“Нягталъя” өдөрлөг – Хариуцлагатай, хэрсүү цахим хэрэглэгчийн төлөө

Өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, цахим хэрэглэгчдийг хуурамч мэдээллийг ялгаж, таньдаг болгох, түүнийг шалгаж сургахад чиглэсэн “Нягталъя” аяны хүрээнд олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“Нягталъя” аяны зохион байгуулагч “Сэтгүүлзүйн Инновац Хөгжлийн Үүр төв” ТББ-ын тэргүүн, Монголын баримт шалгах төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо хуурамч, ташаа мэдээллийг ялгаж таньдаг байхаас гадна баталгаатай мэдээллийг хаанаас авч болох, ямар эх сурвалжийг найдвартай гэж үзэх талаар олон нийтэд мэдлэг ойлголт өгөхөд анхаарч буйг онцолллоо.

Монголын баримт шалгах төвийнхөн аяны хүрээнд гарч буй үр дүнгийн талаар хуваалцлаа. Үүнд, “Нягталъя” аяны хүрээнд бэлтгэн, олон нийтэд хүргэсэн ажлуудын талаар Монголын баримт шалгах төвийн эрхлэгч Э.Батцэцэг, “Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ” сургалтын талаар баримт шалгагч Ш.Билгүүн, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар баримт шалгагч Ж.Өнөмөнх нар ийнхүү ярилаа.

Бусад энтертаймент арга хэмжээнд хүмүүс хамрагдаж, сургалт, мэдээллээр авсан мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ

Нийслэлийн ихэнх гэр бүл, хүүхэд багачууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эрүүл, аюулгүй орчид салхилж, цагийг үр дүнтэй зарцуулахыг хүсэн, амралтын өдрөө зориулж, зорихыг эрмэздэг. Тиймээс тэнд цугласан олонд сургалт, мэдээлэл өгч, мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнээс гадна хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулсан юм.

Гэр бүл, найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ хамт амралт, чөлөөт цагаа өнгөрөөж явсан олон арван хүмүүс манай асарт хүрэлцэн ирж, өдөрлөгт маань оролцон, илүү сонирхолтой, давтагдашгүй болгоход өөрсдийн оролцоо, дэмжлэгийг үзүүлсэн юм. Тэдний төлөөлөл болсон хөөрхөн эмээ, ач охин хоёрын яриаг хамтдаа сонирхъё.   

Гар зургийн уралдааны ялагчдын мөрөөдөл соньхон. Нэг нь эко машин бүтээж, дэлхийн дулаарлын аянд нэгдэхийг хүсэх бол нөгөө нь хуурамч мэдээлэлгүй, стрессгүй нийгэмд амьдрах хүсэлтэй. Бас нэг нь багш болж, эрдмийн үрийг тариалж, эх орноо хөгжүүлэх мөрөөдөлтэй гэх мэт. Тэдний мөрөөдөл гэгээлэг юм. Тэрхүү хүсэж буй гэгээн ирээдүйг цогцлооход хуурамч, ташаа мэдээлэлд дархлаатай, хэрсүү хэрэглэгчдийн зан төлөв чухал нөлөөтэй юм.

Тэд ийнхүү ярьж байна.

Хүний сэтгэл их хөдөлсөн, баярласан, эсвэл түгшсэн гэх мэт энгийнээс дээгүүр хэлбэлзсэн үедээ хүлээж авсан мэдээлэл, болж өнгөрсөн үйл явдлыг мартахгүй хоногшуулдаг гэдэг. Өдөрлөгийн төгсгөлд ороцогсдын хүлээж авсан мэдээллийг илүү сэтгэлд хоногшуулж, мэдлэг болон үлдээхийг эрмэлзсэн бас нэгэн сонирхолтой хэсэг өрнөсөн юм. Юу гэвэл “Comedy lab”-ын комедиан Ганга, “Big sista comedy club”-ын комедиан Томоко, Кенна, Номи нар хүрэлцэн ирж, хошин бөгөөд егөөдөл, шүүмжлэлээр “чимэглэн” мэдээллийг нягтлахын чухлыг санууллаа. Мөн цахим орчинд хариуцлагатай хэрэглэгч байхыг комедианууд уриалсан юм.

 

Ийнхүү “Нягталъя” олон нийтэд зориулсан мэдээллийн өдөрлөг маань хуурамч, ташаа мэдээллийн хор уршгаас хамтдаа сэргийлэхийн чухлыг таниулж, мэдээллийн боловсролтой, хариуцлагатай хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгын төлөө амжилттай, ач холбогдолтой болж арга хэмжээ өндөрлөлөө. Бидэнд дэмжлэг туслалцаа үзүүлсэн, оролцсон хүн бүхэнд гүн талархал илэрхийлье. Олон нийтийн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аян, арга хэмжээнүүд маань цаашид ч үргэлжилсээр байх болно. 

Хэрэв та цахим орчинд идэвхтэй байдаг бол, фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг нийгмийн сүлжээгээр цацагдаж байгаа мэдээллийн урсгал дунд яваа бол танд “Нягталъя” гэх энэ үг зайлшгүй хамааралтай юм шүү… 

#Нягталъя
7нягталж_1шэйр

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document