Хамрын битүүрлийг арилгаж, амьсгалын замыг нээхэд туслах ундаа гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #390

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шалгасан мэдээлэлд “сонгино, нимбэг, зөгийн бал ашиглан ханиад, хамрын битүүрлийг эмчилнэ” гэсэн агуулгыг илэрхийлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр сонгино болон нимбэг, зөгийн балыг хольсон уусмал нь ханиадны шинж тэмдгийг илаарьшуулахад тустай байж болох ч энэ нь ханиад, томууг эмчлэх эмчилгээний батлагдсан жор биш юм.

2022 оны 01 дугаар сарын 05-нд narhan.me вэб сайт “Хамрын битүүрлийг арилгаж, амьсгалын замыг нээхэд туслах ундаа” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд сонгино, нимбэг, зөгийн бал ашиглан гаргаж авсан хандыг хэдхэн өдөр уухад “хамар тань онгойж, ханиад намдах төдийгүй толгойн өвдөлт ч дагаад буурна.” гэж мэдээлжээ.

Тус мэдээ нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны байдлаар Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 552 реакц, 15 коммент авч, 1416 удаа цааш түгээгдсэн байна. Тухайлбал, Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа, Сонирхолтой, Oyu Таныг уйдаахгүй зэрэг фэйсбүүк хуудсуудаар түгээгджээ.

Бид өмнөх баримт шалгалтууддаа сонгино, нимбэгний эрүүл мэндийн ач холбогдлын талаарх худал мэдээллүүдийг няцаасан ба дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг хамрын битүүрлийг арилгахад ашиглахыг зөвлөсөн эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөмж байдаггүй байна.

Сонгины эрүүл мэндийн ач холбогдлын талаарх өмнөх баримт шалгалтдаа дурдаж байсанчлан сонгино нь хамрын битүүрлийг арилгах, ханиад эмчлэх батлагдсан эмчилгээний жор биш юм. Тодруулбал, Стэнфордын их сургуулийн клиникийн профессор Рафаэл Пелаёгийн (Rafael Pelayo) USA TODAY-д мэдэгдсэнээр “сонгино хамрын битүүг арилгахад тусалдаг гэдэг нь анекдот /шог яриа/ маягтай тархсан, үүнийг үнэн гэж нотолсон ямар нэг судалгаа олдохгүй байна” гэжээ. Цаашлаад Australian Associated Press-н мэдээлснээр сонгинод холестрол бууруулах, мөөгөнцөрийн өвчний эсрэг болон цусны даралт бууруулах үйлчилгээтэй бодисууд агуулагддаг байж болох ч “ханиад, томуугаас сэргийлэх үйлчилгээтэй талаар дүгнэсэн судалгаа байхгүй” гэжээ.

Мөн зөгийн балны эрүүл мэндийн ач холбогдлын талаар мэдээлсэн USA TODAY-н өөр нэгэн баримт шалгалтад зөгийн бал нь ханиадны шинж тэмдэгийг илаарьшуулахад тустай байж болох ч томуугийн вирусыг устгадаг нь батлагдаагүй болохыг онцлосон. Харин нимбэг нь витамин С ихээр агуулдаг жимс боловч ханиадыг эмчилдэг нь батлагдаагүй болохыг Харри Хэмила (Harri Hemilä) нарын судлаачид 11306 оролцогчийг хамруулсан 29 туршилтыг үндэслэн дүгнэсэн байна.

Хэдийгээр сонгино болон нимбэг, зөгийн балыг хольсон уусмал нь ханиадны шинж тэмдгийг илаарьшуулахад тустай байж болох мэдээлэл байдаг ч ханиадыг эмчилдэг талаар шинжлэх ухааны судалгаануудаар батлагдаагүй болохыг уушигны өвчлөлийн эсрэг тэмцдэг АНУ-ын Уушигны холбоо (American Lung Association) мэдээлсэн байна.

Тиймээс та бүхэн ханиад, улирлын томуугаар өвчилсөн бол гэрийн нөхцөлд батлагдаагүй эмчилгээний аргуудад найдаж цаг алдалгүй мэргэжлийн байгууллагад хандаж, өөрт тохирсон эмчилгээний аргуудыг хэрэглээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document