Эх баригчийн алдаанаас болж охидын хөх ургадаггүй гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 05 дугаар сарын 29-нд Tserenkhuu Ishtseden нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “Эх баригчийн алдаанаас болж охидын хөх ургадаггүй” гэх агуулгатай пост оруулсан нь 07 дугаар сарын 5-ны байдлаар 455 реакц, 57 сэтгэгдэл авч, 27 удаа цааш түгээн идэвхжүүлэлт авсан байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 05 дугаар сарын 29-нд Tserenkhuu Ishtseden нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “Эх баригчийн алдаанаас болж охидын хөх ургадаггүй” гэх агуулгатай пост оруулсан нь 07 дугаар сарын 5-ны байдлаар 455 реакц, 57 сэтгэгдэл авч, 27 удаа цааш түгээн идэвхжүүлэлт авсан байна.

Уг мэдээлэлд “Охидуудын хөх ургадаггүй Дюшенн-Эрбын синдромыг өөрөөр ЭХ БАРИГЧИЙН СААЖИЛТ (brachial plexus injury) гэдэг, эх баригчийн алдаанаас үүдэлтэй байдаг болохоор тэр” гэсэн байв.

1. Шалгаж буй мэдээлэлд “Эх баригчийн синдром” гэж тодотгосон, шинжлэх ухаанд “brachial plexus injury” гэх нэршилтэй гэмтлийн тухай:

📌“Brachial Plexus Injury” гэдэг нь нугаснаас мөр, тохой, гар руу салаалсан мэдрэлийн судасны гэмтэл юм. Дюшенн-Эрбын саажилт нь ийм төрлийн хамгийн элбэг тохиолддог гэмтэл юм.
📌“Дюшенн-Эрбын саажилт” гэдэг нь хүүхэд төрөх үед авсан мэдрэлийн гэмтлээс үүдэлтэй саажилтыг тодорхойлсон нарийвчилсан нэр томъёо юм. Харин “brachial plexus injury” гэдэг нь дээрх саажилт/гэмтэл хамаарах ерөнхий нэр томъёо юм.
📌Brachial plexus injury-г төрөлтийн үед авахаас гадна спортоор хичээллэх, авто осол эсвэл зарим хавдарын эмчилгээний үед авах боломжтой байдаг.

2. Охидын хөхний ургалт зогсох нь “Brachial plexus injury” болон Эрб-Дюшенний саажилтаас шалтгаалахгүй

📌Эмэгтэй хүний хөхний ургалт зогсох нь Brachial plexus injury болон Эрб-Дюшенний саажилтаас шалтгаалахгүй бөгөөд дээрх төрлийн мэдрэлийн судасны гэмтэл нь гэмтлийн хэмжээнээс хамаарч биеийн дээд мөч сульдах, хөдөлгөхөд хүндрэл учрахаас авхуулаад саажилттай болох хүртэл нөлөө үзүүлдэг байна.
📌Эмэгтэйчүүдийн хөх ургахгүй байх хэд хэдэн шалтгаан байдаг. Удамшлын болон төрөлхийн гажигаас шалтгаалан хөхний хэмжээ жижиг байх боломжтой. Үүнд Польш синдром (булчин сул, эсвэл байхгүй байх төрөлхийн гажиг), Турнерын синдром (Х хромсом дутуу байх) болон бусад төрлийн генетикийн шалтгааны улмаас хөх жижиг байх буюу ургахгүй байх тохиолдол үүсч болно.
📌Мөн гормоны өөрчлөлтөөс шалтгаалан хөхний хэмжээ өөрчлөгддөг. Эмэгтэй хүний хөхний хэмжээ гормоны өөрчлөлтөд мэдрэг байдаг ба өсвөр насанд бэлгийн бойжилт явагдах үед эстроген ялгарсанаар хөхний хэмжээ томордог. Энэ үед гормоны тэнцвэрт ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд хөхний ургалтад нөлөөлнө.
☝Харин “Brachial plexus injury” гэмтлээс шалтгаалж охидын хөхний ургалт зогссон талаарх ямар нэг мэдээлэл, судалгаа одоогоор мэргэжлийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын судалгааны цахим сайтуудад тавигдаагүй байгаа нь ийм төрлийн гэмтлээс үүдэж охидын хөхний ургалт зогсдог гэх мэдээлэл ташаа болохыг илэрхийлж байна.

Нэмэлт мэдээлэл:

📌“Erb-Duchenne paralysis” буюу товчоор “Erb palsy” нь хүүхэд төрөх үедээ авсан мэдрэлийн судасны гэмтлээс үүдэлтэй биеийн дээд мөчний саажилтыг тодорхойлдог нэр томъёо юм. 1861 онд Франц эмч Дюшенн (Guillaume Benjamin Armand Duchenne) энэ төрлийн өвчнийг эмчлэх боломжгүй гэж үздэг байх үед 4 хүүхдийн гарны саажилтыг судлаад “obstetric palsy of the brachial plexus” гэх нэр томъёо гарган эмчлэх боломжтой гэж таамаглаж байв. Дараа нь 1874 онд Герман эмч Эрб (Wilhelm Heinrich Erb) өөрийн дипломын ажилдаа ийм төрлийн саажилтын шалтгааныг тодорхойлсон буюу хүүхэд төрөх үед авсан мэдрэлийн судасны гэмтэлээс шалтгаалан саажилт үүсдэгийг тайлбарласан. Тэрээр энэ саажилтыг эх барих буруу арга ашигласнаас буюу Прагийн маневр (эх барих нэг аргачлал)-ыг ашиглан хүүхэд төрөх үед хүзүү хэсгээс нь хүчтэй татсанаар “brachial plexus”-ийн 5 ба 6-р мэдрэлийн судас гэмтсэнээс саажилт үүсдэгийг тодорхойлсон. Ийм саажилттай хүүхдэд нийтлэг тохиолддог шинж тэмдэг нь гар, тохой, мөрний хэсгийг хөдөлгөх боломжгүй болох, гар хэвийн байрлалд бус хойш эргэсэн байдалтай байх зэрэг байдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document