Зөгийн балтай сармис чихрийн шижин өвчнийг эмчлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #430

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Уг мэдээлэлд сармисыг зөгийн балтай хольж идэн олон төрлийн өвчнийг эдгээх боломжтой талаар зөвлөсөн байна

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр сармис нь хүнсэнд өргөн ашиглагддаг, эрүүл мэндийн эерэг нөлөөтэй ч дурдсан өвчнүүдийг эмчлэх эмчилгээний жор болохгүй юм.

2022 оны 02 дугаар сарын 22-нд budun.life вэб сайт “Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд сармисыг зөгийн балтай хольж идэн олон төрлийн өвчнийг эдгээх боломжтой талаар зөвлөсөн байна. Үүнд, сармис нь “зүрх судасны өвчин, ханиад, халуурах, толгой эргэх, суулгалт, дархлааны системийг сайжруулах, биеэс хорт бодисыг гадагшлуулах болон чихрийн шижин өвчнийг эмчилдэг” ач холбогдолтой гэж мэдээлсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1.Сармис нь дээрх өвчнүүдийг бүрэн эмчилдэг батлагдсан эмчилгээний жор биш

Хэдийгээр сармис нь хүнсэнд өргөн ашиглагддаг, эрүүл мэндийн эерэг нөлөөтэй ч дээр дурдсан өвчнүүдийг эмчлэх эмчилгээний жор болохгүй юм. Сармисны эрүүл мэндийн ач холбогдлын талаарх дээрхтэй ижил буюу төстэй агуулгатай мэдээллүүдийг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай USA TODAY, Vox Ukraine зэрэг баримт шалгах байгууллагууд худал гэдгийг нь мэдээлсэн.

АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайт дахь сармисны эрүүл мэндийн ач холбогдлын талаарх мэдээлэлд дархлаа дэмжих, үрэвсэл, мөөгөнцөрийн эсрэг, зүрх судасны эрүүл мэндэд ач тустай болохыг онцолсон. Гэхдээ сармис нь дээрх өвчнүүдийг бүрэн эмчилдэг батлагдсан эмчилгээний жор биш юм. Тодруулбал, 2020 онд Жохура Ансари (Johura Ansary) нарын судлаачдын сармисны эрүүл мэндийн ач холбогдлын судалгааг тоймлосон өгүүлэлд сармисны хэрэглээ нь цусан дахь глукозын хэмжээг бууруулах зэрэг нөлөөтэй байж болохыг дурдсан ч сармис нь эмчилгээнд орох эм болохын тулд илүү өргөн хэмжээнд судалгаа шаардлагатай болохыг сануулсан байна. Өөрөөр хэлбэл, сармис нь дээр дурдсан өвчлөлүүдэд тохирсон батлагдсан эмчилгээний аргуудаас татгалзах шалтгаан болохгүй гэдгийг баримт шалгалтын дүгнэлтээс харж болох юм. 

Түүнчлэн зөгийн бал нь антиоксидант үйлчилгээтэй, ханиадны шинж тэмдгийг намдаах, шарх эдгээх гэх мэт үйлчилгээтэй байж болох судалгаанууд байдаг боловч зөгийн балны эрүүл мэндийн ач холбогдлын талаарх судалгаа хязгаарлагдмал, нэгтгэгдээгүй буюу нэмэлт судалгаанууд шаардлагатай байгааг Клийвландын клиникийн шим тэжээл судлаач Мира Илик (Mira Ilik) анхааруулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document