Оюутнууд баримт шалгах ур чадварт суралцана 

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв” /СИХҮТ/ НҮТББ-ын дэргэдэх “Монголын баримт шалгах төв” ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн“-ийн хүрээнд баримт шалгагчдыг сургаж, дадлагажуулах, бэлтгэх зорилгоор Монгол Улсын Их сургууль /МУИС/, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль /ХУИС/, Соёл Урлагийн Их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль /РТМУС/-ийн дэргэд “Баримт шалгагч оюутан” клубийг байгуулан ажиллаж эхлээд байна. Их дээд сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн судлах хичээлийн хөтөлбөрт хараахан оруулж амжаагүй, шинэ тутам хөгжиж буй баримт шалгах ур чадварыг сургуулиудад түшиглэсэн оюутны клубээр дамжуулан олгох болсон нь энэхүү хөтөлбөрийн гол ач холбогдол юм. Түүнчлэн “Баримт шалгах оюутан” клубийнхэн цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээллийг илрүүлэх, баримтын шалгалт хийж, бодит зөв мэдээллийг олон нийтэд хүргэхэд хувь нэмрээ оруулан, урамшуулал, дэмжлэг авч ажиллах юм. 

Энэхүү клубийн албан ёсны нээлтийг хоёрдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үеэр клубийн тогтвортой байдлыг хангах, шинээр элсэгчдийг сургах, ур чадварыг уламжлуулах зорилгоор Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв болон их сургуулиудын хооронд санамж бичиг байгуулсан юм. 

Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг “ЮНЕСКО  сэтгүүл зүйн бие даасан байдлыг бэхжүүлж, мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулдаг. Энэ салбарт суралцаж буй оюутнуудыг баримт шалгах ур чадварт сургахад дэмжлэг үзүүлж байгаа нь нийгэмд нэр хүнд нь унасаар байгаа хэвлэл мэдээллийн салбарыг шинэчлэх, сэтгүүлчид бодитой, хараат бус, тэнцвэртэй мэдээллийг хэрхэн нягталж, бэлтгэхэд суралцахад томоохон суурь болж өгнө гэдэгт найдаж байна. Энэ ур чадварыг эзэмшсэнээр салбартаа хөл  тавьж буй шинэ сэтгүүлчдийн алдаа гаргах эрсдэл багасна” гэлээ.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document