Хиймэл оюун ухаан ба хуурамч мэдээлэл

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн дуу, дүрс, зураг, бичлэг зэрэг ямар ч хэлбэрээр, мөн бүхий л агуулгаарх контентыг бид өдөр тутамдаа хүлээн авч байна. Технологийн компаниуд, төр засгууд зохицуулах гэж оролдож буй төвөгтэй нөхцөл байдалд байгаа энэ үед хиймэл оюун ухааны контентыг таних, хэрэглэх талаарх мэдлэгийг олон нийтийн дунд нэмэгдүүлэх шаардлагатай юм. Хүн болгон олны анхааралд өртөх мэдээлэл үүсгэх боломжтой өнөөгийн нөхцөлд хиймэл оюун ухаанаар хуурамч мэдээлэл түгээх нь нийгэм, улс төрийн амьдралд нөлөөлж болохоор байна. Энэ үйл явцад зөвхөн төр засгуудад эсвэл технологийн компаниудад сөрөг нөлөө, эрсдэлийг бууруулах ажлыг хариуцуулах боломжгүй бөгөөд тус технологийн зохистой, үр ашигтай хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн болон судалгааны байгууллагууд, олон нийтийн оролцоо чухал шаардлагатай байна.

Хиймэл оюун ухаан юу хийж чадах вэ?

Хэрвээ та Америкийн ерөнхийлөгч асан Трамп баривчлагдаж байгаа, Оросын ерөнхийлөгч Путин Хятадын дарга Ши Жинпиний өмнө сөгдөж байгаа эсвэл Монголд айлчлах гэж буй Пап лам цагаан куртиктэй алхаж буй зургуудыг харсан бол хиймэл оюун ухаан юу хийж чадах талаар тодорхой ойлголттой болсон байж болох юм.

Технологийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаатай зэрэгцээд хэрэглээний түвшинд нийгмийн бусад бүлгүүдийн түрүүнд алхаж байв. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд хиймэл оюун ухааны программууд олон нийтийн энгийн хэрэглээнд нэвтэрч эхэлснийг бид харж болохоор байна. 

Оюутнууд эссээгээ хиймэл оюун ухаанаар бичүүлж, эмч нар өвчтөнөө илүү оновчтой оношлоход туслуулж, компаниуд үйл ажиллагаагаа сайжруулах зэрэгт хэдийн ашиглаад эхэлжээ. Монголын онгоцны тасалбар борлуулалтын Airlink компани Ариа гэх хиймэл оюун ухаанд суурилсан хэвлэл мэдээллийн ажилтантай болсон бол Онцгой байдлын ерөнхий газар Nemaka гэх хэвлэлийн төлөөлөгчтэй болжээ. Мөн Mongol Ai гэх фэйсбүүк хуудас үйлчлүүлэгчийнхээ хүссэнээр гэр бүлийн зураг, түүхэн зураг зэргийг хиймэл оюун ухаанаар бүтээж байгаа аж. Өөрөөр хэлбэл өөрийн эсвэл ойр дотны хэн нэгнийхээ царайг хиймэл оюун ухаанд хангалттай таниулан бодитоор авхуулсан мэт зурагтай болох үйлчилгээг санал болгодог байна.

Жишээ нь, энэхүү зургийг МУГЖ, дуучин Т.Ариунаа Америк дуучин Бионсетэй хамт авхуулснаар Mongol Ai бүтээсэн байна.

Хэдийгээр хиймэл оюун ухаан нь сайн сайхан зорилгод ашиглагдаж байгаа ч хуурамч мэдээлэл түгээхэд ялангуяа улс төрийн бүлгүүд сонгууль, улс төрийн өрсөлдөөндөө хиймэл оюун ухаанаар бүтээсэн бодит бус зураг, бичлэгүүдийг түгээгээд эхэлсэн байна.

Хиймэл оюун ухаан улс төрд

АНУ-ын ерөнхийлөгч Байдэн 2024 оны сонгуулийн кампанит ажлаа 04 дүгээр сард эхлүүлэхтэй зэрэгцээд түүний сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сурталчилгаа түгээж байсан бол тус намын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгч Рон Десантис ерөнхийлөгч асан Трампын талаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зургийг мөн сурталчилгаандаа ашигласан байна. 

Гэхдээ хиймэл оюун ухааны программуудыг зөвхөн зохион байгуулалттай улс төрийн бүлгүүд ашиглахаас гадна тус технологийн өртөг бага, олон нийтэд нээлттэй байдлаас шалтгаалан сайн дурын улс төрийн идэвхтэн, технологи сонирхогчид хүртэл ашиглах боломжтой юм. Сүүлийн хэдэн сард Путин цус харвасан гэх, Ромын пап Францис Balenciaga брэндийн хувцас өмссөн гэх, эсвэл өөр нэр алдартай хүмүүсийн талаарх хиймэл оюун ухааны зургууд нь ямар нэг улс төрийн зохион байгуулалттай бүлгээс бус ердийн интернэт хэрэглэгчид анх түгээж байсан байна.

Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааны программууд үнэгүй эсвэл бага өртөгтэй болж буй нь эдгээр программд нэвтэрсэн сонирхогчид хүссэн үр дүнгээ авах боломжийг нээж өгч байна.

Технологийн компаниуд ба хуурамч мэдээллийг хязгаарлах нь

Гэхдээ нөгөө талаас хиймэл оюун ухаанаар бүтээсэн бүтээлүүдийг тогтоох, шалгах үйл ажиллагаа удаашрал, саад бэрхшээлтэй байна. Youtube энэ оны 06 дугаар сард АНУ-ын 2020 оны сонгуулийн талаарх хуурамч мэдээллийг хязгаарлах бодлогоосоо ухарсан бол X буюу хуучнаар Твиттер тэрбумтан Элон Маскын удирдлагад шилжсэнээс хойш контент зохицуулах бодлогоо орхиж, ковидтой холбоотой хуурамч мэдээллийг зохицуулахаа больж буйгаа зарлаж байсан. Хэдийгээр Youtube, Meta, TikTok, X зэрэг компаниуд өөрсдийн платформууд дээрх хуурамч мэдээллийг хязгаарлахад хөндлөнгийн баримт шалгагч байгууллагуудтай хамтран ажилладаг боловч энэ нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх сул орон зайг бүхэлд нь нөхөж чаддаггүй. Түүнчлэн, Мета компани Facebook, Instagram зэрэг платформууд дээрээ улстөрчдийн баталгаажсан хаягуудад нийтлэгдсэн мэдээлэлд баримт шалгалт хийж тухайн мэдээллийн бодит байдлыг үнэлэхийг зөвшөөрдөггүй учир тэдгээр хаягуудаар дамжин хуурамч мэдээлэл олон нийтэд түгэх эрсдэлтэй юм. 

Ялангуяа Монголын хувьд Метагийн Facebook, Instagram-аас бусад платформд монгол хэл дээр ажилладаг хөндлөнгийн баримт шалгагч байдаггүй тул хуурамч мэдээлэл шалгагдахгүй, залруулагдахгүй өнгөрөх тохиолдол түгээмэл бөгөөд олон интернет хэрэглэгч бодит бус мэдээлэлтэй хоцордог. Сонгуулийн үе болон улс төрийн зөрчилдөөний үед улс төрийн нам, бүлэглэлүүдийн олон нийтэд чиглэсэн мэдээллийн үйл ажиллагаа идэвхэждэг ба хиймэл оюун ухааны программууд нь үүнийг нь эрчимжүүлэх боломжтой юм. 

Хиймэл оюун ухаанаар зөвхөн зураг бүтээгээд зогсохгүй бичлэг, дуу, текст цаашлаад кино ч бүтээх боломжтой бөгөөд бодит мэт чанартай байхын тулд тухайн бүтээлийг гаргаж буй программ нь ашиглах өгөгдлүүд дээр хангалттай бэлтгэгдсэн байх шаардлагатай. Үүний тулд тухайн контентод ашиглагдах хүн, объектын дуу хоолой эсвэл олон төрлийн фото зургийг өгөгдөлд оруулах шаардлагатай юм. 

Ийм нөхцөлд олон нийт хүлээж авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй байж, сошиал хэрэглээндээ хэрсүү, нухацтай хандах нь чухал байна. 

Хамтын ажиллагаа ба мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх нь

Хуурамч зургууд буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудыг шалгах huggingface.io, Hive Moderation, AI or Not гэх мэт үнэгүй хэрэглүүрүүд байгаа ч эдгээр нь шинэ тутам хөгжиж буй хиймэл оюун ухааны дэвшилтэй зэрэгцэж чадахгүй тохиолдлууд байдаг. 

Европын холбоо Google, Microsoft, Meta, Tiktok зэрэг технологийн томоохон компанийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудыг шошголдог болохыг дэмжиж байгаа бол Хятадын засгийн газар аль хэдийн буюу 08 дугаар сарын 15-наас хойш хэрэгжиж эхэлсэн хуулиар хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэх шошго тавихыг олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг хиймэл оюун ухааны программ эрхлэгчдээс шаардах болсон байна. Мөн АНУ-д AP News, Agence France-Presse, USA TODAY гэх мэт томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюун ухааны программууд, хэрэглэгчид контентуудаа шошголдог болохыг дэмжиж буйгаа 08 дугаар сарын 09-нд болсон нээлттэй захидалдаа илэрхийлжээ. 

Аливаа шинэ тутам зүйл, хөгжлийн талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой. Үүнд хүн төрөлхтний хөгжлийг түүчээлэгчид ч хариуцлагатай хандаж, эрсдэлийг бууруулахын төлөө хичээж байна. Та ч бас сонирхож судлаарай. 

Ш.Билгүүн

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document