“Дэлхийн 100,000 хүн ам тутамд сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо дунджаар 53,600 байхад Монгол Улсад 78,700 байна” гэж Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/ болон Mongolian Marketing Consulting Group /MMCG/-ийн 2021 оны “Иргэдийн интернэт хэрэглээний талаарх суурь судалгааны тайлан“-д дурдсан байна.
Ийнхүү дунджаас дээгүүр хэрэглээтэй “цахим монголчууд” авч буй мэдээллийнхээ бодит байдлыг нягталж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах талаар хэр мэдлэгтэй вэ?
Дээрх судалгаанд, “10 хүн тутмын 6 нь хувийн мэдээллээ хамгаалах анхан шатны тохиргоог мэдэхгүй байна” гээд, “Ялангуяа
- 45-54 насны иргэдийн 84.6%,
- 55-64 насны иргэдийн 86.9% нь хувийн мэдээллээ хамгаалах Фейсбүүк, Инстаграм зэрэг сошиал орчинд пост оруулахдаа Паблик/Прайвит (Public/Private) тохиргооны ялгааг мэдэхгүй байна” гэжээ.
Mongolian Fact Checking Center-ээс жил болгон зохион байгуулдаг олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аяны хүрээнд баримт шалгалт хийх анхан шатны аргуудаас зааж, хуурамч, ташаа мэдээллийг таних шинж тэмдгүүд болон түүнийг бууруулахад оруулах хувь нэмрийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэдэг билээ.
Энэ удаад Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Нягталъя” нэртэй аян өрнүүлж байна. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх тус мэдээллийн аяны хүрээнд олон агуулгаар контент хүргэж, баримт шалгах арга зүйг зааварчилсан цуврал видео хүрэх юм. Түүнчлэн MFCC пэйжээр мэдээлэл хүлээн авдаг хэрэглэгчдээс хүссэн хүн бүрт баримт шалгах анхан шатны сургалтыг цахимаар зохион байгуулж, эргээд таавар, уралдаан зарлах зэргээр “шалгалтаа авах” юм байна. Ялагчдад зургадугаар сарын дундуур болох олон нийтийн өдөрлөгийн үеэр шагналыг гардуулахаар төлөвлөж байна.