Үл бүлэгнүүлэгч түрхлэггүй хуруу шилэнд хийсэн цус өөрөө өтгөрч, бүлэгнэнэ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #658

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хуруу шилэнд хийсэн цус өтгөн бас доошоо урссангүй, цусны өтгөрөлтэй байна” гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Цус бүлэгнэх эрсдэлтэй, эмгэгтэй эсэхийг тодорхойлоход цусны өнгө, харагдах байдал төдийлөн хамааралгүй. Нарийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай.

2022 оны 07 дугаар сарын 03-нд Анужингийн пүүзний дэлгүүр гэх пэйжид “32 настай залуугийн цусны шинжилгээ! Аваад удаагүй байгаа гэтэл доошоо харуулсан байхад урсахгүй байгааг харж байна уу. Цус маш өтгөн байна шингэн зүйл уухдаа газтай ундаа их уудаг гэнэ ус барагтаа л уудаггүй. Толгой хаяа өвддөг мэдээж ийм өтгөн хар байхаар хүчилтөрөгч хангалттай тархинд очиж чадахгүй байгаа хэрэг. Зуны цагт цус шингэлэх эм тан бус зүгээр л биеийн 1кг тутамд 40мл усаа сайн уу ногоо түлхүү хэрэглэ, ханаагүй өөх тос буюу сайн өөр тос хэрэглэ, давсны хэрэглээ багасга, дасгал хөдөлгөөн хий алх” гэх тайлбартай, хуруу шилэнд бүлэгнэсэн цусны зураг байршуулсан нь 2023 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар 291 реакц, 37 сэтгэгдэл авч, 561 удаа цааш түгээжээ.

Тус постыг одоог хүртэл бусад эх сурвалжууд давтан түгээсээр байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Шилэн саванд цус бүлэгнэж байгаа эсэхийг хараад цусны өтгөрөлтэй эсэхээ тодорхойлох боломжгүй

Шалгаж буй зурагт харуулсан хуруу шилэнд байгаа цус нь цусны өтгөрөлийн шинж тэмдэг болох эсэхийг мэргэжилтнээс тодрууллаа.

Тухайн шинжилгээний зорилгоос хамаарч хуруу шил нь үл бүлэгнүүлэгч, шууд бүлэгнүүлэгч, сийвэн ялгах гэх мэт төрөл бүрийн гель, бодис агуулдаг.

Зурагт харагдаж байгаа хуруу шил шаргал тагтай байна. Энэ шар тагтай хуруу шилэнд биохимийн шинжилгээнд оруулах цусны дээжийг авдаг. Биохимийн шинжилгээний хуруу шилний онцлог нь юу вэ гэхээр дотор нь цус бүлэгнүүлэгч болон сийвэн ялгах гэсэн хоёр төрлийн үйлчилгээтэй гелийн түрхлэгтэй. Иймд дотор нь цус хийхэд шууд бүлэгнэж эхлээд 5-10 минутын дотор сийвэн ялгараад тогтоно. Бүлэгнүүлэгч шингэн агуулаагүй хуруу шилэнд хийсэн ч хүний цус өөрөө 15 минут хүртэлх хугацаанд бүлэгнэчихдэг.

Сайн ажвал цус нь доороо, сийвэн нь дээрээ аль хэдийнээ тунарчихсан байна. Эцэст нь энэ хуруу шил вакум, вакум учраас доош харуулж барьсан ч цус доошоо урсахгүй, дээрээ тогтож харагдана. Ер нь хуруу шилэнд цус яаж орж байгаагаас цусны өтгөрлийг тогтоох бараг боломжгүй. Мэдээж цусны дээж авах явцад бүдэг өнгийн шингэн, гүн өнгийн өтгөн янз, янзын л цус байна. Холбогдох нарийн шинжилгээгээр цусны өтгөрөлтэй эсэхийг шинжилдэг.

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн лаборант Н.Нандинцэцэг, ахлах сувилагч Т.Амаржаргал

2. Цусны өтгөрөл ба цусны бүлэн гэж юу вэ?

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны тайлбарт:
Цус өтгөрөх гэдэг нь цусны бүлэн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цус өтгөрөлт нь ямар нэг шинж тэмдэг байхгүй. Цусны өтгөрөлгүй байсан ч цусны бүлэн үүсэж болно. Ямар ч шалтгаанаар цусны бүлэн үүссэн бай ,ихэнх тохиолдолд цус шингэлэх эмчилгээ хийдэг.

Цусны өтгөрөл гэдэг ихэнх тохиолдолд удамшлын шинжтэй. Гэхдээ цус өтгөрөх болон цусны бүлэн үүсэж байгаа тохиолдлуудад удамшлын гэлтгүйгээр дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

  • Дасгал хөдөлгөөнгүй байх
  • Таргалалттай байх
  • Тамхи татах
  • Жирэмслэлтээс хамгаалах дааврын аргууд хэрэглэх
  • Жирэмсэн эсхүл дөнгөж хүүхэд төрүүлсэн
  • Кроны өвчин эсхүл ревматоид эмгэгтэй байх” гэсэн байна.

Цусны бүлэн нь:

  • Таталт өгөх
  • Толгой гэнэт өвдөх
  • Ярих чадвар, харах мэдрэхүйгээ алдах
  • Биеийн нэг талын мэдээ алдах
  • Амьсгал давчдах
  • Цээж өвдөх
  • Зүүн гар өвдөх
  • Хөлрөх
  • Толгой эргэх
  • Дотор муухайрах
  • Амьсгал давчдах
  • Зүрхний цохилт хурдсах
  • Гүнзгий амьсгалж чадахгүй байх
  • Гар, хөл гэнэт хавдах зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг.

Мөн цус бүлэгнэх эмгэгтэй байх тохиолдолд цус өтгөрсөн эсэхээс үл хамаарч цусны бүлэн үүсдэг байна. Энэ тухай АНУ-ын Сleveland Clinic төвийн вэбсайтад тайлбарласнаар:
“Таны бие бэртэж, гэмтсэн үед цус алдалтыг зогсоох зорилгоор цусыг бүлэгнүүлдэг. Хүний элэг бүлэгнүүлэгч уураг ялгаруулж тэдгээр нь цусны ялтсанд наалдсанаар цус бүлэгнэнэ. Цус алдалтыг зогсоох, шарх анихад цус бүлэгнэлт маш чухал. Гэхдээ бэртэл гэмтэл үүсээгүй байхад цус өөрөө бие дотор бүлэгнэж эхлэх эмгэг бий” гэсэн байна.

Цус бүлэгнэх эмгэгийг тодорхойлоход:

  • Идэвхжүүлсэн хагас тромбопластины хугацаа
  • Протромбины хугацаа үзүүлэлтийн харьцаа
  • Фибриноген
  • Улаан эс тоолох зэрэг шинжилгээ шаардлагатай гэсэн байна.

Мэдээж шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг хангалттай хэмжээний ус уух, сайн өөх тос хэрэглэх, ногоо, жимс идэх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь цусны бүлэн үүсгэж болох эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулахад ач холбогдолтой. Гэсэн хэдий ч цус бүлэгнэх эрсдэлтэй, эмгэгтэй, цусны өтгөрөлтэй эсэхийг тодорхойлоход цусны өнгө, харагдах байдал төдийлөн хамааралгүй байх нь.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document