Хумигдсаар буй эрх чөлөөгөө хамгаалахад хүн бүр үзэл бодлоо илэрхийлье

Илэрхийлэл гэсэн үгийг би хэзээ ч яг энэ өнцгөөс задлан харж байгаагүй. Ил.Эр.Хий. Хэл… Энэ постерыг хараад “ямар учиртай юм бол” гэж гайхсаар ирсэн. Маш сонирхолтой, хөгжилтэй, нийгмийн ач холбогдолтой арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байна” хэмээн инээмсэглэн өгүүлэх энэ бүсгүйг О.Нансалмаа гэдэг.    

Харин цементэн шалан дээр завилан суугаад өөрт тухтайгаар  “Оршин буйд чинь баярлалаа” гэх үгийг хичээнгүйлэн бичиж, илэрхийлэмжээ тодруулах зорилгоор олон өнгийг хооронд нь уусгаж буй А.Амарзаяагийн бүтээлч байдал өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. 

Гимнастик, магадгүй бүжгийн дугуйландаа өмсдөг болов уу гэлтэй жижигхэн цагаан футболка дээрээ “Байгалиа хамгаалж, хайрлая” гэх үгсийг шигтгэсэн охид бол 10 настай Б.Энхлэн, Б.Энхжин нар. Монголын ирээдүй буюу альфа үеийнхэн ч бас эрх чөлөөгөө ийн зураглав. Тэдний жижигхэн цамцны хажууханд “Бидэнд сонголт бий” гэх өөр нэг футболка харагдана. 

Энэ мэтчилэн хүмүүс үзэл бодлоо өөр өөр өнгөөр илэрхийлж, зурсан зураг, бичсэн үгсээрээ дүрсэлсэн нь  “Ил.Эр.Хий.Хэл” олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон 150 орчим хүн, футболкыг үзэл бодлын талбар болгон ашигласан 50-иад оролцогчийн бүтээлээс мэдрэгдэнэ. 

Хүний эрхийг хамгаалагч, ардчиллын төлөөх олон улсын байгууллага Freedom House жил бүр Дэлхийн эрх чөлөөний тайланг гаргадаг бөгөөд эрх чөлөөт орнуудыг тодотгосон “ногоон бүс”-эд Монгол Улс маань багтдаг. Тэгвэл энэ бүсэд байр сууриа бэхжүүлэх, бидний хүсэл болсон хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бүрэлдүүлэн тогтоох нь таны идэвх санаачилга, үзэл бодлоо илэрхийлэх хэм хэмжээнээс хамаардаг тухай та бодож байсан уу? 

Дээр дурдсан Freedom House байгууллагын энэ оны судалгаагаар дэлхийн нийт хүн амын 70 гаруй хувь нь ардчилсан бус дэглэмд буюу авторитар засаглал бүхий орнуудад амьдарч байна гэх дүн гарсан.

Ардчилал 16 дахь жилдээ дараалан хүрээгээ хумьж байгаа нь энэ аж.

/Freedom in the World 2022 report by freedomhouse.org /

Монгол Улсын хувьд бүс нутагтаа торойх ганц цэнхэр цэг гэж хэлж болно. Үүгээрээ ч ардчиллын баян бүрд гэж дэлхийд танигдсан.

Гэсэн ч сүүлийн жилүүдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд ажиглагдах болсныг энэ долоо хоногт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганы үеэр онцлон буруушаасан байна. 

Яг энэ үед Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв “Ил.Эр.Хий.Хэл” аяныг санаачилж, энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан нь үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлчээр туурвих орон зайг нь иргэдэд бий болгосон үйл явдал болсон юм. 

Ил.Эр.Хий.Хэл” өдөрлөгт хүрэлцэн ирсэн оролцогчдын үзэл бодлоо илэрхийлснийг багцлахад 3 сэдвийг тодотгож болохоор байлаа. 

  • Үзэл бодлоо илэрхийлэх идэвхтэй хэлбэр: Өнөөгийн нийгэмд дутагдаж буй гол зүйлсийн нэг нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх биет үйл ажиллагаа, бусдыг хүндэтгэсэн, соёлтой, боловсон илэрхийлэмж гэж  томъёолсныг тэдний “Амьдрал бол аялал. Зогсоол биш”, “Эв нэгдэл хамгийн хүчтэй”, “Үг хүчтэй гэдэгт итгэдэг”, “Ядуурлыг бууруулах нөхцөл боловсролын тэгш хүртээмж” зэрэг үгс харуулж байлаа. 
  • Байгаль орчноо хамгаалах: Оролцогчдын бараг тал хувь нь байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалжээ. “Мазаалайн өмнөөс эрх чөлөө хүсье”, “Би жилийн 4 улиралд чөлөөтэй амьсгалмаар байна”, “Алтай Таван Богдод аялагчид аа, хог бүү үлдээ”, “Байгаль дэлхий хун шувуу шиг үзэсгэлэнтэй байгаасай”… гэх мэтчилэн ар араасаа хөвөрнө. 
  • Эерэг хандлага түгээх: Нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл нь хайр, хүндэтгэл гэж үзсэн тэд бөөн бөөн зүрхээр футболкаа булсан нь учиртай. Машин жолоодож, ажилдаа явж,  сургуульдаа суралцаж, гудамжаар алхаж байхдаа бие биеэ хайрла, зөрж өнгөрөх хүнийг хүндэл. Энэ нь нийгэмд эерэг хандлага бий болгоно гэж тэд өгүүлж байсан юм. 

Үг хэлж, хэвлэн нийтэлж, жагсаал цуглаан зохион байгуулахаас гадна урлагийн төрлөөр үзэл бодлоо илэрхийлж болдгийн нэгээхэн жишээ энэхүү өдөрлөг байлаа. Технологийн хувьсгалаас хамааран хувьсан өөрчлөгдөж буй амьдралын зогсолтгүй урсгал дунд өөртэйгөө ярилцах, хэлэхийг хүссэн санаан дээрээ төвлөрөх, ойрд хэрэглээгүй будаг бийр нийлүүлэх нь тэдний хувьд хаа нэгтээ мартагдаж хоцорсон нандин зуршлын нэг байсан ч юм бил үү?  

“Ил.Эр.Хий.Хэл” аяныг дэмжин, эхний бүтээлийг урласан СГЗ,  шог зураач С.Цогтбаяр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь олон төрөл, хэлбэрээр илэрч болохыг онцлоод, хаалттай нийгэмд төрж, өссөн хүний хувьд залуучуудад хандаж одоо байгаа эрх чөлөөнийхөө үнэ цэнийг ойлгож, хамгаалахыг уриалсан юм.

Харин Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоо эрх чөлөөгөө хамгаалах хамгийн чухал бөгөөд үр дүнтэй арга бол эрхээ эдэлдэг байх гэдгийг онцлов.  

Үзэл бодлоо илэрхийлэгчдийн бүтээлийг сонирхох цагдаа нар, энх тайван цаг мөнхөд үргэлжлээсэй гэсэн хүслээ уул, нараар төлөөлүүлэх Ховд аймгийн Үенч сумын настан буурал, язгуур урлаг, морин хуур бол монголчуудын дархлаа хэмээн хуурын чавхдас дүрслэх залуус… “Ил.Эр.Хий.Хэл” үзэл бодлоо илэрхийлэх өдөрлөгийн тодотгох “хуудсууд” байлаа.      

Б.Өлзийтогтох

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document