🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Н.Батсуурь аварга болон Камила Валиевагийн шинжилгээнд илэрсэн триметазидин гэх бодис Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан “Спортод хориглосон бодисуудын жагсаалт”-д багтсан.
📌Уг жагсаалтын “Даавар ба бодисын солилцоо” хэсгийн 4.4-т триметазидин гэж оруулсан байна. /зураг болон холбоосыг хавсаргав/
2. Олон улсын спортын арбитрын шүүх Камила Валиеваг “Олимпын үеэр бус 2021 оны 12 дугаар сард өгсөн допингийн эсрэг шинжилгээний хариу эерэг гарсан” учраас цааш үргэлжлүүлэн оролцох эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн Камила Валиева нь 16 нас хүрээгүй учир Дэлхийн допингийн эсрэг кодын (WADC) дагуу “Хамгаалагдсан хүн” /Protected Person/ ангилалд хамаардаг.
📌Дэлхийн допингийн эсрэг кодын 10.6.1.3-д “Эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд “хамгаалагдсан хүн” тодорхой хариуцлага хүлээлгүй зэмлүүлэх, эрхээ хасуулахгүй байх эсвэл тамирчны гэм буруугийн зэргээс хамааран дээд тал нь хоёр жил эрх хасна” гэж заажээ.
📌Олон улсын спортын арбитрын шүүх Камила Валиеваг олимпод үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасан шалтгаандаа “2021 оны 12 дугаар сард хийсэн допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь биш, харин Өвлийн олимпын наадмын дундуур мэдэгдсэн нь тухайн тамирчны буруу биш бөгөөд эрх ашгийг нь хамгаалах эрх зүйн тодорхой шаардлагыг зөрчсөн ноцтой асуудал” гэж үзсэнээ дурдсан байна.
3. “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэм”-д Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэх заалт бий.
📌Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 9.3.5-д “Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;” 9.3.6-д “Олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах” гэж заасан.