Олон улсын байгууллагууд Монголын мэдээлэл, харилцаа холбооны орчинд ардчилсан үнэт зүйлийг хамгаалахад санаа тавьж байна

Жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг судалж тогтоодог “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг анхааралтай ажиглаж, байр сууриа илэрхийлсээр байна. 

RSF-ийн Зүүн Азийн хэлтсийн дарга Седрик Алвиани:

“Цахим орчин дахь контент, тэр дунд сэтгүүлчдийн нийтэлсэн бодит мэдээллийг “үндэсний эв нэгдэл”, “төрийн нууц”-ыг хамгаалах гэсэн тодорхой бус шалтгаанаар Засгийн газарт дур мэдэн устгах боломжийг олгох олон нийтийн сүлжээний хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан шийдвэрийг бид сайшааж байна. Хууль тогтоогчид хоригийг хүлээн авч, сэтгүүл зүй болон олон нийтийн мэдээлэл авах эрхийг илүү хүндэтгэх үүднээс хуулийн төслийг дахин бичих нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн юм. 

Энэ талаар 2023 оны 02 дугаар сарын 3-нд “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд Ерөнхийлөгч хориг тавьсаныг RSF сайшааж байна” гэх нийтлэлдээ тусгасан байна. 

Мөн нийгмийн сүлжээн дэх мэдээлэлд “аюул тарих эрсдэлтэй” гэж тодорхойлсон хуулийн талаарх нийтлэлд,

Өдгөө дэлхийн 50 орон нэгдээд буй мэдээлэл, харилцаа холбооны орчинд ардчилсан үнэт зүйлийг хамгаалах зорилготой Мэдээлэл, ардчиллын төлөөх олон улсын түншлэл-д Монгол Улсыг нэгдэхийг 2021 онд урьсан талаар дурджээ. Харин энэхүү түншлэлд нэгдэх талаар эрх баригчдаас ямар нэг хариу өгсөн эсэхийг хайж үзэхэд төрийн байгууллагуудын мэдээллийн сайтуудад илэрц гарсангүй.

Ташрамд дурдахад, манай улсын “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд онцлон анхаарал хандуулж буй тус байгууллагаас гаргадаг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтад өнгөрсөн жил Монгол Улс 59.17 индексээр 90 дүгээр байранд жагссан нь 2021 оныхоос 22 байраар ухарсан үзүүлэлт юм.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document