✍️2022 оны 03 дугаар сарын 16-нд eguur.mn сайтад “Өөрийн нэр дээрх газраа цахим системд бүртгүүлээгүй бол ТАНЫ ГАЗАР БИШ БОЛНО” гэсэн гарчигтай мэдээ оруулсан нь 03 дугаар сарын 22-ны 12:00 цагийн байдлаар Facebook платформд нийт 1570 хариу үйлдэл авснаас 543 реакц, 82 сэтгэгдэл авч, 945 удаа цааш түгээсэн байна.
📌Уг мэдээнд “Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол дүүрэг, сумын ЗДТГ газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Монгол Улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх юм. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж та өөрийн газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй болох аж. Иймд иргэд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас анхаарууллаа.” гэсэн байв.
📌Энэ мэдээг тус бүр 8000-217,000 дагагчтай 44 групп, пэйжид хуваалцсан байна. Үүнээс 2012 оны 12 дугаар сарын 17-нд нээгдсэн “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар” нэртэй 42 мянган дагагчтай public figure буюу албан ёсны цэнхэр тэмдэглэгээтэй пэйж рүү холбоосыг хуваалцсан нь хамгийн өндөр хандалт авч, 556 удаа цааш хуваалцсан байна. 📌Уг постод “2022 ОНЫ 05 САРЫН 01-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ГАЗРЫН НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ ЯВАГДАНА
Монгол улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байна. Эдгээр нэгж талбарууд нь хууль эрх зүйн хүрээнд албажиж холбогдох журмын дагуу кадастрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс гадна газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нэгж талбарууд байдаг бөгөөд энэхүү нэгж талбаруудыг нөхөн бүрдүүлж мэдээллийн санд бүртгэх ажлыг улсын хэмжээнд 05 сарын 01-ны өдөр хүртэл өрнүүлээд байна.” гэсэн тайлбар бичсэн байна.
❓Иргэний газар эзэмших, өмчлөх эрхийг цахим бүртгэлд бүртгүүлээгүй шалтгаанаар цуцалж болох эсэх асуудалд хууль зүйн үүднээс тайлбар хүсэж Fidelitas Partners“Фиделитас Партнерс” ХХН-д хандсан юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиудын хүрээнд дараах мэдээллийг өглөө.
#FactCheckedByMFCC
🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Өөрийн нэр дээрх газраа хугацаанд нь амжиж бүртгүүлээгүй бол газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авахад хүндрэл учирна. Харин цахим системд бүртгүүлээгүй үндэслэлээр газар эзэмших эрх хүчингүй болох хууль байхгүй.
- эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн
- газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
- шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг ойлгоно/, шинээр гэрээ байгуулаагүй;
- байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;
- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.
- газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан.
📌Дээрх үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. /Газрын тухай хууль 40.2/
- өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр
- газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар;
- газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар,
- хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр
- өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх;
- өмчийн газраа энэ хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах;
- өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах;
- газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах.
☝️Эдгээрээс бусад үндэслэлээс өөрөөр иргэн аж ахуйн нэгжийн эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгох зохицуулалт хуульд байхгүй. Тиймээс эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар нь газрын кадастрын цахим системд бүртгүүлээгүй байх нь иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газрын хураах үндэслэл биш юм.
2. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, уг газрыг цахим системд бүртгэх нь төрийн байгууллагын үүрэг байна.
✅Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны A/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын
📌9.4-т зааснаар “Мэргэжлийн байгууллага газарт бэхэлсэн нэгж талбарын эргэлтийн цэгийг солбицлын утга бүхий зурган мэдээлэл, нэгж талбарыг 4-н талаас нь дарсан фото
зураг, тодорхойлолтыг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд оруулна”,
📌10.1-т “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 9.4-т заасан мэдээллийг нягталж, шалгасны дагуу Газрын кадастрын мэдээлийн сангийн нэгдсэн системд баталгаажуулна”,
📌12.1-т “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 2.1-т заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулна” гэж зааснаас үзвэл цахим системд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, уг газрыг бүртгэх нь ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ байна.
👉Нэмэлт тайлбар:
📌Иргэн, ААН нь “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д дурдсанаар цахим системээр дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ цахимаар гаргах, шаардлага хангасан тохиолдолд цахимаар гэрчилгээгээ хэвлэн авах зэрэгт хэрэглэх зориулалттай байна.
📌Мөн тус журмын 4.1-т зааснаар “Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээр дамжуулан эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэн явуулна”, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дэс дарааллын 6-д 📌“Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах” гэж байна. Тодруулбал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллын нэг нь цахим системд мэдээллийг оруулах үйл ажиллагаа бөгөөд үүнийг эрх олгогдсон этгээд буюу Газрын албаны мэргэжилтэн, сумын газрын даамал зэрэг хийнэ.
👉Иймд Eguur.mn дээр гарсан мэдээ болон бусад төстэй мэдээ нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН гарчиг ашиглажээ. Мөн “Хэрэв та өөрийн нэр дээрх газраа энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох” гэж зөв мэдээлж байснаа “буюу” гэх холбоос авч тодруулан тайлбарлахдаа “…буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж та өөрийн газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй болох аж” гэж худал мэдээлэл оруулжээ.
Хууль журамд заасан цахим бүртгэл баталгаажуулаагүй бол ямар ч саадгүйгээр газраа шилжүүлэх, барьцаалах боломжгүй. Учир нь Газрын алба “эхлээд газрынхаа бүртгэлийг баталгаажуул, дараа нь үйлчилгээ ав” гэдэг шаардлага тавих юм.
Дүгнэлт:
Цахим системд газар нь бүртгэгдээгүй байх нь иргэний өмчлөх эрх бүхий газрыг хураах, гэрчилгээг нь хүчингүй болгох хуульд заасан үндэслэл биш. Харин газраа зарах, барьцаалах, бусдад шилжүүлэх зэрэг газрын албатай харилцах харилцаанд цахим системд заавал бүртгэгдсэн байх шаардлагатай тул хүндрэл учруулна. Энэ бүртгэлийг эрх олгогдсон этгээд гүйцэтгэх зохицуулалттай байна.