📌2022 оны 07 дугаар сарын 16-нд Monnews нэртэй пэйжид “Төслийн байшинг зээлээр бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн мэдээллийг нийтэлж, medleg.me домайн нэртэй сайтын холбоос хавсаргасан байна.
📌Уг пост 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 262 реакц, 285 сэтгэгдэл авч, 209 удаа цааш түгээгджээ.
📌Мэдээлэлд хавсаргасан холбоосоор орж, сайт дахь тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 07-оос 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 16 хуудсаар 25 удаа нийтлэгдэж, энэ хугацаанд 3,283 хүнд хүрч, 1376 реакц, 769 сэтгэгдэл авч, 1138 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийв.
1. Үндсэн мэдээллийг устгасан байна
📌Нийтлэгдсэн линкээр дарж ороход ямар нэг мэдээлэл оруулаагүй, тухайн холбоосыг үзэх боломжгүй гэсэн бичиг гарч ирж байна.
👉Энэ нь олон нийтийн анхаарлыг татсан хэрэгцээтэй мэдээллийг оруулж, хандалт цуглуулах нэг төрлийн арга юм.
2. Хуучирсан мэдээллийг сэргээн түгээсэн
👉Дээрх мэдээллийн ”Төслийн байшинг зээлээр бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн гарчгийг хуулж, Google платформд хайхад 2020 оны 09 дүгээр сарын 17-нд Gogo.mn сайтад нийтэлсэн мэдээллийн гарчигтай таарч байна. Уг мэдээнд:
📌“Эзэмшил хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төслийн талаар өнөөдөр Монголын банкны холбооноос танилцууллаа. Уг “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо хамтран хэрэгжүүлж буй ба иргэдэд хөнгөлөлттэй зээлээр байшинтай болох боломжийг олгож байгаа аж. Иргэд 50-70 сая төгрөгийн үнэтэй байшингуудаас сонгож гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн тохиолдолд төслөөс нийт үнийн дүнгийн 30 хувьд нь буюу дээд тал нь 18 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх юм. Ингээд иргэд 10 хувийг урьдчилгаа болгон төлснөөр барилгаа сарын хугацаанд бариулах ба банкны 8-12 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой” гэсэн байна.
3. Төсөл хэрэгжээд дууссан ба санхүүжилт дахин олгохгүй
👉Тус мэдээлэл нь хоёр жилийн өмнө нийтлэгдсэн тул эх сурвалжуудаас хэрэгжилтийн явцын талаар тодруулав.
📌2022 оны 07 дугаар сарын 28-нд Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны Банкны гишүүнчлэл болон төсөл хариуцсан менежер Д.Алтанзулаас тодруулав. Тус төсөл нь 2019-2021 оны хооронд бүрэн хэрэгжиж дууссан бөгөөд дээр дурдагдсан санхүүжилтыг дахин олгохгүй. Төсөлд нийт 26 айл хамрагдаж, эрчим хүчний хэмнэлттэй байшин бариулж, 18 сая төгрөгийн татаас авч, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна.