2022 оны 7-р сарын 27-нд Hardnews.mn нэртэй пэйжид “Бүхэл бүтэн арми хороо зэр зэвсэгтэйгээ орж иржээ” гэх тайлбартай 2 зураг бүхий пост оруулсан. Тус пост нь 7-р сарын 29-ны байдлаар 483 реакц, 145 сэтгэгдэл авч, 47 удаа цааш түгээгдээд байна.
1. Ашигласан зургийн нэг нь Монголд биш
📌Ашигласан зургийн нэгийг Goolge reverse image search хайж үзэхэд “Восток-2018” цэргийн сургуулилттай холбоотой мэдээ, нийтлэлүүд гарч ирсэн. Энэ нь ОХУ-ын Забайкалский бүс нутагт 2018 онд болсон Орос-Монгол-Хятад гурван улсын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр авсан зураг юм.
Үүнээс ОХУ-ын Батлан хамгаалах яамны вэбсайт дахь “Восток-2018” цэргийн сургуулилтын зургийн каталогт “Восток 2018 дахь цэргийн парад (Забайкальскийн хязгаар, Цуголын бэлтгэлийн талбай)” гэсэн гарчигтайгаар оруулсан холбоосыг хавсаргав.
2. ОХУ-ын туг мандуулсан цуваа Өлзийт тосгон дахь Монсуль ШТС-ын хажуугаар өнгөрч явсан бодит зураг
📌Харин эхний зураг нь Оросын цэрэг зөөвөрлөх зориулалттай BTR загварын хуягт машинууд Монсуль шатахуун түгээх станцыг (ШТС) өнгөрч явж буй зураг юм. Зурагт гарч буй орчныг ашиглан байршлаар хайлт хийх аргаас хуваалцъя.
📌Энэ зургийг авсан байршлыг тодруулахаар “Монсуль” ХХК-ийн вэбсайт дахь 94085600 дугаарын утсанд 7-р сарын 28-ны 15:30 цаг орчимд холбогдоход Хан-Уул дүүргийн 14-р хороонд байрлах Өлзийт тосгон дахь ШТС-ын ойролцоо байх магадлалтайг хэлсэн юм.
📌Google Map платформоор цэргийн техникийн цувааны зургийг Өлзийт тосгон дахь Монсуль ШТС-ын байрлалтай харьцуулж үзэхэд цуваа толгод тойрч орж ирж байгаа орчин нь таарч байна.
📌Мөн Google Street image зурагжуулалтын 2015 оны 05 дугаар сард авсан зурагт “Монсуль ШТС” гэх тэмдэглэгээний орчныг харахад ОХУ-ын техник явж байсан тойрог зам мөн таарч байна.
3. Ойролцоогоор арми 100,000-200,000 цэрэгтэй, хороо нь 1,000-3,000 цэрэгтэй байдаг*
📌Зэвсэгт хүчний бүтэц, арми, хороо зэрэг нэгж ямар бүрэлдэхүүнтэй байдаг нь нууцад хамаарах мэдээлэл тул нийтэд ил байдаггүй. Харин танин мэдэхүйн зорилгоор Википедиа дахь мэдээллийг үзвэл арми нь 2-4 корпусыг нэгтгэсэн 100-200 мянган цэрэгтэй, хурандаа генерал, армийн генералаар удирдуулдаг томоохон нэгж гэжээ. Харин хороо цэрэг гэдэгт 1-3 мянган цэргийг оруулж ойлгох аж. Хороо цэргийг хурандаа цолтон удирддаг гэжээ.
👉2021 онд ОХУ, Монгол Улсын хамтарсан цэргийн сургуулилт “Сэлэнгэ-2021”-д нийт 1600 албан хаагч оролцсон гэж Батлан Хамгаалах Яамны вэбсайтад бичжээ. 2021 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ны хооронд уг хамтарсан сургуулилт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр болжээ.
📌Уг сургуулилтын талаар “Сонирхуулахад 2008 оноос “Дархан”, 2010 оноос “Сэлэнгэ” нэрээр зохион байгуулагдах болсон тус сургууль нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлдгээрээ тус сургууль чухал ач холбогдолтойд тооцогддог. Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн нисэх баг 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын 8 нэгж нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд тэд Сэлэнгэ сургуульд нисэх бүрэлдэхүүний үндсэн үүрэг нь Хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа юм” гэж БХЯ-ны мэдээлэлд дурджээ.
4. Энэ жилийн сургуулилтын талаар ЗХЖШ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна
📌2022 оны 07 дугаар сарын 25-нд ЗХЖШ-аас 123-р ангийн цэргүүд сүрьеэ өвчин туссан зэрэг асуудлаар мэдээлэл хийх үед Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Монгол, Оросын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” сургуулилалт явагдаж байна. Хуучин “Дархан 1”, “Дархан 2” гэсэн нэртэй байснаа “Сэлэнгэ” нэртэй болсон уламжлалт сургуулилалт юм. Энэхүү сургуулилалт наймдугаар сарын эхээр Ховд аймгийн нутаг дэвсгэрт явагдана. Энэ сургуулилалтад Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас цэргийн алба хаагчид оролцохгүй байгаа. Тийм учраас зарим хэвлэлд “Оросын цэргийн алба хаагчид сүрьеэ өвчин туссан байна” гэсэн мэдээлэл гарч буй нь буруу шүү…” гэж мэдэгдсэн.
📌Үүнээс өөр албан ёсны мэдээлэл одоогоор гаргаагүй байна. Уг сургуулилтад ОХУ-аас хичнээн тооны зэвсэг, техник, цэрэг, ямар бүрэлдэхүүн ирж байгаа талаар тоо баримт хараахан гараагүй байгаа ч яамны албан ёсны вэбсайтад мэдээлэл тавигдах үед бид дахин мэдээлэх болно.
✅НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
/Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн тусламжтай бэлтгэв/
👉Цэргийн хамтарсан сургуулилт хийхтэй холбоотой эрх зүйн актууд:
📌2010 оны 05 дугаар сарын 20-нд батлагдсан Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн гуравдугаар бүлэгт Эхнийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлсон.
6.1-д Засгийн газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд
“6.1.5.энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг ӨӨРИЙН ОРОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ, энэ төрлийн арга хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн багийг оролцуулах” гэж заажээ.
📌Энэ нь хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Засгийн газраас тогтоол гаргана гэсэн үг ба өнгөрсөн хамтарсан сургуулилтуудын үед гарч байсан зарим тогтоолоос шүүж үзлээ.
✅2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн “Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын 335 дугаар тогтоолд “Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан “Дархан-1” энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагыг 2008 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуягт даалгасугай.
📌Хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулахад шаардагдах 315,925 (гурван зуун арван таван сая есөн зуун хорин таван мянган) мянган төгрөгийг төсвийн зээл хэлбэрээр олгон санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.” гэжээ
✅2009 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын 247 дугаар тогтоолд “ Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан сургалт, дадлагыг 2009 оны 10 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
📌Сургалт, дадлагад шаардагдах 12.692.138 (арван хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун гучин найман) төгрөгийн үнэ бүхий галт хэрэглэл, хими, инженерийн эд хэрэгслийг зэвсэгт хүчний нөөцөөс гаргахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод зөвшөөрсүгэй” гэсэн байна.
✅2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоолд “Монгол Улс, Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан-2009” сургалт, дадлагыг 2009 оны 9 дүгээр сард зохион байгуулсугай” гэсэн байна.
👉Эдгээр баримтаас харахад Монгол Улс олон улстай цэргийн хамтарсан сургуулилт хийх тухай хуультай, түүнийг дагаж гаргадаг Засгийн газрын тогтоол, салбарын яамны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд гарч байжээ.
📌Харин энэ удаад ОХУ-тай хийх цэргийн сургуулилтын тухай эрх зүйн актуудыг нийтэд ил тавихгүй, баримт хүссэн албан ёсны имэйлд хариу өгөөгүй байна.
Бид олон улсад энэхүү цэргийн хамтарсан сургуулилтын талаар хэрхэн мэдээлэхийг анхааралтай ажиглаж, төрийн байгууллагуудаас холбогдох баримт, тайлбарыг хүссээр байх болно.