Монголын баримт шалгах төв Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний “ENGAGE” тэтгэлэгт шалгарлаа 

Youtube болон Google-ээс Олон улсын баримт шалгах сүлжээтэй хамтран 2022 онд олон улс дахь төрөл бүрийн баримт шалгах санаачилга, хуурамч мэдээллийг бууруулах зорилготой ажлуудыг дэмжихээр болсон. Энэ хүрээнд баримт шалгах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих 12 сая ам.долларын санхүүжилттэй “Global Fact Check Fund” дэмжих санг байгуулсан.  

Олон улсын баримт шалгах сүлжээнээс “ENGAGE” тэтгэлэгт Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв шалгарсныг 03 дугаар сарын 01-нд буюу өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Энэ тэтгэлэгт Монголын баримт шалгах төвөөс гадна Индонезийн Liputan6.com, Испанийн Maldita, Польшийн Demagog,  Энэтхэгийн Newschecker гэх мэт дэлхийн олон орноос нийт 20 байгууллага шалгарсан байна.  

Тус тэтгэлгийн талаар Олон улсын баримт шалгах сүлжээний захирал Энжи Дробник Холан “Шалгарсан төслүүд өөрчлөлт авчрах шинэ, үр нөлөөтэй ажлуудыг дэвшүүлсэн байсан. Удахгүй болох сонгуулиуд, хиймэл оюун ухаан технологийн хөгжилтэй холбогдуулан баримт шалгагчдад шинийг санаачлах, олон нийтийг татан оролцуулах нөөц хэрэгтэй байна” хэмээн онцолжээ. 

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв нь баримтаар шалгасан бодит, зөв мэдээллийг хүртээмжтэй түгээх нь иргэдийг оновчтой шийдвэр гаргахад чухал нөлөөтэй гэж үздэг. “ENGAGE” тэтгэлгийн тусламжтайгаар баримт шалгалтуудаа илүү бүтээлчээр, олон нийтэд хүргэх төрөл бүрийн шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document