“Шинэ Зеландын 49 хоногийн хатуу хөл хорионы хугацаанд шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан” гэдэг нь #ХУДАЛ.
Шинэ Зеланд улсад хоёрдугаар сарын 28-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, гуравдугаар сарын 25-нд сэрэмжлүүлгийн IV түвшинд шилжүүлж, орон даяар хатуу хөл хорио тогтоосон. Дөрөвдүгээр сарын 27-нд сэрэмжлүүлгийн III түвшинд, тавдугаар сарын 13-нд II түвшинд буулгаж, зургадугаар сарын 8-наас I түвшинд буюу хилийн хязгаарлалтаас бусад хориог сулласан. Энэ хугацаанд “шинэ тохиолдлын тоо тогтмол буурч байсан” гэдэг нь худал мэдээлэл.
Тодруулбал гуравдугаар сарын 26-нд 85 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс хоёр хоногийн дараа 146 шинэ халдвар илэрсэн нь “хатуу хөл хорионы хугацаанд тогтмол буурсан” үзүүлэлт биш. Улмаар гуравдугаар сарын 31-нд 81 халдвар шинээр илэрсэн бол дөрөвдүгээр сарын 5-нд 89 болж өссөн байна. Ингэж үечилж илэрсээр дунд хугацаандаа халдварын тоо буурч 49 хоногийн дараа буюу тавдугаар сарын 13-нд шинээр халдвар илрэлгүй хоёр хоносон байв.
“Хөл хорио тогтоогоогүй Швед улс нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна” гэдэг нь #ХУДАЛ мэдээлэл.
ДЭМБ-ын worldometer.info сайтаар улсуудын COVID-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгтгэн гаргадаг. Уг жагсаалтад 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар АНУ-д 17,392,618 халдвар бүртгэгдэж, 314,577 хүн нас барсан тоогоор тэргүүлж байна. Харин Швед улс 348,585 халдвар бүртгэгдэж, 7,802 хүн нас барсан үзүүлэлттэй 35 дугаарт жагсаж байна.
“Хөл хорио тогтоогоогүй” гэдэг нь мөн #ХУДАЛ мэдээлэл.
100 дугаар сарын 22-нд Шведийн засгийн газрын албан ёсны сайтад хилийн хоригийг 2020 оны 12 дугаар сарын 22 хүртэл сунгах шийдвэр гаргасныг мэдээлсэн.
Folkhälsomyndigheten буюу Шведийн Нийгмийн эрүүл мэндийн агентлагт COVID-19-ийн эсрэг бүх арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар нь олгосон. Энэ агентлагийн гаргасан шийдвэрийг улстөрчид цуцлах, өөрчлөхийг хориглодог. Агентлагийн зөвлөгөөний дагуу засгийн газар нь 50-иас дээш хүнтэй цугларалтыг түр хугацаагаар хориглох, хүмүүсийг асрамжийн газарт очихыг хориглох, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудыг цахимаар хичээллүүлж, биечлэн очихыг хориглох зэргээр цугларах эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж баталсан тухай шийдвэрүүдийг Шведийн засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, COVID-19-ийн талаарх мэдээллийг нэгтгэсэн regeringen.se цахим хуудаст тухай бүрт нь мэдээлж байв.