд гал тогоондоо өргөн хэрэглэдэг болсон. Тефлон нь гал тогооны хэрэгслийн брэнд боловч олон нийт наалддаггүй сав суулгыг тефлон гэж нэрлэн ашиглаж заншжээ. Бичлэгт дурдсан перфтороктаны хүчлийг Тефлон сав суулгын үйлдвэрлэлд ашигладаг байсан ч 2013 онд гал тогооны сав суулгын хэрэгсэлд ашиглахыг зогсоож, 2015 онд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ашиглахыг олон улсад бүрэн хориглосон байна.

1. 2013 оноос өмнө тефлон сав суулга үйлдвэрлэхэд ашигладаг перфтороктаны хүчлээс өвчлөл үүсдэг байсан тул хоригложээ

📌Бичлэгт дурдаад буй хорт хавдар болон нөхөн үржихүйн эмгэг, төмсөгний хавдар, ургийн гаж хөгжилд хүргэдэг гэх мэт өвчлөлүүд нь тефлон сав суулгануудад 2013 оноос өмнө ашиглагддаг байсан перфтороктаны хүчлээс болж үүсдэг гэдгийг 2010 оны 8 сарын АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн судалгаа, 2008 оны 2 сарын Европын хүнсний аюулгүй байдлын байгууллагаас гаргасан судалгаанд тусгажээ.
👉Тиймээс уг бодисыг 2013 оноос хойш тефлоны үйлдвэрлэлд хэрэглэхийг зогсоосон.
📌2020 оны 11 сарын 13-ны АНУ-ын Калифорнын Их Сургуулийн профессор, өвчний тархалт судлаач Yamini Ranchod-оор хянуулсан нийтлэлд уг өвчлөлүүд гал тогооны хэрэгслүүдэд буй перфтороктанаас гэхээс илүүтэй 📌перфтороктаны хүчил ашигладаг үйлдвэрүүдийн ялгаруулсан хаягдлаас хордсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээс үүддэг болохыг дурджээ.
👉2022 оны 07 дугаар сарын /комментын дагуу залруулав/ 8-нд хамгийн сүүлд хянагдсан АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгээс гаргасан АНУ Хавдрын эмчилгээний төвийн сайтад байршсан “Тефлон хавдар үүсгэдэг үү?” гэх нийтлэлд “Наалддаггүй гал тогооны хэрэгслүүдийг хэт өндөр температурт удаан хугацаагаар халааснаас үүдэх тортогийн хордлогоос бусдаар хүний биед үзүүлэх нотлогдсон сөрөг нөлөө байхгүй” гэдгийг онцолсон. Мөн тефлон сав суулга нь хавдар үүсгэдэггүй”-г дурдсан байна.
👉Их Британийн үндэсний эрүүл мэндийн төвийн 2019 оны 6 сарын 14-ний төмсөгний хавдартай холбоотой зөвлөмж нийтлэлд эрэгтэйчүүдийн төмсөгний хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйлүүдийг нэрлэсэн жагсаалтад гал тогооны сав суулгатай холбоотой ямар нэгэн эрсдэл үүсгэгч байхгүй байна.

2. Бичлэгт эмчийн ярьсан тархины хавдартай төрсөн гэх хүүхдийн тухай мэдээлэл 2015 онд гарч байв

📌BBC агентлагаас мэдээлсэн гэх “Тефлоны үйлдвэрт ажилладаг байсан эмэгтэй хүүхэд тархины гажигтай төрсөн” гэх мэдээлэл 2015 онд гарсан мэдээлэл бөгөөд перфтороктаны нөлөө байсан гэж үздэг.
📌2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн наалддаггүй сав суулганууд нь перфтороктаны хүчил ашиглахаа зогсоож, политетрафторэтилен хэмээх бодисыг ашиглаж байна.
👉Перфтороктан, түүнтэй төсөөт бодисуудыг перфторалькилийн төрлийн бодисууд гэх ба өөртөө карбоксил буюу хүний биед сөрөг нөлөө бүхий хүчил агуулдаг.
👉Орчин үеийн наалддаггүй сав суулгад ашиглаж буй политетрафторэтилен нь зөвхөн нүүрстөрөгч болон фторын атомоос тогтсон полимер нэгдэл юм. Уг бодисыг ахуйн сав суулганд хэрэглэхэд аюулгуй гэж үзэн АНУ-ын Хүнс ба эмийн сангийн ашиглахад зөвшөөрөгдсөн бодисоор бүртгэн авсан байна.
☝САНАМЖ: Та бүхэн наалддаггүй сав, хайруулын таваг худалдан авахдаа хэзээ үйлдвэрлэснийг нь нягталж сонголтоо хийгээрэй. Өндөр хөгжилтэй орнууд зах зээл дээр байгаа перфтороктан ашигласан сав суулгуудыг устгалд оруулсан ч энэ нь 2013 оноос өмнө үйлдвэрлэсэн наалдаггүй сав суулгыг бүгдийг устгасан гэж үзэх үндэслэл биш юм.

3. Монголд оруулж ирж буй наалддаггүй сав суулгын талаарх мэдээлэл, шинжилгээ, стандарт тодорхойгүй

📌Бид мэдээллийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 02-ны /комментын дагуу залруулав/ 10:02 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 18001286 дугаарын утсанд холбогдон худалдаанд буй наалддаггүй сав суулганд шинжилгээ хийдэг эсэхийг тодруулахад тухайн чиг үүрэг нь Гаалийн Ерөнхий Газар /ГЕГ/, Гаалийн төв лабораторитой хамааралтай гэж хариулав.
📌Цаашлаад ГЕГ-ын Статистикийн хэлтэстэй тухайн өдрийн 10:11 цагт 353568 дугаарын утсанд холбогдон лавлахад “Хилээр нэвтрэн орж ирж буй хуванцар биш сав суулга дээр бид нарийвчлан ангилж бүртгэдэггүй” гэх хариултыг өглөө.
10:14 цагт Гаалийн төв лабораторитой холбогдоход хилээр нэвтрэн орж ирж буй сав суулганд байдаг стандартын талаар “Хүнсний бүтээгдэхүүн биш учраас металл сав суулга дээр ангилан аваад, шалгалт хийдэггүй”, “Иргэд хэрэглэж буй сав суулгаа эрүүл мэндэд хор уршигтай гэж үзвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандан шалгуулах боломжтой” зэрэг мэдээллүүдийг өгсөн болно.
📌Олон улсад политетрафторэтилений хэмжээ гал тогооны хэрэгслийн нийт жингийн 0.5%-аас ихгүй тохиолдолд хүний биед ямар нэгэн аюулгүй гэж үзэн худалдаанд гаргах, хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг.
📌Уг зохицуулалтыг НҮБ-ын “Удаан задардаг бохирдуулагчийн тухай конвенци”-д заасан ба Монгол Улс 2004 оны 4 сарын 30-нд нэгдэн орсон байдаг.
НҮБ-ын “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокхолмын Конвенци”-д тусгасан хоригт зааснаар пертороктаныг ялгаруулдаг дараах үйлдвэрлэлийн салбаруудад хориг тавьсан:
* Гал унтраагч хөөс
* Фото зургийн хальс
* Ус болон тос нэвтрүүлэхгүй хувцас, хэрэгсэл
* Машины дотор заслын үйлдвэрлэл
* Цахилгааны утас

4. “Тефлоны үйрмэг” хоол боловсруулах замаар цусанд шингэж өвчлөл үүсгэдэг гэх мэдээлэл нь төөрөгдүүлсэн

📌АНУ-ын Миссури мужийн Хордлогын төвийн вэбсайтын зөвлөмж хэсэгт “Хайруулын таваг, будаа агшаагч зэрэгт буй “тефлоны үйрмэг” эдэлгээний явцад хүний биед орох нь ямар нэг байдлаар хор нөлөө үзүүлэлгүйгээр хоол боловсруулах системээр дамжин ялгардаг” гэжээ. Бичлэгт мэдээлсэн шиг ходоодонд шимэгдэж, цусанд шимэгддэггүй.
👉Тефлон суулгацыг мэдрэлийн мэс заслын салбарт гавлын ясны хялгасан судасны нарийслийг эмчлэх, тархины хавдрын мэс заслын үед ашиглах технологийг анагаах ухаанд хэрэглэж байна. Уг технологи нь 1990 оноос хойш өдийг хүртэл мэдрэлийн мэс засалд ашиглагдаж байгаа бөгөөд хүний биед шингэх, гаж нөлөө үзүүлэх тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.

5. Энэ бодис хүний биеэс гарахгүй, 1000 жил байгаль дээрээс алга болохгүй, гялгар уутнаас удаан үлдэнэ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн.

📌Дээр дурдсанчлан 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн наалддаггүй сав суулганы үйрмэг хүний биед шингэхгүй гадагшилдаг. 👉Гэвч тухайн сав суулгыг үйлдвэрлэхэд ашигласан түүхий эд нь үйлдвэрлэлийн дамжлагаар бүтээгдэхүүн боловсруулалтанд ороогүй байх үедээ буюу нунтаг байдлаараа хүний биед орсон тохиолдолд сөрөг нөлөөтэй.
📌Үйлдвэрлэлийн шатаа давсан политетрафторэтилен нь Олон улсын хавдрын хяналтын байгууллагын ангиллаар хорт хавдар үүсгэх эсвэл генетикийн түвшинд аюултай бодисуудын ангилалд ордоггүй байна.
📌Тефлоны байгальд шингэх, задрах процессийн хувьд үйлдвэрлэгдээд бүтээгдэхүүн болсон хайруулын таваг, сав суулга нь бүрэн задрахад 4.4 сая жил зарцуулагдах тооцоолол гарсан бөгөөд эко активистууд, ногоон үзэлтнүүд тефлон сав суулгыг үйлдвэрлэхгүй байхыг уриалдаг.

6. Дэлхий нийтээр тефлоныг эсэргүүцэн хориг тавьж буй мэтээр мэдээллийг гуйвуулан тайлбарласан

📌2021 оны 12 сард Европын холбооны 5 улсад перфторалькилийн төрлийн бодис агуулсан бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хаягдал байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа тул Европын орнуудад үйлдвэрлэлийг хориглох санал гаргасан.
📌Энэ саналд гал тогооны тефлон сав суулгын худалдааг хэрхэх талаар тусгагдаагүй. Европын нэгдлийн шүүхээс 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн тефлон сав суулгыг худалдааны хоригт оруулах эсэх шийдвэрийг гаргаагүй байна.

7. Тефлоноо идэж дуусаад хүний биед сөрөг нөлөөтэй хөнгөнцагааныг идэж эхэлдэг гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

📌Бичлэгийн үеэр хөнгөнцагаан дээр дусааж буй цэнхэр өнгөтэй бодис нь металлын зэврэлт, агаарт исэлдэх чанарыг шалгах уусмал бөгөөд хөнгөнцагаан нь агаартай исэлдэх чадвар өндөр учраас уусмалын өнгө бараан байгаа болно.
Хүчээр исэлдүүлэгч ашиглан хөнгөнцагааныг туршиж буй уг үр дүн нь хөнгөнцагаан сав суулга хүний биед хортой гэсэн үзүүлэлт биш юм.
📌Харин удаан хугацааны эдэлгээний явцад таны хөнгөнцагаан сав суулга агаартай исэлдэн, зэвний толбо үүссэн тохиолдолд тухайн сав суулгыг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Зэв нь хүнсээр дамжин биед орсон тохиолдолд аюултай тул хуучирсан сав суулгаа шалгаж хэрэглэхийг анхаарууштай.
👉Хөнгөнцагааны хэрэглээтэй холбоотой баримт шалгалт 2020 оны 6 сарын 23-нд “USA Today” сэтгүүлд нийтлэгдсэнээс эш татан та бүхэнд хүргэе. 📌“Хөнгөнцагаан нь дэлхийн нийт массын 8%-ийг эзэлдэг хамгийн өргөн тархсан металл бөгөөд насанд хүрсэн эрүүл хүний биед 30-50 мг хөнгөнцагаан агуулагддаг. АНУ-ын Хүнс ба Эмийн агентлагаас хөнгөнцагааныг хүнс бэлтгэл, үйлдвэрлэлд ашиглах нь аюулгүй болохыг мэдэгджээ. Гал тогооны хөнгөн цагаан хэрэгсэл, тугалган цаас, даршилсан бүтээгдэхүүний лааз зэргээс хөнгөнцагаан хүнсэнд шингэдэг нь үнэн ба өдөр тутамдаа бид дунджаар 9 мг хөнгөнцагааныг хоол боловсруулах системд нэвтрүүлдэг.
📌Эдгээр хөнгөнцагааны 95% нь бөөрөнд шүүгдэн биеэс ялгарах бөгөөд 24 цагийн дотор биеэс бүрэн гадагшилдаг. Энэхүү процессийг АНУ-ын Хүнс ба Эмийн агентлаг болон Европын Хүнсний аюулгүй байдлын агентлагаас хүний биед хор нөлөөгүй гэж үздэг.
📌Цаашилбал хөнгөнцагаан нь зөнөх өвчин, Альцгеймерийн өвчин, төв мэдрэлийн системийн өвчлөлүүд үүсгэдэг гэх цуу яриа нь шинжлэх ухаанаар огт нотлогдоогүй, ор үндэслэлгүй юм.
👉Хөнгөнцагааны үйлдвэрт ашигладаг бусад хүнд металлын ариутгагчдын ууранд өртсөн ажилчдад уушгины өвчлөл, мэдрэлийн эмгэгүүд илэрдэг ч хөнгөнцагаан хайруулын таваг, гал тогооны хэрэгсэл хэрэглэснээр хүний биед сөрөг нөлөө илэрсэн тохиолдол байдаггүй байна.” гэжээ.
📌Сонирхуулахад зах зээл дээр байгаа SS304 стандартын ган ашигласан сав суулганд ч гэсэн металлын гадарга болон дотор талын дунд нимгэн хөнгөнцагаан давхарга байдаг. Учир нь хөнгөнцагаан нь дулааныг тавагны бүх гадаргууд жигд дамжуулах үүрэгтэй оролцдог аж.

8. Ай-ёо (AIYO) брэндийн будаа агшаагч дээрх тэмдэглэгээ буюу гангийн SS304 гэх стандартын тухай

📌Олон улсын төмрийн хайлшны маркыг тэмдэглэх, зэрэглэл тогтоох стандартад SS304 марк нь ахуйн хэрэглээнд зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсад уг маркыг тоон сүлжээнд тэмдэглэснээр UN S30400, Япон улсад SUS304, Герман улсад SS304, Европын зарим орнуудад 1.4301 стандарт гэх мэтээр тэмдэглэдэг байна.
📌Бичлэгт Ай-ёо (AIYO) брэндийн будаа агшаагчийн доторх савыг харуулж, SS304 стандарт хангасан тухай ярьдаг. Уг SS304 маркийн зэвэрдэггүй ган нь хүнс үйлдвэрлэлийн салбарт ашигладаг сав суулга, электрон бүтээгдэхүүнүүдэд хамгийн өргөн ашигладаг металл юм. Найрлагадаа 8-10% хром, 8-10.5% никель агуулдаг.
📌Хүнстэй хүрэлцдэг металлуудын хувьд марк нь 200-аас дээш байх ёстой бөгөөд SS304 болон SS316 нь хамгийн аюулгүй металл гэж үздэг.
Германы LFGB буюу Хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүний актын 31-р бүлэг болох “Хүнсний бүтээгдэхүүнтэй хүрэлцэх материал”-ын 1-р зүйлд зааснаар “Европын Парламентын 2004 оны 10 сарын 24-ны 1935-р тогтоолын 3-р бүлгийн 1-р зүйлд зааснаас бусад материалыг ашиглан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаанд нийлүүлэхийг хориглоно” гэж тусгажээ.
📌Европын Парламентын 1935-р тогтоолын 3-р бүлгийн 1-р зүйлд “Хүнс боловсруулалтанд ашиглаж буй материалыг хэвийн хэрэглээнд ашиглах үед хүнсэнд өөрчлөлт оруулахгүй байх, хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байх, эрхтэн тогтолцоонд нөлөө үзүүлэхгүй байх”, мөн тогтоолын 24-р бүлэгт “Тухайн бараа бүтээгдэхүүний найрлагыг лабораториор шинжлүүлсэн, орц нь тодорхой байх ёстой” зэргийг заасан байдаг.

9. Ай-ёо (AIYO) брэндийн будаа агшаагчийг баталгаат лабораторийн дүгнэлттэй худалдаанд гаргадаг

📌2022 оны 8 сарын 3-ны 09:35 цагт AIYO Брэндийн 8093-0143 утсанд холбогдон лавлахад шинжилгээний бичгийг илгээх боломжгүй гэсэн тул бид “Өнөрөө & Халиунаа” нэртэй Facebook хуудсанд 2022 оны 7 сарын 9-ны 23:31 цагт “Урвалд ордоггүй, элдэв амт оруулдаггүй, түлэгдэхгүй химийн хорт бодисгүй эрүүл ахуйг 100% хангасан ган будаа агшаагчаа хүлээн авлаа” гэсэн тайлбартай нийтэлсэн бичлэгийн хэсгээс мэдээлэл авч нягталлаа. Уг бичлэгийн 0:59-өөс 1:14 дэх минутын хооронд үзүүлсэн “Test report” гэсэн гарчигтай хуудас бичвэрийг “Монгол сертификат нь байна” гэж тайлбарласан.
📌Бичлэгт үзүүлсэн баримт дээрх “Anbotek” лабораторийн логогоор интернет орчин дахь Anbotek лабораторийн гэрчилгээнүүдтэй харьцуулан харахад байгууллагын тамга тэмдэгтэй, үг үсгийн зөрөөгүй байна.
👉Бичлэгт гарч буй уг шинжилгээний бичгэн дээр Anbotek нь БНХАУ-ын Шэньжэнь хотод үйл ажиллагаа явуулдаг, Германы LFGB-ын стандардын дагуу бүтээгдэхүүний шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг лаборатори болохыг байгууллагын цахим хуудсын мэдээлэл хэсэгт байршуулжээ.
✅Иймд тус баталгаат лабораторийн дүгнэлттэй тул AIYO брэнд нь SS304 стандартыг хангасан материал ашиглан үйлдвэрлэдэг гэх мэдээлэл үнэн гэж үзэж болно.
📌Зах зээлийн судалгаа хийж үзэхэд ган дотортой будаа агшаагч худалдаанд түгээмэл зарагддаг бөгөөд үнийн доод хэмжээ 300,000 төгрөг байна.
👉Ай-Ёо (AIYO) брэнд нь эрүүл хэрэглээг олон нийтэд уриалж ган төмөр сав суулгыг сурталчлахдаа иргэдийг төөрөлдүүлж болохуйц мэдээллүүд агуулсан байна.

✅Нэмэлт мэдээлэл:

📌Политетрафторэтилен агуулсан бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн эргэлт Олон улсын уул уурхайн бүтээгдэхүүн олборлолтын чуулганы мэдээлснээр 2021 оны байдлаар дэлхийд 2.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан бөгөөд жилд ойролцоогоогоор 200,000 тонн үйлдвэрлэгддэг байна.

☝ЗӨВЛӨМЖ:
Аливаа эд зүйлийн хор нөлөө хэрэглэгчийн буруу хэрэглээнээс үүдэн гардаг. Тефлон сав суулганы хэрэглээ таны биед бичлэгт дурдсанчлан хор нөлөөг үзүүлэхгүй ч гэсэн хэт өндөр температурт хэт удаан халаавал агаарт полимерийн нэгдэл бүхий тортог дэгдээх аюултай.
📌Тефлон болон наалддаггүй ямар ч сав суулгыг 280 Цельсийн градусаас дээш хэмжээнд халааж болохгүй бөгөөд хоосон хайруулын таваг, будаа агшаагч зэргийг өндөр хэмээр удаан хугацаанд хайрахгүй байхыг анхаарна уу. Хүнсний бүтээгдхүүнийг хайруулгын тавганд тос ашиглан шарах үед хайруулын тавгийн гадаргын темпаратур дээд талдаа 220C хүрдэг. Харин стейк хийх, шанаган тогооны хуурга хийх зэрэгт хайруулын тавгийн гадарга 346С хүртэл халдаг байна.
📌Гэвч наалддаггүй хайруулын таваг нь аливаа хүнсийг хайрс тогтоон шарах чадваргүй байдаг учраас хэт өндөр температур ашиглан хийх хоолнуудад наалддаггүй хайруулын тавгийг ашиглахгүй байх нь зохистой.
Ямар ч материалаар хийсэн сав суулгыг 280C хүртэл халаах нь аюулгүй байдал талаасаа ч тэр маш буруу тул аливаа бүтээгдэхүүнийг өөрийх нь тэсвэрлэх чадварын хэмжээнд нийцүүлэн ашиглах нь зүйтэй.
👉Шатаж түлэгдсэн политетрафторэтилений тортогт өртсөнөөр хоолой өвдөх, ханиалгах, хөлрөх, толгой эргэх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн түргэн тусламжид хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээлэл www.facebook.com
  2. АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгийн мэдээлэл www.cancer.org
  3. Төмсөгний хорт хавдартай холбоотой нийтлэл www.nhs.uk
  4. Тефлон хайруулын таваг бус перфтороктаны үйлдвэрлэлээс бохирдсон хүнсний бүтээгдхүүнүүд хавдар үүсгэдэг. www.healthline.com
  5. АНУ Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн судалгаа www.ncbi.nlm.nih.gov
  6. Европын хүнсний аюулгүй байдлын байгууллагын судалгаа www.ncbi.nlm.nih.gov
  7. BBC агентлагаас перфтороктанд хордсон эмэгтэйн тухай мэдээлэл www.bbc.com
  8. АНУ Хүнс ба эмийн сангаар зөвшөөрөгдсөн гэх мэдээлэл www.nytimes.com
  9. Перфтороктаны хүчил ашигласан хайруулгын тавгийг зах зээлээс эргүүлэн татсан, устгалд оруулсан гэх мэдээлэл www.pca.state.mn.us
  10. АНУ-ын Миссури мужийн Хордлогын төвөөс гаргасан зөвлөмж www.missouripoisoncenter.org
  11. Тефлон суулгацыг мэдрэлийн мэс заслын үед ашиглах www.operativeneurosurgery.com
  12. Олон улсын хавдрын хяналтын байгууллагын генетикийн түвшинд аюултай болон хорт хавдар үүсгэгч бодисуудын ангилал monographs.iarc.who.int
  13. Европын Холбооны улсуудын гаргасан саналтай холбоотой мэдээ www.euobserver.com
  14. Перфтороктаны хэрэглээг хориглосон үйлдвэрлэлийн салбарууд www.chemicalwatch.com 
  15. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокхолмын Конвенц www.legalinfo.mn
  16. Стокхолмын Конвенцид нэгдэн орсон 185 орны жагсаалт treaties.un.org
  17. Политетрафторэтилений талаарх нийтлэл www.misen.com
  18. Тефлон сав суулгыг хэрэглэх талаар зөвлөмж www.healthline.com
  19. Политетрафторэтилений үйлдвэрлэл www.imarcgroup.com 
  20. Хүнсэнд ашигладаг метал, SAE304 маркын гангийн талаарх мэдээлэл www.die-pat.co.uk
  21. Хөнгөнцагааны хэрэглээтэй холбоотой баримт шалгалт www.usatoday.com
  22. Германы Хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүний акт www.gesetze-im-internet.de 
  23. Европын Парламентын 2004 оны 1935-р тогтоол www.eur-lex.europa.eu
  24. Лабораторийн шинжилгээг харуулсан бичлэг /0:59-1:14 цагт/ www.facebook.com
  25. Anbotek Лабораторийн цахим сайт www.anbotek.com
  26. Хайруулын тавагны ашиглалт, гадаргын темпаратур, тефлоны зохист хэрэглээ www.lvaccident.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document