Г.Баярсайхан: Цацсан давс, бодисууд замын хашлага, бордюрыг элэгдүүлж, хамууруулдаг учраас сольдог гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 04 дүгээр сарын 25-нд Парламент TV нэртэй хэрэглэгчийн хаягаар “Г.Баярсайхан: Цацсан давс, бодисууд замын хашлага, бордюрыг элэгдүүлж, хамууруулдаг учраас сольдог” гэх гарчигтай бичлэг постолсон. 04 дүгээр сарын 28-ны байдлаар уг бичлэгийг 102 мянган удаа үзэж, 1.8 мянган реакц, 1 мянган сэтгэгдэл өгч, 575 удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

👉Уг мэдээлэл нь 2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэл өгсөн хэвлэлийн хурлын үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханы ярианаас хэсэгчлэн тасалсан байна.
📌Тэрбээр хэлэхдээ, “Манайд бордюр солино гэсэн тусдаа ажил байхгүй. Цас хайлуулах бодис цацахад бетонон хашлагыг эвдэж, хамууруулдаг. Тийм юмыг солиод явна. Тоо ширхэг нь тухайн үедээ гараад явна, солих шаардлагагүйг нь солихгүй. Манайд ихэнхдээ цементэн, бетонон бордюр хэрэглэж байгаа. Энэ нь цас хайлуулах бодис болоод давстай холбоотой хугацаа нь богиносох явдал бий. Зам шинэчлэлийн ажил явахад сошиалд элдэв янзын юм гарч магадгүй учраас урьдчилаад ийм ийм замуудад шинэчлэлийн ажил явна гэдэг мэдээллийг өгчих…” гэсэн байна.

1. Бордюрыг дангаар нь солих ажил гэж байхгүй, зам арчлалт, шинэчлэлтийн цогц ажлын хүрээнд хийдэг.

👉Төрийн худалдан авах ажиллагааны системээс зам барих болон завсар арчлалтын ажлын захиалгад шалгарсан зарим төслүүдийг шүүж үзэхэд уртааш/метр хэмжээгээр зам барих болон засвар, арчлалт хийх цогц ажлын төлөвлөгөө байхаас биш зөвхөн бордюр солих ажил гэж байхгүй байна.

☝Тиймээс зөвхөн бордюр солиод өнгөрсөн бол ажлаа дутуу гүйцэтгэсэн гэж ойлгож болох юм.

2. Давс цацсанаас болж замын хашлагыг эвдэж, эдлэх хугацааг богиносгодог гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌Зам тээврийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 11-ний 60 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гүүрийн үзлэгийн гарын авлага” гэх баримт бичигт бетоны дотоод хүчнээс үүдэж гарах эвдрэлийн шалгаануудын нэг нь давсны үйлчлэл гэж үзжээ.

👉Давснаас үүдсэн эвдрэл гэдэг нь бетоны дотор талд нэвчсэн давс арматурыг идэж, зэврэлт үүсгэж, зэвний тэлэлтээр бетонд хагарал гарч, ховхрох зэрэг эвдрэл үүсгэхийг хэлдэг байна.
📌Тодруулбал, зам гүүрийг мөстөхөөс сэргийлж давслаг бодис цацах зэргийн улмаас бетоны гадаргаас хлорт ион нэвчиж, бетон доторх төмөр арматурт хүрснээр арматурын гадаргуу зэвэрч тэлэлт үүснэ. Ингэж төмөр арматур зэвэрч тэлснээр бетонд хагарал үүсдэг гэж тайлбарлажээ.

☝Гэтэл автозамын хашлагыг MNS 842:2006 стандартын дагуу М400 маркийн өндөр чанартай бетон зуурмагаар үйлдвэрлэдэг, ДОТОР НЬ ТӨМӨР АРМАТУР ХИЙДЭГГҮЙ. Тиймээс цас хайлуулах давсны улмаас замын хашлага гэмтэхгүй.

✅Нэмэлт мэдээлэл:

Бетон зуурмагийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийн хөтлөн явуулдаг Giatec сайтад зам дээрх цас, мөсийг хайлуулахад давс хэрэглэх нь урт хугацаандаа ямар нөлөөтэйг судалсан нийтлэл гаргажээ. Уг нийтлэлд, “Цагаан давс буюу натрийн хлорид нь цас, мөсийг бага температурт хайлуулдаг бөгөөд мөстөхөөс сэргийлдэг. Канад, Аляска гэх мэт хүйтэн цаг агаартай бүс нутагт сүүлийн 70 жилийн турш замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд энэхүү аргыг ашиглаж байгаа аж.

Давс нь цасыг хайлуулж, хуримтлал үүсгэж, бетон руу орох боломжтой давстай усны лагийг үүсгэдэг. Хэрэв энэ шингэн нь бетонд орж, дахин хөлдвөл бетоныг задалж, хагарал үүсгэдэг. Цаашилбал, давс дахь хлорид нь идэмхий юм. Энэ хлорид нь сүвэрхэг бетоныг нэвтлэн хийц доторх төмөр арматурт хүрч, зэврүүлж, УРТ ХУГАЦААНЫ эвдрэлд хүргэдэг. Натрийн хлоридын бетоны замд үзүүлэх нөлөө нь зөвхөн замын эвдрэлээр зогсохгүй. Үүссэн давстай лаг нь ихэвчлэн хөрс, гүний устай холилдож, орчныг бохирдуулдаг байна” гэжээ. Мөн 2014 онд хийсэн “Бетон замын мөсийг давсаар хайлуулах нь” судалгааг хавсаргалаа.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document