GlobalFact10 форумд Монголын баримт шалгах төвийнхөн илтгэл, хэлэлцүүлгээ амжилттай өрнүүллээ

Анх 2014 онд Лондон хотноо зохион байгуулж эхэлсэн Олон улсын баримт шалгагчдын чуулга уулзалтын 10 дахь удаагийн форумыг БНСУ-ын Сөүл хотноо IFCN болон Сөүлийн их сургууль, SNUFactCheck-тэй хамтран зохион байгууллаа. Уг форумд 75 орны 500 гаруй баримт шалгагч, сэтгүүлч, мэргэжилтнүүд дөрвөн өдрийн турш нягт харилцаа холбоотой, шинэ туршлага, мэдлэг, мэдээлэл солилцсон хуурамч, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд чиглэсэн үндсэн илтгэлүүд, салбар хуралдаанууд болон IFCN сүлжээний онцгой арга хэмжээнүүд үр өгөөжтэй хэлэлцүүлгүүд, уулзалтуудыг амжилттай өрнүүлсэн юм.

Global Fact 10 форумын нэгдсэн танхим

2023/06/28 Coex Center

photo by Jeonbuk Ilbo

Монголын баримт шалгах төвийн баг уг форумд оролцож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрх баригчдын зүгээс хаах гэсэн оролдлогын талаарх салбар хэлэлцүүлэг болон Global Mentorship хөтөлбөрийн үр дүнг хуваалцах тайлан уулзалтад оролцсон юм. Уг арга хэмжээнүүдэд 40 гаруй улсын төлөөлөл хамрагдлаа.

Баримт шалгагч Ж.Өнөмөнх илтгэгчээр оролцсон хэлэлцүүлэгтээ “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг Засгийн газраас өргөн барьж, УИХ хууль зөрчин гурав хоногийн дотор хэрхэн баталсан болон Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв, Монголын баримт шалгах төв хуулийг эсэргүүцэн, олон улсад мэдээлж, хүний эрхийн болон сэтгүүл зүйн байгууллагуудтай холбогдож, зөвлөгөө дэмжлэг авсан, дотооддоо акц явуулсан талаар хуваалцсан юм. Улмаар уг хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авснаар хүчингүй болгосон түүхийг олон улсад мэдээлж, хоёр том гүрний дунд орших ардчиллын баян бүрд гэгдэх орны хувьд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрх баригчид хуулийн аргаар хумихыг оролдож байгааг сэрэмжлүүлсэн нь оролцогчдын анхаарлыг татаж байлаа. 06 дугаар сарын 29-нд болсон уг салбар хэлэлцүүлэгт Гүрж, Нигер болон Монгол улсын нөхцөл байдлыг хөндсөн билээ.

Салбар хэлэлцүүлгүүд 2023/06/29

2022 онд IFCN нь Метагийн дэмжлэгтэйгээр Global mentorship хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрт дэлхийн зургаан зөвлөх байгууллага шалгарсны нэг нь Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв бөгөөд баримт шалгах байгууллагуудад тохирох бизнес загварыг хэрхэн нутагшуулж болохыг улс бүрийн онцлогт нийцсэн хэлбэрээр хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг зургаан сарын турш удирдан явуулсан юм. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар баримт шалгагч Ш.Билгүүн танилцуулж, хөтөлбөрийн сурагч таван улсын байгууллагаас төлөөлж, Литва улсын Delfi баримт шалгах байгууллагын Айстэ Мейдүтэ оролцож, хөтөлбөрийн хүрээнд гаргасан бүтээгдэхүүнээрээ илүү олон хэрэглэгчтэй болсон гэдгээ онцолсон юм.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document