2023 оны 01 дүгээр сарын 26-нд Tovchmedee хуудсаар “Сэрэмжлүүлэг: Самранд явж байсан иргэдрүү чоно дайрчээ. Тухайлбал, Өнгөрсөн шөнө Матад уул орчимд самар түүж байсан иргэд рүү сүрэг чоно дайрчээ. Орон нутгийн холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэх тайлбартай, эрэгтэй хүний биеийн гэмтсэн хэсгийг харуулсан зургийн хамт оруулсан нь 12 цагийн дараах байдлаар 986 реакц, 248 сэтгэгдэл авч, 69 удаа цааш хуваалцсан байна.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Зургаар хайлт хийх
Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад 2016 оны 10 сард Тодд Орр гэх залуу Монтана мужийн баруун өмнөд хэсэгт явган аялал хийж байгаад баавгайтай таарч улмаар баавгай түүн рүү хоёр удаа дайрсан бөгөөд энэ үйл явдлыг баримтжуулан зураг болон видеогоо сошиал хуудастаа хуваалцсан талаарх мэдээллүүд гарч ирж байна. Тэдгээрийн нэг болох Их Британийн mirror мэдээллийн сайтад бичлэгтэйгээ оруулсан мэдээллийг хүргэж байна.
2. Агуулгыг нягтлах
Дорнод аймгийн Матад сум нь тал хээрийн бүс нутагт хамаарах бөгөөд хуш мод ургах боломжгүй. Сумын танилцуулгад “Говь талдаа таана, хөмүүл, мангир, гоньд, уул хадандаа зэрлэг сонгино элбэгтэйгээс гадна тал хээрийн бүсэндээ бэлчээрийн янз бүрийн ургамалтай” хэмээн онцолсон байна. Сумын газар зүйн байршил болон онцлогийн талаар аймгийн албан ёсны вэбсайт travel.dornod.gov.mn-ээс авах боломжтой.