2023 оны 01 дүгээр сарны 24-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгчийн хаягаар “Пaнг (pangolin) гээд ДЭМБ-ын онц анхааралд байдаг ковидын вирусын бүлэгийг мэдэж байгаа юу?
Мэдээлэл авах юмуу?” гэх пост оруулсан нь 01 дүгээр сарын 27-ны байдлаар 351 реакц, 132 сэтгэгдэл авч, 6 удаа цааш түгээсэн байна.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1.ДЭМБ-ын коронавирусийн ажиглалтад авсан болон онц анхааралд авах шаардлагатай хувилбаруудын жагсаалтад шалгаж буй мэдээлэлд дурдсан хувилбар багтаагүй байна.
ДЭМБ-аас 2023 оны 01 дүгээр сарын 26-нд сүүлд шинэчлэсэн SARS-CoV-2 вирусийн хувилбаруудыг хянах самбарт жагсааснаар:
Одоогоор халдварын тархалт ихтэй, онцгой анхааралд авах шаардлагатай хувилбар:
– Омикрон B.1.1.529
Халдварын тархалт буурсан, онцгой анхааралд авсан хувилбар:
- Альфа B.1.1.7
- Бета B.1.351
- Гамма P.1
- Делта B.1.617.2
Ажиглалтад авсан хувилбар:
- BF.7*
- BQ.1
- BA.2.75″ гэсэн байна.
2.Коронавирус нь панголиноос хүнд халдварласан эсэх нь нотлогдоогүй байна.
Одоогоор өмнөх хэсэгт дурдсан хувилбаруудыг Pangoline, Панг зэрэг нэршлээр нэрлэсэн хувилбар байхгүй байна. Шалгаж буй мэдээлэлд дурдсан Pangoline, Панг зэрэг утгаар хайлт хийхэд гарч ирж буй илэрцүүд нь олон улсын эрдэмтдийн 2020 оны эхээр хүний коронавирусийн халдвар Панголин /Ази, Африк Сахарын бүс нутагт байх нэгэн төрлийн хайрсан бүрхүүлт хөхтөн амьтан/-оос гаралтай эсэх дээр дэвшүүлж байсан таамаглал, судалгааны ажлууд байна. Дээрх агуулгын хүрээнд хамгийн сүүлд буюу 2021 оны 06 сарын 07-нд Оксфордын их сургуулийн вэбсайтад байршуулсан мэдээлэлд:
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны 02 дугаар сард БНХАУ руу хүний коронавирусийн үүсэл гарлыг тодорхойлох зарим нэг судалгааг хийсэн байдаг. Хэдийгээр Ковид-19 халдварыг анх сарьсан багваахайнаас гаралтай гэж байсан ч Эх газрын Хятадад сарьсан багваахайг төдийлөн нийтлэг хэрэглэдэггүй, харин Индонез улсын хар зах дээр зарагддагийг зургууд онцолсон. Мөн Панголинийг БНХАУ-ын зарим мужуудад хар зах дээр худалдаалах нь бий ч Ухань мужид энэ үзэгдэл ховор байна. Гэвч Уханьд 38 төрөл, зүйлийн 47,831 амьтныг тодорхой зориулалтгүйгээр худалдаалж байжээ. Тэдгээрт гахай, тарвага, дорго, илбэнх, зараа, тогос, хатгуур хоншоорт могой, хэрэм зэрэг амьтад байсан байна. Одоогоор коронавирус ямар амьтнаас гаралтайг тогтоочихсон шинжлэх ухааны нээлт, бүтээл байхгүй ч хүнд халдварладаг нийт өвчний 70 хувь нь амьтны гаралтай байдаг тул олон төрлийн зэрлэг амьтан чуулсан БНХАУ-ын хар захаас өөр аюулт халдвар үүсэх ч боломжтой нь харагдлаа” гэсэн байна.