Төөрөгдүүлсэн тайлбартай, зохиомжит байж болох бичлэгээс бид юу сурах вэ?

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #920

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Урд хөршөөс контейнер юань орж ирсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар “сонгуульд зориулсан мөнгө” гэв” гэх тайлбартай бичлэг болон зураг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад “их хэмжээний юань”-тай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Яагаад ийм бичлэг, мэдээлэл тавих болсныг холбогдох газартай хамтран нягтлан тодруулж байна” гэсэн юм.

Цахим орчинд 03 дугаар сарын 26-нд “Урд хөршөөс контейнер юань орж ирсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар “сонгуульд зориулсан мөнгө” гэв” гэх тайлбартай бичлэг болон зургийн хамт түгээсэн. (энд, энд, бас энд)

Тухайн өдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад “их хэмжээний юань”-тай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Яагаад ийм бичлэг, мэдээлэл тавих болсныг холбогдох газартай хамтран нягтлан тодруулж байна” гэсэн юм.

Улмаар Б.Батзориг хурандаагийн isee.mn сайтад өгсөн “Их хэмжээний юань хилээр орж ирсэн гэх худал мэдээлэл тараасан иргэнийг шалгаж эхэлсэн” гэх гарчигтай мэдээлэл гарсан.

Уг тодруулгад тэрээр, “Тухайн бичлэг дээр дурдсан шиг их хэмжээний гадаад мөнгөн дэвсгэрт орж ирээд, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал одоогийн байдлаар байхгүй байна” гэдгийг дахин онцолжээ.

Тэгэхээр ямар зорилгоор хуурамч тайлбартай бичлэг, зураг нийгмийн сүлжээнд түгээснийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

  • Манай Баримт шалгах үйл ажиллагааны журамд өрнөж буй үйл явцыг баримтаар шалгахаас татгалздаг ч, тухайн мэдээлэл нь нийгэмд учруулах хор хөнөөл ихтэй, мөн төөрөгдүүлсэн агуулга нь хандалт авсаар байх үед тархалтыг бууруулах, олон нийтэд бодит мэдээллийг өгөх зорилгоор баримт шалгалт хийдэг.
  • Ялангуяа сонгуулийн өмнө эрчимждэг эргэлзээтэй мэдээллүүдийн урсгал дунд тухайн цаг үеийн нөхцөл байдлаар баримтыг цуглуулж шинжилгээ хийж, бодит мэдээллийг олон нийтэд өгөхөөр шуурхай ажиллах шаардлага гардаг.
  • Энэхүү бичлэгтэй холбоотой баримт, мэдээлэл эцэслэгдсэн үед бид Залруулга хийх бодлогын хүрээнд шинэчлэл хийж, дахин тайлагнах болно.

Зураг, бичлэг шалгах хэрэглүүрийн үр дүн болон логик шинжилгээ:

Бичлэг, зургийг эвлүүлэг хийсэн эсэхийг нягтлах хэрэглүүрээр шалгахад ямар нэгэн эвлүүлэг орсон шинж тэмдэггүй, гэрлийн дулаан болон нягтрал ижил байна.

  • Бичлэг эвлүүлэг биш, харин зохиомжилж бүтээсэн байх магадлалтайг илтгэх хэдэн шинж байгааг энгийн нүдээр ажиглаж болохоор байна.
    • Контейнерийг хилээр оруулж ирснийг нотлох ямар нэг баримт, дүрс байхгүй.
    • 100 юанийн дэвсгэртийг боодол боодлоор нь дүүргэсэн хайрцгийг хил давуулж оруулсан бол бичлэгт гарч байгаа шиг скочоор торгоож орхиод явуулах магадлал бага.

Бичлэгийн 0:33 дахь секундэд хайрцгийг задлахын өмнөх байдал харагдах ба скочоор дарахдаа зүүн талаас хоёр дахь эгнээг дутуу нааж орхисон нь харагдана. Мөн хайрцгийг бүрэн хаагаагүй, сул наасан нь ангайж мэдэгдэж байна.

  • Мөн ашигласан зургууд бичлэг хийх үеийн байрлалаар бус, хайрцгуудаас 4-ийг үлдээж, дүүрэн юаньтай хар цүнх нэмж тавиад зургийг авсан байна. Гэхдээ “мөнгөтэй цүнх нь контейнерт хайрцгуудыг бүтээсэн бүтээлгэн дороос гарч ирсэн” гэж үзье гэвэл ямар ч шороо тоосгүй, шинэ цүнх байгаа нь тухайн орчинтойгоо авцалдахааргүй байна. Энэ нь мөнгөтэй цүнхийг өөр газраас нэмж оруулж зураг авсан байх магадлалтайг илтгэж байна.

Бичлэгийн үеийн хайрцгуудын байрлал өөрчлөгдөж, parliament, esse зэрэг тамхины том хайрцгуудыг авсан байна.

Бид юуг ойлгох ёстой вэ?

  • Зураг бичлэгийг харьцуулж, бодит байдалд хэр ойр болохыг шинжлээрэй.
  • Тайлбарт “Эх сурвалжийн хэлж буйгаар сонгуульд зориулсан мөнгө гэв” гэсэн боловч эх сурвалж нь хэн болох нь тодорхойгүй байгааг анхаараарай.
  • Түгээсэн хаягуудыг анзаараарай. livetv.mn, neguun.mn, ulsturch.mn, inder.mn гэх мэт редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагуудын пэйжээр түгээсэн нь мэдээллийг нягтлан шалгах сэтгүүл зүйн мэдлэгээр олгодог анхан шатны алхамыг хийгээгүй, зорилготойгоор төөрөгдүүлсэн мэдээлэл цацаж байна гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс эдгээр пэйж болон холбоотой хаягуудын дараа дараагийн түгээх улс төрийн зорилготой мэдээллүүдийг ялгаж танихыг хичээгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document