Жил бүрийн 01 дүгээр сард Швейцарын Давос хотноо дэлхийн олон орны удирдагч, эрдэмтэн, мэргэжилтнүүд чуулдаг. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас (WEF) гаргасан 2024 оны Олон улсын эрсдлийн тайланд (Global Risk Report) хуурамч, ташаа мэдээлэл нь ойрын хоёр жилийн хугацаанд хамгийн их эрсдэл үүсгэх магадлалтай гэж дүгнэсэн байна.
Дэлхийн олон орны 1500 гаруй мэргэжилтнийг хамруулсан уг судалгаанд ойрын хугацаанд тулгамдах эрсдлүүдэд хуурамч, ташаа мэдээлэл, цаг агаарын гамшигт үзэгдэл, нийгмийн туйлшрал, кибер аюулгүй байдал зэргийг нэрлэжээ.
Өнгөрсөн 2023 оны эрсдлийн тайланд дурдсан нийт 32 эрсдэлээс хуурамч мэдээлэл 16-д жагсаж байсан бол энэ жил ийнхүү өндөр эрсдэлд тооцогдож байгааг 60 гаруй улсад сонгууль болохтой холбон тайлбарлаж байна. Мөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч контентууд ихсэж, түүнээс үүдсэн улс төр, нийгмийн хагарал тогтворгүй байдал үүсгэх эрсдэл дагуулж болохыг эш болгож буй юм.
Харин урт хугацаанд буюу ирэх 10 жилийн хугацаанд хүрээлэн буй орчны асуудлууд хүндхэн эрсдэл учруулж болохыг дурдсан байна. Үүнд, цаг агаарын гамшигт үзэгдэл, байгалийн нөөцийн хомсдол, экосистемийн олон талт байдал алдагдах, сүйрэх зэрэг эрсдэлийг мэргэжилтнүүд нэрлэсэн байна.