☝Дахин давтан түгээдэг мэдээллийн шинж чанарыг агуулжээ:
Хуурамч, ташаа мэдээллийн нэг шинж чанар нь хүний сэтгэлийг хөдөлгөсөн зохиомол түүх ашиглаж анхаарал татах, хандалт авах зорилготой байдаг. Шалгаж буй мэдээлэлд энэхүү шинж чанарыг агуулсан байна.
📌Яг энэ хэлбэрээр бичигдсэн, үг, үсэг найруулгатай постыг 2018 оны 06 дугаар сарын 18-нд “Aaron Shop Mongolia Rosee salon” нэртэй пэйжид постолж байсан байна. Түгээлт идэвхжүүлэлт нь 2.7 мянган реакц, 827 сэтгэгдэл авч, 12 мянган удаа цааш түгээсэн үзүүлэлттэй. Уг мэдээлэлд мөн “Өчигдөр хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад…” гэж эхэлсэн байна.
Энд дурдаж буй ой хүрээгүй хүүхэд комд орж, үхлийн ирмэгт байгаа гэх түүх нь батлагдаагүй, зохиомол байх магадлалтай тул баримтаар шалгах боломжгүй юм.
👇Харин мэдээлэлд дурдсан вирусийг шинжлэх ухаанд хэрхэн судалсан талаар дараах баримт шалгалтыг хүргэе.
1. “Herpes simplex virus” амаас аманд, шүлсээр дамждаг
📌“Herpes simplex virus” буюу герпес вирус нь шүлс, идээгээр дамжин халдварлаж идээт үрэвсэл үүсгэдэг вирус юм. Товчоор “HSV” гэж нэрлэдэг уг вирус нь хоёр төрөлд (HSV-1, HSV-2) хуваагддаг.
* HSV-1 нь голчлон амаас аманд дамжих замаар халддаг бол,
* HSV-2 нь бэлгийн замаар халддаг.
Халдварын төрөл, вирусийн тархалтаас шалтгаалан “HSV”-ийн халдварын үед уруул эсвэл бэлэг эрхтний ойролцоо идээт үрэвсэл гарах тохиолдол байдаг.
Энэ вирусийг тээгч заавал идээт үрэвслийн шинж тэмдэгтэй байх албагүй бөгөөд ил харагдах шинж тэмдэггүй байсан ч вирусийг халдварлуулах боломжтой.
📌Гэхдээ тус вирус нь хүний биед идэвхгүй (dormant) байдаг ба дэлхийн 3 хүн тутмын 2 нь 50 нас хүрэхээс өмнө HSV-1-ээр халдварласан байдаг бол HSV-2-ийг 491 сая орчим хүн тээдэг гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тайлагнажээ.
2. Тус вирус нь хүнд нэг халдвал насанд туршид хадгалагддаг, идэвхгүй “dormant virus”
📌Герпес вирус нь мэдрэлийн эсэнд хадгалагдаж үлддэг ба хүн ямар ч шинж тэмдэггүй байсан ч биедээ тээж явдаг. Өөрөөр хэлбэл энэ вирус нь нэгэнт хүнд халдварласан тохиолдолд насан туршид идэвхгүй (dormant) оршдог байна.
👉Гэхдээ хүний дархлаа суларсан, дааврын өөрчлөлт, сарын тэмдэг, стресс зэргээс шалтгаалан вирус идэвхжин үрэвсэл гарах боломжтой байдаг.
3. Herpes simplex virus нь монголчуудын хэлдэг “хомхой долоох” өвчин мөн
📌HSV-1-н халдвараас шалтгаалан уруул орчимд идээт үрэвсэл гардаг нь монголчуудын нэрлэдэгээр хомхой долоох юм. Энэ вирусийн халдварын гол шинж тэмдэг нь уруул орчмоор идээт үрэвсэл (cold sores) гарах үзэгдэл. Хүмүүс идээт үрэвсэл болон хомхой долоох хоёрыг ялгаатай гэж үздэг ч нэг ижил вирусийн халдварын шинж тэмдэг юм.
4. Herpes simplex virus нь тархинд халдварлах тохиолдол байдаг ч ховорт тооцогддог
📌Герпес вирус нь хүний тархинд халдварлах тохиолдол байдаг боловч энэ халдвар ховор тохиолддог. Тус вирус нь хүний мэдрэлийн системд наалдсаныхаа дараа хэрхэн тархинд нэвтэрдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн тархины өвчинг Herpes simplex encephalitis (HSE) гэж нэрлэдэг. Тус вирус тархинд нэвтэрсэн тохиолдолд үрэвсэл үүсгэдэг.
📌Өвчний эхний шинж тэмдэг нь томуутай төстэй буюу толгой өвдөх, халуурах, дотор муухайрах, татах, нойрмоглох гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг. Цаашлаад өвчин хүндэрсэн тохиолдолд мэдрэлийн системийг доройтуулж, хэрвээ эмчилж чадаагүй тохиолдолд үхлийн аюултай гэж Их Британийн Тархи Нугасны Үрэвслийн Нийгэмлэг тайлбарлажээ.
📌2018 оны 06 дугаар сарын 12-нд National Library of Medicine-д нийтлэгдсэн “Хүүхдэд энгийн герпес энцефалит дахин давтагдах хандлага” судалгаагаар АНУ-д жил бүр 20,000 хүн халдварт тархи нугасны үрэвсэлээр өвддөг ба үүний 20% (4,000) гаруй нь HSV-1-ээс шалтгаалсан байдаг. Ийм өвчнөөр өвдсөн 3 хүн тутмын нэг нь хүүхэд байдаг гэсэн байна.
👉Нэмэлт мэдээлэл:
Герпес вирусээр халдварлаж идээт үрэвсэл гарах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч нар Ацикловир эмийг хэрэглэхийг зөвлөдөг. Тус эм нь вирусийн өсөлтийг зогсоодог ба үүнийг мөн HSE буюу герпес вирусээс үүдсэн тархи нугасны үрэвслийн үед хэрэглэдэг. Ацикловир эм гарахаас өмнө HSE-ээс шалтгаалан нас барах магадлал 70 гаруй хувь байсан бол тус өвчний оношилгоо сайжирч, ацикловир хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш нс баралтын эрсдэл 15-20% болж буурсан байна.
☝Гэхдээ өвдсөн тохиолдолд хүн бүрийн бие организм өөр учраас заавал эмчид үзүүлж, өөрт тохирсон эмчилгээг зохих тунгаар хэрэглэх эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эмчилгээ хийгээрэй.