1. Гуптапрасад Редди гэх нэрээр хайх
📌Аливаа мэдээллийг анхан шатны баримт шалгалт хийхдээ агуулгын гол хэсгийг Google платформд оруулж хайлт хийж үздэг. Энэ дагуу Ош Их сургуулийн Др. Гуптапрасад Редди гэх нэрээр хайхад уг хүнтэй холбоотой ямар ч илэрц гарч ирээгүй. Мөн Ош Анагаах Ухааны Их сургууль нь (Osh State Medical Facility) ОХУ биш Киргизстаны Ош хотод байдаг.
✅Уг мэдээллийг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) гишүүн “FACTLY” баримт шалгах төв 2019 оны 7-р сарын 10-нд шалгаж нийтэлж байсан бөгөөд шалгасан мэдээлэл дэх агуулгыг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж дүгнэжээ. /Холбоосыг хавсаргав/
2. Сахар болон хорт хавдрын хамаарлыг баталсан СУДАЛГАА БАЙХГҮЙ
📌Идэж буй хоол хүнсэнд агуулагдах элсэн чихэр нь хорт хавдрын эсийг ихэсгэж, дэмждэг гэдгийг нотолсон судалгаа хараахан хийгдээгүй. Одоогийн байдлаар хүмүүст хийсэн судалгаагаар сахарын хэрэглээг багасгах нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд тусалдаг болохыг нотлоогүй байна. Сахарын хэт их хэрэглээ хорт хавдар үүсгэдэг гэдгийг ч судалгаагаар нотлоогүй.
✅АНУ-ын Хорт хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачдын 2012 онд хийсэн “NIH-AARP-ийн хоолны дэглэм ба эрүүл мэндийн судалгаа: сахар ба хорт хавдрын эрсдэл” гэсэн судалгаагаар хоол хүнсэнд агуулагдах сахар болон бүдүүн гэдэсний хорт хавдар эсвэл бусад түгээмэл хорт хавдар үүсэх эрсдэл ямар ч холбоо хамааралгүй байсан байна.
📌Сахар буюу глюкоз нь хүний биеийн бүх л эд, эсүүдийг шаардлагатай энергиэр хангадаг боловч сахарын хэрэглээ ихсэх нь хавдрын эсүүд томорно гэсэн үг биш гэж Канадын Хорт хавдрын нийгэмлэгийн вебсайтад бичжээ. /Холбоосыг хавсаргав/
👉Нэмэлт мэдээлэл: Сахар янз бүрийн хэлбэрээр оршдог боловч хамгийн энгийн хэлбэр нь глюкоз юм. Глюкоз нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, цагаан идээ зэрэг эрүүл хоол хүнс болон нүүрс ус агуулсан хоол хүнсэнд ч агуулагддаг. Цаашлаад цэвэршүүлсэн нүүрс ус болон нэмэлт сахар болох цагаан талх, гоймон, амттан, чихэрлэг ундаанд агуулагддаг. /Холбоосыг хавсаргав/
3. Өлөн элгэн дээрээ нимбэгний шүүс уувал хорт хавдар АЛГА БОЛНО ГЭХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ
📌Нимбэг хорт хавдрыг эмчлилдэг гэх үндэслэл лимонен хэмээх молекултай холбоотой. *Лимонен нь нимбэг болон бусад цитруст жимсний хальсан дахь тосонд агуулагддаг. Уг молекул зарим эсийн өсөлтөд нөлөөлдөг тул хорт хавдрыг эмчлэхэд тустай эсэхийг лабораторийн туршилтаар судалсан бөгөөд лимоненыг нэмэлтээр хэрэглэх эсвэл цитрус жимс идсэнээр хорт хавдартай хүмүүс дээрдэж, эдгэрэх магадлал өндөр байдаг гэсэн тогтвортой нотолгоо байхгүй байна. /Холбоосыг хавсаргав/
*Лимонен нь монотерпен гэж ангилагдсан өнгөгүй шингэн алифат нүүрсустөрөгч бөгөөд цитрус жимсний хальсан дахь тосны гол бүрэлдэхүүн хэсэг юм.
👉Нэмэлт мэдээлэл: Нимбэгний шүүсэнд витамин С, В1, В2, ниацин болон бусад минерал агуулагддаг ч өлөн дээрээ уувал хорт хавдрыг алга болгоно гэх хангалттай судалгаа, батлагдсан туршилт байхгүй байна. Мөн нимбэгний шүүсэн дэх уг найрлага шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй учир тогтмол хэрэглэхдээ соруулаар уух эсвэл араас нь цэвэр усаар амаа зайлах хэрэгтэй гэж хоолны дэглэм, шим тэжээл судлаач, мэргэжилтнүүд зөвлөдөг.
4. Органик кокосын тосыг өглөө орой бүр гурван халбага уувал хорт хавдар эдгэрнэ гэдэг ХУДАЛ
📌Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн цахим хуудсанд “Кокосны тосны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан судалгааны ажлууд нь зах зээлд зарагддаг кокосын тос биш 100% дунд гинжин триглицеридээс (MCTs) бүрдсэн кокосын тосыг тусгай найрлагаар ашигласан байдаг” гэж бичжээ. Тиймээс зарим судалгааны үр дүнгээр кокосны тос хорт хавдрын эмчилгээнд нөлөөлдөг нь батлалгдсан ч энэ нь олон нийтийн худалдан авах боломжтой, зах зээлд арилжаалдаг кокосын тосыг ашиглаж судалгаа хийсэн гэсэн үг биш юм.
📌АНУ-ын Зүрхний Ассоциаци (AHA) 2017 онд ханасан өөх тосыг (кокос болон бусад халуун орны тосыг оролцуулаад) ханаагүй өөх тосоор солих шинжлэх ухааны зөвлөмжийн мэдэгдэл гаргасан. Хяналттай долоон туршилтын дүн шинжилгээнд үндэслэн кокосын тос нь хортой LDL холестерины түвшинг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлтэй эсвэл өвчтэй хүмүүст нийт калорийн (2000 калори илчлэгтэй хоолны дэглэмийн) 6%-иас илүүгүй ханасан өөх тос буюу 13 граммаас илүүгүй хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Нэг халбага кокосын тос нь ойролцоогоор 12 грамм ханасан өөх тосны хэмжээтэй дүйцдэг.
👆САНАМЖ: Бид хорт хавдрыг устгадаг гэх олон төрлийн мэдээлэлд дурддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг олон улсад судлагдсан байдлыг хүргэсээр байна. Элсэн чихрийн хэрэглээг багасгах болон лемон, худалдаанд байдаг кокосын тосыг хэрэглэх нь хорт хавдрыг эмчилдэг гэх судалгаа байхгүй бөгөөд хорт хавдраар нэгэнт өвчилсөн болон шинж тэмдэг ажиглагдсан хүн энэ мэдээллээс болж эмчилгээгээ зогсоох, эрүүл мэндээрээ хохироохоос сэрэмжлээрэй.