18 сая төгрөгийн дэмжлэг авч амины орон сууцтай болно гэх хуучирсан мэдээллийг дахин түгээж, хандалт авсаар байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #435

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“18 сая төгрөгийн дэмжлэг авч амины орон сууцтай болох боломж” гэсэн хуучирсан мэдээллийг дахин түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад зээл олгож байгаа ч 18 сая төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгохгүй

2023 оны 02 дугаар сарын 13-нд Xemnel news нэртэй пэйжид “18 сая төгрөгийн дэмжлэг авч амины орон сууцтай болох боломж” гэсэн мэдээллийг нийтэлж, xemnel.com домайн нэртэй сайтын холбоос хавсаргасан байна. 

Сайт дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2022 оны 08 дугээр сарын 05-аас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 13 хуудсаар 34 удаа нийтлэгдэж, энэ хугацаанд 7,239  хүнд хүрч, 3,527 реакц, 1,049 сэтгэгдэл авч, 2,663 удаа цааш түгээсэн байна. 

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийв. 

1. Гарчгаар төөрөгдүүлсэн мэдээлэл

Нийтлэгдсэн мэдээллийн “18 сая төгрөгийн дэмжлэг авч амины орон сууцтай болох боломж” гарчиг нь “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийн талаарх мэдээллийн гарчиг байсан бөгөөд тус төсөл нь 2019-2021 оны хооронд бүрэн хэрэгжиж дууссан байна. Мөн уг гарчигт дурдагдсан санхүүжилтыг дахин олгохгүй ба төсөлд нийт 26 айл хамрагдаж, эрчим хүчний хэмнэлттэй байшин бариулж, 18 сая төгрөгийн татаас авч, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. Энэ талаарх ижил төстэй төөрөгдүүлсэн мэдээллийг манайх өмнө нь баримтаар шалгаж байв. 

2. Хас банк эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад зээл олгож байгаа ч 18 сая төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгохгүй 

Тус нийтлэлийн агуулгад гарчигт дурдагдсан “18 сая төгрөгийн дэмжлэг авч амины орон сууцтай болох боломж”-ийн талаарх мэдээлэл байхгүй ба эрчим хүчний хэмнэлттэй байшингийн давуу тал болон Хас банкнаас олгодог зээлийн бүтээгдэхүүний мэдээллийг задлан оруулжээ. Тухайлбал, “Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ? 60м2 хүртэлх дундаж хэмжээтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин барихад ойролцоогоо 70-80 сая төгрөг шаардлагатай. Энэ хэмжээний мөнгийг нэг дор гаргах бололцоо өрх бүрт байхгүй учир банкны зээлээр тэр дундаа хамгийн таатай нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. Хас банк ердийн байшинтай харьцуулахад 20-80% бага эрчим хүч зарцуулдаг буюу тэр хэрээрээ халаалтын зардал бага гардаг амины орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Та Хас банктай гэрээтэй буюу эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь баталгаажсан барилгын компаниудын барилгаас сонгон, урьдчилгаа 20% төлөөд, 120 хүртэлх сая төгрөгийн зээлийг сарын 1%-ийн хүүтэй, 15 жилийн хугацаатай авах боломжтой” гэх агуулгыг оруулж Хас банкны амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг линкээр хавсаргасан байна. 

2023 оны 02 дугаар сарын 27-нд энэ талаарх мэдээллийг Хас банкнаас лавлахад “Тус зээл нь одоогоор манай дээр хэрэгжиж байгаа бөгөөд хэрэглэгч бүрт олгогдох зээлийн хувь хэмжээ харилцан адилгүй байна. 18 сая төгрөгийн дэмжлэг олгох төсөлтэй манайх хамтран ажилласан ч тус төсөл хэрэгжиж дууссан. Энэ зээл нь ямар нэг буцалтгүй тусламж биш” гэсэн хариулт өглөө. 

3. Хуучирсан мэдээллийн гарчигийг сэргээн түгээсэн

Дээрх мэдээллийн ”18 сая төгрөгийн дэмжлэг авч амины орон сууцтай болох боломж” гэсэн гарчгийг хуулж, Google платформд хайхад 2020 оны 09 дүгээр сарын 17-нд Gogo.mn сайтад нийтэлсэн мэдээллийн агуулгатай таарч байна. Уг мэдээнд:

“Эзэмшил хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төслийн талаар өнөөдөр Монголын банкны холбооноос танилцууллаа. Уг “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо хамтран хэрэгжүүлж буй ба иргэдэд хөнгөлөлттэй зээлээр байшинтай болох боломжийг олгож байгаа аж. Иргэд 50-70 сая төгрөгийн үнэтэй байшингуудаас сонгож гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн тохиолдолд төслөөс нийт үнийн дүнгийн 30 хувьд нь буюу дээд тал нь 18 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх юм. Ингээд иргэд 10 хувийг урьдчилгаа болгон төлснөөр барилгаа сарын хугацаанд бариулах ба банкны 8-12 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document