Амаа бүх төрлийн шингэнээр зайлахад Коронавирус арилдаг гэх мэдэгдэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулгатай

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

оронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн асуудлаарх Эрүүл мэндийн яамны өдөр тутмын хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “амны хөндийгөө тогтмол зайлах нь коронавирусийн тархалтыг бууруулахад чухал нөлөөтэй байгаа” тухай Германы эрдэмтдийн судалгааг танилцуулсан.

 

 

Баримт шалгалтын үр дүн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны цахим хуудсаас коронавирус цар тахалтай холбоотой хийгдсэн судалгаа, шинэ мэдээллийг шалгаж үзэхэд амны хөндий зайлах нь үр дүнтэйг батлах аливаа мэдээлэл байсангүй.

Коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн асуудлаарх Эрүүл мэндийн яамны өдөр тутмын хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “амны хөндийгөө тогтмол зайлах нь коронавирусийн тархалтыг бууруулахад чухал нөлөөтэй байгаа” тухай Германы эрдэмтдийн судалгааг танилцуулсан. Гэхдээ энэхүү мэдээлэлд олон нийтийг төөрөгдүүлэх, буруу болон дутуу ойлголт төрүүлэх, түүнээс шалтгаалан үр дүнгүй арга хэмжээнд хэт их ач холбогдол өгөх зэрэг эрдсэл бий болж болох тул энэхүү мэдээллийн баримтыг нягталлаа.

Юуны өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны цахим хуудсаас коронавирус цар тахалтай холбоотой хийгдсэн судалгаа, шинэ мэдээллийг шалгаж үзэхэд амны хөндий зайлах нь үр дүнтэйг батлах аливаа мэдээлэл байсангүй.

Тиймээс “Герман”, “судалгаа”, “амны хөндий”, “зайлах”, “коронавирус” гэсэн түлхүүр үгсийг ашиглан Google хайлт хийж энэхүү хэвлэлийн хуралд дурдагдсан судалгааны тайланг бүрэн эхээр нь оллоо.
“Ковид-19-ийн нянг устгахад олон төрлийн ам зайлагчийн үр нөлөөт байдал” нэртэй энэхүү судалгааг Германы их сургуулиуд, судалгааны байгууллагууд нийлсэн нийт 8 байгууллагын 13 судлаач хамтран гүйцэтгэсэн бөгөөд, санхүүжилтийн эх үүсвэрийг судалгааны төгсгөлд тодорхой тусгажээ. Судалгааг санхүүжүүлэгчид нь судалгааны байгууллага, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг байгаагаас харахад судалгааны үр дүнг амны хөндий зайлагч бодит үйлдвэрлэгч бизнесийн эрх ашигт нийцүүлэн ямар нэг байдлаар гуйвуулсан байх магадлал бага байна.
Харин Монгол Улсад хэвлэлийн хурлын үеэр судалгааны үр дүнг олон нийтэд мэдээлэхдээ зарим чухал агуулгуудыг гажуудуулжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэлдээ, “Та бүхэнд зарим судалгааны тоймыг танилцуулъя. Германы судлаачид хүн амны хөндийгөө зайлах нь Ковид-19-ийн халдвар дамжих эрсдэлийг бууруулах боломжтой талаар туршилт судалгаа хийсэн байна. Судалгаагаар хүн 30 секунд амаа зайлахад вирусийн түвшин буурсан байна. Харин гурван удаа зайлахад тухайн хүний ам, залгиурт вирус байхгүй болсон байна. Ийм ч учраас бид та бүхэнд аль нэг, хоёр сараас эхлэн халуун бүлээн сода, давс, жүрж, тухайн хүнд юу байгаа, тамедин зэрэг гарын дор байгаа зүйлсээр хүүхдийн болон өөрсдийн ам, хоолойг зайлах нь үр дүнтэй гэж бид зөвлөж байсныг Германы эрдэмтэд туршилт, судалгаагаар баталсан байна” гэв.

Харин Германы их сургууль, судалгааны байгууллагуудын хамтарсан туршилт, судалгааны тайланг олж, нягтлахад энэ мэдээллийн зарим хэсэг нь утгыг гуйвуулсан, буруу, эсвэл дутуу ойлгосон, олон нийтэд буруу ойлголт өгөхүйц байв.

Үүнд, өгүүлбэр тус бүрээр тайлбар өгье.
👉 “Германы судлаачид хүн амны хөндийгөө зайлах нь Ковид-19-ийн халдвар дамжих эрсдэлийг бууруулах боломжтой талаар туршилт судалгаа хийсэн байна.”
Энэхүү мэдэгдэл нь утга агуулгын хувьд ҮНЭН бөгөөд, амны хөндийг зайлах нь тархалтыг бууруулахад эерэг нөлөөтэй байж болно гэж дүгнэсэн байна. Гэхдээ…


👉”Судалгаагаар хүн 30 секунд амаа зайлахад вирусийн түвшин буурсан байна.”


Энд “хүн” гэсэн нь тухайн туршилт, судалгааг бодит хүн дээр хийсэн мэт ТӨӨРӨГДҮҮЛСЭН ойлголт төрүүлж байна. Харин судалгааны арга зүйг тайлбарласан баримтад тухайн судалгааг хүний амны хөндий, залгиуртай ижил орчин үүсгэж туршилт хийсэн тухай тодорхой тайлбарлажээ.

Гэхдээ хамгийн чухал хэсэг нь энэхүү туршилт, судалгааг хийхдээ, Германд, эмийн сан, дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа 8 төрлийн ам зайлагчийн үр нөлөөтэй байдлыг судалсан болохыг Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд огт дурдаагүй.

(судалгааны тайлан болон судлагдсан ам зайлагчдын мэдээлэл, идэвхтэй орц, найрлагын хүснэгт зэргийг сэтгэгдэл хэсэгт оруулав).

Коронавирусээр өвчилсөн өвчтөнөөс авсан дээжийг, дээр дурдсан 8 төрлийн ам зайлагчтай хольж, 30 секунд байлгахад вирусийн агууламж их бага хэмжээгээр буурсан нь ҮНЭН. Гэхдээ 8 төрлийн ам зайлагчийн үр дүн харилцан адилгүй байсан тухай судалгааны тайланд бичжээ.


“Харин гурван удаа зайлахад тухайн хүний ам, залгиурт вирус байхгүй болсон байна” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Тус судалгаанд амны хөндийг зайлах давтамжийн тухай ямар нэг агуулга байсангүй. Харин судлагдсан 8 төрлийн ам зайлагчийн 3 нь бусдаасаа илүү үр дүнтэй байсан тухай бичжээ. Тухайн гурван бодис нь вирусийг 3 дахин хүртэл хэмжээгээр бууруулж байсан байна.

Харин бүрэн устсан тухай агуулга 11 нүүр судалгааны тайланд байгаагүй бөгөөд энэ нь ХУДАЛ мэдээлэл гэж дүгнэж байна.
👉”Ийм ч учраас бид та бүхэнд аль нэг, хоёр сараас эхлэн халуун бүлээн сода, давс, жүрж, тухайн хүнд юу байгаа, тамедин зэрэг гарын дор байгаа зүйлсээр хүүхдийн болон өөрсдийн ам, хоолойг зайлах нь үр дүнтэй гэж бид зөвлөж байсныг Германы эрдэмтэд туршилт, судалгаагаар баталсан байна.” Цаашлаад сода, давс, жүрж, тамедин зэрэг бүтээгдэхүүнээр амны хөндийг зайлах нь вирусийг устгах нөлөөтэй гэж дүгнэх шинжлэх ухааны үндэслэл хараахан байхгүй байна. Харин сэтгэгдэл хэсэгт оруулсан, судалгаанд хамруулсан ам зайлагч бодит, тэдгээрт агуулагдаж байгаа гол идэвхтэй бодисын агууламжтай, ижил төрлийн Монгол Улсад худалдаалагддаг ам зайлагч бүтээгдэхүүнүүдийн хувьд энэхүү судалгааны үр дүн нөлөөтэй байж болох юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document