Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд “Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ?” анхан шатны баримт шалгалтын сургалт орлоо.
Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй хуурамч мэдээллийг бууруулах төслийн хүрээнд иргэдтэй ойр ажилладаг анхан шатны нэгж болох хорооноос эхэлж, хуурамч мэдээллийн хор уршиг, түүнийг таних, бууруулах арга замын талаар хуваалцсан юм.
Арваннэгдүгээр сарын 15, 16, 17-нд Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26-р хороонд зохион байгуулсан уг сургалтаар эргэлзээтэй мэдээллийн хаягийг шалгах, зургаар хайх аргуудыг заасан юм. Оролцогсод гар утсандаа баримт шалгахад хэрэглэх аппликейшн суулгаж, цахим орчинд түгэж буй мэдээлэлд анхан шатны баримт шалгалт хийж сурлаа. Мөн Facebook дэх хаяг, пэйжийг баталгаат байдлыг хэрхэн үнэлэх талаар мэдэж авсан юм.
Сургалтад гурван хорооны 40 гаруй хэсгийн ахлагч оролцож, манай төвөөс орчуулсан “Баримт шалгах гарын авлага” номтой танилцан, хуурамч мэдээлэл хэрхэн, ямар тохиолдолд тархдаг талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг сургалтын үеэр зураг агуулсан хуурамч мэдээллийг хэрхэн гар утсан дахь Google Lens аппликейшныг ашиглан хялбар шалгаж болох, мөн Facebook дэх хуучирсан мэдээллүүдийг дахин сэргээж төөрөгдүүлсэн агуулгатай гаргаж ирдэг зэрэг талаар ярилцлаа.
Түүнчлэн цаг үеийн шуурхай мэдээлэл буюу олны анхаарал татсан “мэдээний шуурга”-ны үед хуурамч мэдээлэл хэрхэн түгдэг болон хүмүүсийн сонирхлыг татах, айдаст автуулах, өрөвдүүлж, уяраах гэх мэтээр сэтгэл хөдөлгөм түүхээр дамжуулан татдаг тухай тайлбарлаж ярилцлаа.
Сургалтад хамрагдсан хороодын хэсгийн ахлагч нар маань үргэлжлүүлэн улс төрийн хуурамч мэдээллийг бууруулах сүлжээнд идэвхтэй оролцон өдөр тутмын ажилдаа болон тусгайлсан сургалтаар дамжуулан хороодын иргэддээ хуурамч мэдээллийн талаарх ойлголт, мэдлэгээ хуваалцах юм.