Украин Монгол Улсаас Бат хааны төлөөсийг нэхсэн гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны зургадугаар сарын 27-нд zasagt.com гэх домайн нэртэй вэбсайтад “Украины парламент буюу Дээд радаас Бат хааны цэргүүд Киевийг эвдлэн сүйтгэсний хохирлыг төлөхийг шаардсан албан тоот УИХ-д ирүүлснийг батлав” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан нь Facebook-т нийт 700 мянган хэрэглэгчтэй 43 хуудсаар давхарсан тоогоор 342 удаа түгээгдэж, долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2154 хариу үйлдлээр идэвхжүүлснээс 342 цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны зургадугаар сарын 27-нд zasagt.com гэх домайн нэртэй вэбсайтад “Украины парламент буюу Дээд радаас Бат хааны цэргүүд Киевийг эвдлэн сүйтгэсний хохирлыг төлөхийг шаардсан албан тоот УИХ-д ирүүлснийг батлав” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан нь Facebook-т нийт 700 мянган хэрэглэгчтэй 43 хуудсаар давхарсан тоогоор 342 удаа түгээгдэж, долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2154 хариу үйлдлээр идэвхжүүлснээс 342 цааш түгээсэн байна.

📌Уг нийтлэлд “XIII зуунд Бат хаан Украины ард түмнийг аймаглан устгах үйл ажиллагаа явуулсан, тиймээс нөхөн төлбөр өгөх ёстой хэмээн албан бичигт дурдсан” гэх мэтээр бичсэн байна.

1. Мэдээлэлд дурдсан албан тушаалтны тухайд:

📌Шалгаж буй мэдээлэлд анхдагч эх сурвалжаар хоёр албан тушаалтныг дурдсан байсан агаад орчуулгын явцад Намсрайн Лхагвасүрэнг “Лхагвасүрэнгийн Намсрай” гэхчлэн овог, нэрийг сольж монгол, орос хэл дээр орчуулсан тохиолдол цөөнгүй гарсан байв. Тухайн үед ОХУ-д суух Монгол Улсын Элчин Сайдын Яамны бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн дэд хэсгийн ахлагч, пресс атташегаар Намсрайн Лхагвасүрэн ажилладаг байсан нь үнэн бөгөөд үүнийг Элчин сайдын яамны албан ёсны Facebook хуудсын 2017 оны 3-р сарын 20-ны өдрийн Москва хотноо болох Монголын оюутны Европын бүсийн спортын наамдын зараас харж болно. Тэрээр одоогийн элчин сайдны яамны бүрэлдэхүүнд байхгүй.

2. Риа Новости агентлагт Н.Лхагвасүрэн үгүйсгэсэн тодруулга өгсөн

📌Пресс атташе асан Н.Лхагвасүрэн тус мэдээлэл гарсны дараа буюу 2016 оны гуравдугаар сарын 01-нд Риа Новости агентлагт мэдээлэл өгөхдөө үгүйсгэсэн бөгөөд “Тэрхүү мэдээллийг интернэтээс уншсан. Би ямар нэгэн мэдээллийг албан ёсоор баталгаажуулсан зүйл байхгүй” гэж хариулжээ.

3. Украины парламентын албан бичгүүдээс шүүлт хийхэд Бат хааны үеийн хохирлыг нэхэмжилсэн баримт бичиг гарч ирээгүй

📌Украины Дээд Радын албан ёсны сайтад бүртгэлтэй 261,802 тогтоомжоос шүүж үзэхэд дээрхтэй ижил агуулгатай албан бичиг байхгүй байсан бөгөөд Монголтой холбоотой нийт 96 илэрц гарч ирснээс хамгийн сүүлд 2020 онд хоёр орны визний хөнгөлөлтийн тухай захирамж байв.

4. УИХ-ын тогтоол, баримт бичгүүдээс хайхад илэрц гарч ирээгүй

📌Мөн Монгол Улсын хуулийн нэгдсэн портал legalinfo.mn сайтаас Украинтай холбоотой УИХ-ын тогтоол, хууль эрх зүйн бусад баримт бичгийг хайж үзэхэд нийт 3 илэрц л гарч ирсэн бөгөөд тэдгээрийн аль нь ч Бат хааны нөхөн төлбөртэй холбоогүй байв.

5. УИХ-ын дарга асан З.Энхболдын жиргэсэн гэх мэдээлэл хайлтаар гарч ирсэнгүй

📌Үүнээс гадна бидний шалгаж буй мэдээлэлд “УИХ-ын дарга З.Энхболд “Украины парламентын “өдөөн хатгалгыг” ердийн нэг олны анхаарал татах гэсэн үйлдэл хэмээгээд “Аугаа Тэмүжиний үр удмынхны эрин үед дэлхий дахин ямар нэг украин үндэстний тухай огт мэддэггүй, хэзээ ч сонсоогүй байсан. XIII зуунд устгагдсан сая сая украинчуудын тухай асуудал бол Украины депутатуудын эрүүл бус төсөөллөөс төрөн гарсан зүйл” гээд “Бат хааны Киевийг эзлэн авахдаа учруулсан хохирлыг төлөхөд Монгол Улс бэлэн байна. Гэхдээ зөвхөн хохирсон хүмүүс, түүний гэр бүлийнхэнд. Бид хохирогчдын бүрэн жагсаалтыг ирүүлэхийг хүлээж байя” гэж мэдэгдсэн мэтээр бичсэн байв. УИХ-ын дарга асан З.Энхболдын Украинтай холбоотой хэлсэн гэх үгсийг google.com болон twitter-т ахисан түвшний хайлт хийхэд дээрх агуулга гарч ирээгүй болно.

6. 2015 оны үеийн мэдээллийг саяхных мэтээр төөрөгдүүлсэн

📌Түүнчлэн нийтлэлийн агуулга цаг хугацааны хувьд хуучирсан байсан бөгөөд анх 2015 онд үүний дараа мөн 2016 оны гуравдугаар сарын 1-нд нийтлэгдсэн нь Орос, Монголын сайтуудад нэлээд шуугиан дэгдээж байв. Тэрхүү мэдээллийг zasagt.com гэх домайн нэртэй сайт саяхны үйл явдал мэтээр сийрүүлэн өнгөрсөн сард оруулсан байв. Тухайлбал, дээрхтэй ижил агуулгатай мэдээлэл 2015 оны тавдугаар сарын 15-нд www.ruskline.ru сайт дээр анх гарч байсныг тухайн үед буюу 2015 оны тавдугаар сарын 21-нд www.time.mn сайтад М.Сугар-Эрдэнэ гэх орчуулагч монгол хэлээр www.centrasia.ru гэсэн хаягаас орчуулан хүргэж байсан. Үүнээс гадна 2016 онд www.assa.mn, www.medee.mn, www.ub.life зэрэг сайтууд тухайн мэдээллийг орчуулан хүргэж байжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document