Мөнгөжүүлсэн ус нь эмнэл зүйн ач холбогдолгүй, ховор хэдий ч ноцтой гаж нөлөө үзүүлэх магадлалтай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #723

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Мөнгөжүүлсэн ус нь төрөл бүрийн эрүүл мэндийн ач холбогдолтой гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Мөнгөжүүлсэн усанд одоог хүртэл нотлогдсон ач холбогдол байдаггүй. Эргэж эдгэхээргүй гаж нөлөө тарих тохиолдол бий. Олон улс оронд ийм бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглосон.

2023 оны 10 дугаар сарын 20-нд Мөнгөжүүлсэн ус нэртэй пэйжид “Энэ Америк мөнгөжүүлсэн ус Амазоны шилдэг борлуулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. 236мл нь 170к.аар зарагддаг. Монголд үйлдвэрлэсэн Мөнгөжүүлсэн ус үүнтэй орц найрлага үр дүн яг ижил 10ррм буюу хүний биед хамгийн тохиромжтой найрлагатай. 500мл нь 69к буюу Америк уснаас 5 ДАХИН ХЯМД ҮНЭТЭЙ байдаг” гэсэн пост оруулжээ. Өөрийн бүтээгдэхүүний хямд байдлыг дөвийлөн сурталчилахдаа ямар нэг эрүүл мэндийн холбогдолтой агуулга постдоо оруулаагүй ч тус пэйжид постолсон өмнөх постуудад төрөл бүрийн эмнэл зүйн ач холбогдолтойг онцолсон байна.

Эрүүл мэндийн үйлчилгээг:
“МӨНГӨЖҮҮЛСЭН УСЫГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГВЭ?
Дархлаа дэмжих
Ханиад томуу
Хоолой өвдөх, идээлэх
Өвдөг гарах, нүд улайх, хавдах, нүдний даралт
Чихний үрэвсэл, булаг гоожих
Хамар, хамрын дайврын хөндийн идээт үрэвсэл
Ам гэмтэх, буйл хавдах, идээлэх
Суулгалт, гүйлгэлт
Харшил, диатиз, чонон хөрвөс
Түлэгдэлт
Хатиг, мундас, идээт үрэвсэл, MRSA халдвар
Бүх төрлийн мөөгөнцөр
Хагалгааны дараах оёдол, шарх гэх мэт тоочоод байвал дуусахааргүй ДАРХЛААГ СУПЕР ДЭМЖИХЭЭС ГАДНА БҮХ ТӨРЛИЙН НЯН, ВИРУС, МӨӨГӨНЦРИЙН ГАРАЛТАЙ ӨВЧЛӨЛД хэрэглэдэг шүү” гэж тодорхойлжээ.

“Мөнгөжүүлсэн ус” гэх түлхүүр үгээр хайж үзэхэд л тус бүтээгдэхүүнийг сурталчилдаг, худалдан борлуулдаг суваг олон байв.

FACTCHECK: бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Мөнгөжүүлсэн ус гэж юу вэ?

Мөнгө /латинаар аргентум/ нь гялтганасан, зөөлөн металл. Олон хэрэглээтэй уг бодис нянгийн эсрэг идэвхжилтэй гэдгээрээ танигдсан. Нянгийн эсрэг 3 үйлчилгээтэйг нотолсон нь:

  • Мөнгөний эерэг цэнэгтэй ион нянгийн эсийн хананд бөөгнөрч нэвтлэх
  • Мөнгөний ионууд нянгийн эсэд нэвтэрсэн даруйдаа эсийн амьсгал, бодисын солилцоог тасалдуулдаг
  • Нянгийн эсийн ДНХ-г устгаж, өсөлтийг зогсооно.

Хамгийн анх мөнгөжүүлсэн усыг 1891 онд Германы мэс засалч Б.К.Крид шарх ариутгахаар хэрэглэж байв. Түүнээс хойш 1900 оноос эхлэн 1940 он хүртэл мөнгөний хэрэглээ улам нэмэгдэв. Гэсэн ч антибиотик гарч ирснээр мөнгө хэрэглээнээс гарчээ.

Одоо бол гоо сайхны болон шарх ариутгалын зэрэг арьсны гадаргад хэрэглэх зарим бүтээгдэхүүнд мөнгөний коллоидыг /уншигчдад төөрөгдөл үүсгэхгүйн тулд цаашид “Мөнгөжүүлсэн ус” гэх/ нэмэлт орцоор ашигладаг.

2. АНУ, Австралид мөнгөжүүлсэн усны батлагдаагүй үйлчилгээг сурталчлахыг хориглодог

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны дэргэдэх Нэмэлт, хавсарга эмчилгээний үндэсний төвийн тайлбарт:
“Хүнс, эмийн агентлагаас мөнгөжүүлсэн ус нь ямар ч өвчин эмгэгийн үед нөлөөгүй болохыг тогтмол анхааруулдаг. Аюулгүй сонголт ч биш. Өнөөг хүртэл Хүнс, эмийн агентлаг болон Холбооны худалдааны комисс мөнгөжүүлсэн усыг худалдан борлуулахдаа байхгүй үйлчилгээг дөвийлгөн сурталчилж буйтай тэмцсээр ирлээ.
Мөнгөжүүлсэн ус ноцтой гөж нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хамгийн нийтлэг нь аргироз. Биеийн эд, эсүүдэд мөнгө хуримтлагдсанаар арьс хөх-саарал болж өнгөө алддаг. Энэ нь эдгэшгүй буюу арьс эргэж хэвэндээ ордоггүй.
Мөнгөжүүлсэн ус нь бамбай булчирхайн эм болон антибиотикийн нөлөөг сулруулдаг. Бөөр, элэг, мэдрэлийн тогтолцооны саатал үүсгэсэн тохиолдол маш ховор бүртгэгдсэн байдаг” гэсэн байна.

2020 оны 10 дугаар сарын 09-нд АНУ-ын Хүнс, эмийн агентлаг болон Холбооны худалдааны комисс хамтарсан анхааруулга мэдэгдлийг 7 аж ахйун нэгжид хүргүүлж, нянгийн эсрэг үйлчилгээтэй гэж сурталчилж байгааг хориглох, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зарсан хуурамч бүтээгдэхүүнээ буцаан татах үүрэг даалгаж байжээ.

Австралийн Эрүүл мэндийн яамны харьяа Заслага эмчилгээний бүтээгдэхүүний хяналтын газар 2002 онд мөнгөжүүлсэн усыг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж бүртгэхээс татгалзаж байв. Уг шийдвэр одоо хүртэл хүчинтэй буюу мөнгөжүүлсэн усыг эрүүл мэндэд ач тустай гэж сурталчлахыг хориглодог. Ахуйн нөхцөлд ч хийх боломжтой тул бүтээгдэхүүний эсрэг арга хэмжээ авдаггүй байна.

3. Европын комисс мөнгөжүүлсэн усыг ууж хэрэглэхийг сурталчлахыг хориглосон өмнөх шийдвэрээ хэвээр хадгалан үлдээсэн бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахад ач холбогдолтой эсэх дээр дүгнэлт гаргахаас татгалзсан

2018 онд Европын комиссын Хэрэглэгчийн аюулгүй байдал хариуцсан шинжлэх ухааны хороо мөнгөжүүлсэн усны талаарх дүгнэлтээ танилцуулсан байна. Европын комисс нь мөнгөжүүлсэн ус ашигладаг 63 гоо сайхны брэндээс бүтээгдэхүүний үйлчилгээг нотлох тайлан хүлээн авч, аюулгүй байдлын үнэлгээ гаргажээ. Тайланд:
“Мөнгөний нано бөөмсөөс хордлого авсан тохиолдол шинжилгээ, холбогдох судалгааны ажлууд нээлттэй архивуудад бэлэн байна. Иймд бүтээгдэхүүнийхээ үйлчилгээг нотлох, холбогдох судалгааны тайланг ирүүлэх шаардлага тавьсан. Ихэнх тайлан болон тайлбар нь шаардлага хангаагүй. Үр дүнг нотлох баримт бүрэн хүрэлцээтэй байгаагүй тул арьсны гадаргад хэрэглэсэн тохиолдолд эерэг нөлөө үзүүлж байгаа эсэх дээр дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн байна.

Харин Европын комиссын 2000 онд гаргасан “Мөнгөжүүлсэн усыг ууж хэрэглэхийг сурталчлахыг хориглох” шийдвэр хүчинтэй хэвээр байна.

4. Олон улсын баримт шалгагчид мөнгөжүүлсэн ус эрүүл мэндийн ач холбогдолгүйг мэдээлсэн

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүд мөнгөжүүлсэн усыг ууж болохгүйг баримт шалгалтаар өмнө нотолсон байна.

  • “Мөнгөжүүлсэн усыг уухад эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэх хангалттай баримт байхгүй. Мөнгөжүүлсэн ус арьсны идээ шарханд ашиглаж болох хэдий ч ууж огт болохгүй. Элэг болон бөөрний хэвийн үйл ажиллагаанд саад болж, хордлогод оруулах, бөөр гэмтээх, таталт өгөх эрсдэлтэй. Ууж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна”
AfricaCheck баримт шалгах төвийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны баримт шалгалт
  • Олон хүнийг хамруулсан, хянан магадалгаагаар орсон судалгааны ажлын тайланд л мөнгөжүүлсэн ус уухын эерэг нөлөөг нотлохоос нааш бүрэн итгэх шаардлагагүй. Амьдралын зөв хэвшил, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэлийн амар амгаланг чухалчилж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн эмчилгээг хийлгэх нь хамгийн зөв.
USA Today агентлагийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний баримт шалгалт
  • “Мөнгөжүүлсэн ус нь антибиотикийг орлоно гэх мэдээлэл худал. Бие дотор нянгийн эсрэг үйлчилгээтэйг нотолсон тохиолдол байхгүй. Ховор ч гэсэн дагуулж болзошгүй эрсдэл нь нотлогдоогүй ач холбогдлоосоо хэт өндөр”
PolitiFact баримт шалгах төвийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны баримт шалгалт
  • “Арьс сааралтаж хөхрөх, бусад эмийн шингээлт багасах, антибиотикийн үйлчилгээ буурах зэрэг шинж тэмдэг мөнгөжүүлсэн ус хэрэглэсэн тохиолдолд илрэх боломжтой. Та бүхэн өөрийн эрүүл мэндээр дэнчин тавин аз туршиж батлагдаагүй бүтээгдэхүүн сонгох хэрэггүй”
AFP баримт шалгах төвийн 2020 оны 03 дугаар сарын 14-ний баримт шалгалт
  • “АНУ-ын Нэмэлт, хавсарга эмчилгээний үндэсний төвөөс мөнгийг ууж хэрэглэх нь ямар ч онцгой ач холбогдол байхгүй анхаарууллаа. Биеийн эд, эсүүдэд мөнгө хуримтлагдаж арьс сааралтаж хөхрөх аюултай”
АНУ Холбооны нэгдсэн хэвлэлийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны баримт шалгалт


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document