2023 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд IFCN SNU fact дэлхийн 80 орчим улсаас 500 гаруй баримт шалгагч, сэтгүүлч, мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд, технологийн компаниудын төлөөлөл зэрэг бүрэлдэхүүнээр БНСУ-ын Сөүл хотноо цуглан, “GlobalFact-10” дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ.
Тус чуулганд Монголын баримт шалгах төвийн баг амжилттай оролцож, салбар хэлэлцүүлэгт панелист, Global mentorship хөтөлбөрийн үр дүн танилцуулахад илтгэгчээр оролцлоо. Чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас дараах байдлаар тоймлон хүргэе.
Баримт шалгах үйл ажиллагааны өмнө тулгарч буй сорилт, түүнийг даван туулах нь
Баримт шалгалтын тайлангууд, цуглуулсан дата, эх сурвалжуудаа хэрхэн хамгаалах, түүнийг хуулбарлан, гуйвуулах, зөвшөөрөлгүй ашиглах, хулгайлахаас сэргийлэх талаар чуулганы үеэр хөндсөн юм. Уг хэлэлцүүлэгт Испанийн Maldita болон АНУ дахь испани хэлтнүүдэд зориулсан Factchequeado, Тайванийн баримт шалгах төв, АНУ-ын Full Fact-ийн удирдлагууд оролцлоо.
Хиймэл оюун ухааны динамик шинж чанар, тасралтгүй хувьсаж, шинэчлэгдэж байгаа зэрэг технологийн хөгжлийг дагаад хуурамч, ташаа мэдээллийн гаралт, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд сорилт тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд баримт шалгагч нар AI сургалт, түүнийг илрүүлэх загвар, технолгийн хэрэглүүрүүд ашиглан суралцах шаардлагатайг онцолсон юм. Хиймэл оюун ухаан сургаж буй томоохон компаниудтай хуурамч, ташаа мэдээлэл үүсгэхээс хэрхэн хамгаалах талаар баримт шалгагчдын туршлага, мэдлэгийг ашиглан, шинэ орчинд мэдээллийн аюулгүй байдал, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхад хамтран ажиллах талаар ярилцах цаг болсныг энд дурдсан юм. Google, Meta, Youtube зэрэг технологийн аваргууд хуурамч, ташаа мэдээллийн эсрэг нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон ажлууд хийдэг жишгээр AI хөгжүүлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатайг онцолсон.
- Мөн Мета компанийн салбар хэлэлцүүлэгт баримт шалгагчдаас хиймэл оюун ухаанаас үүдэлтэй ташаа мэдээллийг бууруулахад ямар бэрхшээл тулгарч байаа болон эрсдэлийн талаар санал хүсэлтээ өгөхийг хүссэн юм. Хиймэл оюун ухааныг бодит байдлыг төөрөгдүүлэх, айдас, заналхийлэл түгээх, нийгмийн сэтгэл зүйг үймүүлэх зэрэгт ашиглахын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах нь “Мета”-гийн шийдвэрлэх үндсэн бөгөөд байнгын стратеги гэдгийг News Integrity Partnerships хөтөлбөрийн менежер Кэйтлин МакКулли онцолсон юм.
Сонгуулийн үеэр хил дамнан идэвхиждэг мэдээллийн тухайд
“Баримт шалгагчид нэгдлээ: Хил дамнан сонгуулийн ташаа мэдээллийг үгүйсгэх нь” сэдэвт хуралдаанд Турк, Өмнөд Солонгос, Бразилийн баримт шалгагчид сонгуулийн ташаа мэдээллийг хэрхэн шалгах, бууруулах талаар шилдэг туршлагаа хуваалцав. Ерөнхийд нь баримт шалгахын ач холбогдлыг онцолж, өөрийн орны сонгуулийн жишээн дээр тулгуурлан оролцогсод бүс нутаг бүрт хуурамч, ташаа мэдээлэл түгээх тактик ижил байгааг онцолж байлаа.
Тухайлбал, сонгуулийн үеэр тархдаг хуурамч мэдээллийн гол тактикууд нь бодит мэдээлэл, бичлэг, зураг зэрэгт буруу тайлбар хийх, эвлүүлэг нэмж, эсвэл зарим хэсгийг хасаж, шинэ өөр агуулга бэлдэх зэргээр илэрч байгааг онцоллоо.
Баримт шалгагч нар сонгуулийн үеийн хуурамч, ташаа мэдээлэлтэй тэмцэхдээ үйл явцын нарийн төлөвлөлт хийж, харилцааны сувгуудаа өргөн хүрээнд, баталгаатай эх сурвалжуудыг дахин баталгаажуулж, хөдлөшгүй дата, баримтуудаа хэрэглэхэд хялбар дата сан үүсгэн шуурхай ажиллах нь чухал гэв. Мөн улстөрчдийн ярилцлага, хэлэлцүүлгийг цаг тухайд нь анхаарч, хуурамч, ташаа мэдээлэл агуулсан эсэхэд шуухай шинжилгээ хийж, олон нийтэд бодит зөв мэдээллийг түгээх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн хуурамч, ташаа мэдээлэл голчлон түгээдэг холбогдох суваг, платформуудыг тодорхойлж, ажиглах нь шуурхай байдалд нөлөөтэй гэв.
- Монгол Улсад хамгийн өндөр хэрэглээтэй платформ болох Facebook-ийн эзэмшигч Мета компани энэ жил болон 2024 онд сонгууль тохиох улсуудад илүү анхаарч, тухайн улсыг хариуцан “Хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөр”-т хамтран ажилладаг бие даасан баримт шалгах байгууллагуудад үр дүнтэй ажиллахад шаардлагатай хэрэгсэл, дэмжлэг хэр байгаад анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлсэн.
Баримт шалгагчдад зориулсан Google-ийн шинэ хэрэгслийг танилцуулав
Google-ийн Мэдээллийн аюулгүй байдлын албаны ахлагч болон программ хангамжийн инженер зэрэг мэргэжилтнүүд Fact Check Explorer хэрэглүүрийн шинэчлэлүүдийг танилцуулсан юм.
Тус компани зураг ашиглан баримт шалгах ажиллагааг хөнгөвчлөх үүднээс Fact Check Explorer хэрэглүүрээ сайжруулснаар хэрэглэгчид хайлт хийхэд аль хэдийн баримтаар шалгагдсан зургуудаас санал болгох боломжтой болсон.
Түүнчлэн IFCN-ийн санал хүсэлтийн дагуу нэвтрүүлсэн тухайн зургийг интернэт орчинд анх байршуулсан хугааа, хаяг зэргийг гаргаж өгдөг хэрэглүүр нь туршилтын хувилбараар хэрэглээнд нэвтэрч эхэлснийг танилцуулж, бүс нутгаар нь хэрэглээг өргөсгөх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Мөн энэхүү хэрэглүүрийн өөр нэг функц нь тухайн зургийг нийтэлсэн огноогоос гадна текстээр бичиж хайхад илэрдэг байдлыг сайжруулж байна.
Хамгийн сүүлийн үеийн судалгаа: Logically Facts
Зургадугаар сарын 28-нд Logically Facts-ийн Лорена Мартинез, Кэтрин Уотсон нар 2023 оны 3-4 дүгээр сард явуулсан судалгааны гол үр дүнг танилцуулав. Судалгаанд Их Британи, АНУ, Энэтхэгийн 6000 гаруй хэрэглэгч хамрагдсан ба баримт шалгах үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, олон нийтийн платформ, технологийн талаарх хэтийн төлөвийг судалжээ.
“Logically Facts’ Global Research Report” хэмээх судалгааны тайланд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл харилцан адилгүй байдгийг харуулсан бөгөөд судалгаанд хамрагдагсдын 22 хувь нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэлгүй гэж хариулжээ. YouTube, Facebook зэрэг нь олон нийтийн сүлжээний платформууд дундаас арай илүү найдвартай гэж эрэгтэйчүүд голдуу хариулсан бол Энэтхэгт YouTube болон WhatsApp илүү найдвартай эх сурвалж гэсэн байна. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь өөрийн хэмжээнд баримт шалгах аргыг мэддэг байсан ч нас ахих тусам мэдлэг, чадамж буурч, технологийн хөгжлийг гүйцэхгүй байна гэжээ.
Цаашлаад хуурамч, ташаа мэдээлэл нь хүний эрх, эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг, мөн хүчирхийллийг өдөөн турхирснаас үүдэн учирч болзошгүй хор уршиг зэрэг нь хамгийн их анхаарал татсан асуудал болохыг судалгаагаар тогтоожээ.
- Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын баримт шалгах төвийн баг хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд анхны жилд олон улсын баримт шалгах байгууллагуудтай танилцах, тэдгээрийн мэдлэг туршлагаас суралцахад чиглэж байсан бол энэ жилийн хувьд дуу хоолойгоо өргөж, өөрсдийн туршлагаас бусдадаа хуваалцаж, оролцоогоо нэмэгдүүлснээрээ онцлог байлаа.
- Эндээс олж авсан туршлага, хамтын ажиллагааны үр шимийг олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө, нийгмийн сүлжээнд түгэж буй хуурамч, ташаа мэдээллийг бууруулахын төлөө ашиглаж, шинэлэг арга хэрэгслүүдийг туршиж, илүү хурдтай, өргөн цар хүрээтэй ажиллахаар төлөвлөж байна.
Фото:
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах сэдвээр өрнөсөн салбар хэлэлцүүлэгт баримт шалгагч Ж.Өнөмөнх илтгэгчээр оролцлоо.
2023.06.29
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв маань Global mentorship хөтөлбөрийн сургагч байгууллагаар шалгарч, 5 орны баримт шалгах байгууллагад чиглүүлэг өгч ажилласан бөгөөд тус хөтөлбөрийн үр дүнг баримт шалгагч Ш.Билгүүн танилцууллаа. 2023.06.29
Чуулганы эхний өдрийн бүртгэл. Нийт 500 гаруй оролцогчийг нэрийн үсгийн дарааллаар бүлэглэн, 8 хэсэгт шуурхай үйлчилж байв.
2023.06.27
Танилцуулах хүлээн авалтыг Google, Youtube зохион байгууллаа.
2023.06.28