Эмнэлэгт хэвтсэн сахиургүй хүүхдүүдэд ковидын вакцин хийжээ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 07 дугаар сарын 23-нд Гоо Гоо нэртэй хэрэглэгчийн хаягаар “Эмнэлэгт хэвтсэн сахиургүй хүүхдүүдэд ковидын вакцин хийгээд эхэлчихсэн байна шүү” гэх пост оруулаад, сэтгэгдэл хэсэгтээ “Дарханд өнөөдөр болсон явдал гэнэ” гэсэн байв. Уг постыг 07 дугаар сарын 27-ны байдлаар 163 реакц, 55 сэтгэгдэл авч, 120 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 07 дугаар сарын 23-нд Гоо Гоо нэртэй хэрэглэгчийн хаягаар “Эмнэлэгт хэвтсэн сахиургүй хүүхдүүдэд ковидын вакцин хийгээд эхэлчихсэн байна шүү” гэх пост оруулаад, сэтгэгдэл хэсэгтээ “Дарханд өнөөдөр болсон явдал гэнэ” гэсэн байв. Уг постыг 07 дугаар сарын 27-ны байдлаар 163 реакц, 55 сэтгэгдэл авч, 120 удаа цааш түгээсэн байна.

1. Дархан Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт Ковидын вакцин хийх боломжгүй, дархлаажуулалтын цэг болон явуулын кабинетаар хийдэг

📌2022 оны 07 дугаар сарын 26-нд 10:03 цагт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханаас тодруулахад “Вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийнэ. Бэлтгэл ажил хийгдэж байна” гэсэн хариуг мессежээр илгээсэн юм.
📌2022 оны 07 дугаар сарын 27-ны 14:30 цагт Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын эмч Ж.Жаяантай холбогдож дараах мэдээллийг авлаа.
👉“Дархан уул аймагт нийт 175,818 хүн тун вакцин хүлээж авснаас 169,784 хүн тунг хийгээд байна. Вакциныг Эрүүл мэндийн газарт хүйтэн хэлхээний кабинетэд хадгалж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 25-ны тушаалаар батлагдсан журмын дагуу таван Өрхийн эрүүл мэндийн төв, гурван Сумын эрүүл мэндийн төвүүдэд 2-8 хэмд 30 хүртэлх хоног хадгалж, дархлаажуулалтыг хийж ирсэн.
Хүүхдийн больницод вакцин хийнэ гэдэг ойлголт байхгүй. Хэрэв хийх бол явуулын кабинет гаргадаг. Манай аймгийн явуулын кабинет сүүлийн гурван сар гараагүй байна. Бид өмнө зөвшөөрөгдөж байсан 12-оос дээш насны хүүхдэд вакцин хийхдээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр хийж байсан.
📌07 дугаар сарын 26-ны шөнө 5-11 настай хүүхдэд зориулсан 4190 хүн тун вакцин хүлээж авсан. 08 дугаар сарын 1-нээс эхлэн дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хийх чиглэлтэй байна” гэсэн юм.
👉Мөн өдрийн 14:48 цагт Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн бага эмч Цэнгэлмаагаас тодруулахад 📌“07 дугаар сарын 23-ны байдлаар хоёр тасагт нийтдээ 7 хүүхэд сахиургүй хэвтэж байсан. 10-аас дээш насны хүүхдийг сахиургүй хэвтүүлдэг ч тухайн өвчтөний биеийн байдлаас хамаарч сахиуртай хэвтүүлэх тохиолдол бий. Хүүхдийн эмнэлэгт Ковидын вакцин тарина гэсэн ойлголт байхгүй. Дархлаажуулалтын цэгүүд, явуулын кабинетэд вакцин хийдэг. Эмнэлэгт бол эмчийн заалтаар бичиж өгсөн эмчилгээг л хийдэг” гэсэн юм.

2. Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газар 5-11 настай хүүхдэд хийх 4190 хүн тун вакциныг 07 дугаар сарын 26-нд хүлээн авчээ

📌Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын “Дархан хот” нэртэй 26 мянган дагагчтай хуудаст 07 дугаар сарын 27-ны 16:02 цагт “Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар Коронавирус халдварт өвчний эсрэг “Комирнэти” (BNT162b2) 4190 хүн тун хүүхдийн вакциныг хүлээн авчээ. Тус вакциныг 5-11 настай хүүхдэд зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хийх ажээ” гэсэн пост оруулжээ.

3. Сайдын тушаалын хавсралтаар баталсан Зөвшөөрлийн хуудсыг эцэг эх, асран хамгаалагч сайн дурын үндсэн дээр бөглөснөөр тухайн хүүхдэд вакцин хийдэг

📌2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайдын А/404 дугаартай “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг “Комирнэти” (BNT162b2) вакцинаар дархлаажуулах тухай” тушаал гарсан.
Уг тушаалын 1-р зүйлд:
📌“Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нийлүүлэгдсэн Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти” (BNT162b2) вакцинаар зааврын дагуу, сайн дурын үндсэн дээр өгсөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 12-15 настай хүүхдийг вакцинжуулах арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулсугай” гэсэн байна.
📌Уг тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг “Комирнэти” (BNT162b2) вакцин хийхэд 12-15 насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас авах Зөвшөөрлийн хуудас”-д
“АНУ-ын Пфайзер-Био Н Тех үйлдвэрийн коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг “Комирнэти” (BNT162b2) вакциныг Монгол Улсын Хүний эмийн бүртгэлд яаралтай үед ашиглах горимоор 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн. “Комирнэти” вакциныг 3 долоо хоног (21 хоног)-ийн зайтай 2 удаа булчинд тарьж хэрэглэнэ. Вакцины дараа дархлаа тогтох явц нь тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаалдаг тул уг вакцин нь коронавирусийн халдвараас хүн бүрийг хамгаалахгүй байж болно” гэсэн тайлбартай, мөн вакцин хийлгэсний дараа зонхилон тохиолдох хөнгөн урвалыг тоочсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document