Хандалт авах зорилгоор гадаад улсад хийгдсэн бичлэгийг Монголд болсон мэтээр нийтэлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #410

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зэрлэг хонь бэлчиж буй уулын замыг Ховд аймгийн Бодончийн хавцалд гэж тайлбарласан байна.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт дүрслэгдсэн зэрлэг хонь нь Алтайн аргаль биш бөгөөд, замын тэмдэг нь бичлэгийг Канад улсад хийсэн болохыг илтгэж байна.

2023 оны 01 дүгээр сарын 29-нд “Аз жаргалтай Монголжин” /Уйгаржин Монгол бичгээр бичсэн/ нэртэй пэйжид “Ховд аймаг Алтай сум Бодончийн хавцалд яваа сүрлэг аргаль” гэх гарчигтай, уулын зам дээр бэлчих сүрэг зэрлэг хонины бичлэгийг нийтэлсэн нь 01 дүгээр сарын 31-ны байдлаар 932 реакц, 198 сэтгэгдэл авч, нийт 192 мянган үзэлттэй байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1.Бичлэгт дүрслэгдсэн амьтан нь Монголь Алтайн Аргаль биш

Brittanica.com: “Монгол Алтайн аргаль

Бичлэгт дүрслэгдсэн зэрлэг хонийн ерөнхий зүс, биеийн ерөнхий үзүүлэлтээр Алтайн аргаль биш гэдгийг хялбархан таниж болно. Britannica нэвтэрхий тольд Алтайн аргалийг “Төв Азийн бүсэд амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм. Нас биед хүрсэн угалз буюу эр аргалийн цээжний өндөр л гэхэд 125 см байх ба дор хаяж 140 кг жинтэй. Угалзсан эвэртэй бөгөөд 1.8 метр орчим. Угалз болон эм аргаль орооныхоо үеэр цуг бэлчинэ. Эм аргаль биеийн хувьд жижиг тул ургаа хад өөд мацаж хоол тэжээлээ олж иддэг” гэсэн байна. Харин шалгаж буй бичлэгт дүрслэгдсэн аргаль нь биеийн хувьд Алтайн аргалиас илт жижиг байна.

2.Бичлэгт дүрслэгдсэн байгалийн тогтоц, замын тэмдэглэгээ зэрэг нь Монголд биш гэдгийг илтгэж байна

Гарчигт дурдсан Бодончийн хавцлыг Google Maps платформоос хайж Street View хэрэглүүрээр орчныг харах боломжтой. Бодончийн хавцал нь шалгаж буй бичлэгт дүрслэгдсэн шиг цаст хайрхан, шигүү модтой хэсэг байхгүйг харах боломжтой.

“Монгол Улсад замын хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах шугамыг цагаан өнгөөр тэмдэглэдэг”

-Зам тээврийн хөгжлийн төв-

Бичлэг дээрх замын тусгаарлах шугам шар өнгөтэй, замын тэмдэг ногоон дэвсгэртэй байгааг харж болно. Бид өмнөх баримт шалгалтдаа Монгол улсын замын тэмдэглэгээний талаар дурдаж байсан. “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад “Замын тэмдэг, тэмдэглэгээ”-ны стандартыг зааж өгсөн байх ба тус стандартад: “7.4 Түр зогсохыг хориглосон газар 7.9 Удаан зогсохыг хориглосон газар 7.17 Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудлын тэмдэглэлээс бусад хэвтээ тэмдэглэл нь цагаан өнгөтэй байна” гэж заасан байна.

Бичлэгт дүрслэгдсэн жолоочийн бүхээгт буй дурангийн брэнд Outbound гэсэн байна. Уг нэрээр хайж үзэхэд Канадад худалдаалагддаг аяллын хэрэгслийн брэнд байна. Мөн Канадын Алберта мужийн вэбсайтад замын тэмдэглэгээ шар байдгийг мэдээлжээ. Бичлэгт гарах машины толинд туссан замын тэмдэг ногоон байгааг ч харах боломжтой. Канадад ногоон дэвсгэртэй замын тэмдэг нь “Мэдээлэх болон чиглүүлэх” үүрэгтэй байдаг ажээ.

АНУ-ын Үндэсний Ан, амьтдын холбооны вэбсайтад “Канад, Хойд Америкт нутагладаг Том эвэрт зэрлэг хонь нь Алтайн аргальтай харьцуулахад биеэр жижиг, эвэр нь арай богино ч маш өргөн байдаг” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document