Мета болон Майкрософтын аюулгүй байдлын тайланд Монголын хэрэглэгчид цахим халдлагад өртсөн талаар анхаарууллаа

Мета компани хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан аюулгүй байдлын тайландаа Итали, Испани, Арабын Нэгдсэн Эмират улсын найман компани нийгмийн сүлжээний платформуудад сүлжээ бүхий хуурамч хаягууд ажлуулдаг байсан тухай тайлагнажээ. Эдгээр компаниудаас Италийн Cy4Gate гэх тагнуулын үйлчилгээ үзүүлдэг компани хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зурагтай хаягуудыг мэдээлэл цуглуулах зорилгоор ашиглаж байсныг тогтоожээ. Түүнчлэн, энэ компанийн эзэмшдэг RCS Labs гэх тагнуулын программ хангамжийн компанитай холбоотой хуурамч хаягууд Азербайжан, Казакстан, Монгол зэрэг оронд сэтгүүлчид, нийгмийн идэвхтнүүдийн IP хаягийг илрүүлэх, имэйл, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг цуглуулах, ямар электрон төхөөрөмж ашиглаж буй талаарх мэдээллийг олох зэргээр ажиллаж байсныг тус тайланд тайлбарлажээ.

Дээрх улсуудад халдлага үйлдсэн хуурамч хаягуудыг Мета компани Фэйсбүүк, Инстаграмаас устгасан тухай тус тайланд мэдэгдсэн ба Cy4gate-тэй холбоотой хаягуудыг мөн устгасан гэдгээ зарлажээ. 

Харин Майкрософт компани энэ сарын 14-нд нийтэлсэн тайландаа Charcoal Typhoon (CHROMIUM) гэх Хятадын төрийн хамаарал бүхий бүлэглэл Монголд үйл ажиллагаа явуулж байсныг дурдсан байна. Тус тайланд дурдсанаар энэ бүлэглэл нь голдуу “засгийн газар, дээд боловсрол, харилцаа холбооны дэд бүтэц, газрын тос болон хий, мэдээллийн технологийн салбаруудыг бай болгодог” гэсэн бөгөөд Монголоос гадна Тайван, Тайланд, Малайз, Франц, Непал зэрэг улсад үйл ажиллагаа явуулж байсныг онцолсон байна.

Майкрософт нь төрийн байгууллагатай холбоотой 160 гаруй бүлэглэл болон өөр бусад халдлага үйлдэх зорилготой бүлэглэлүүдийг судалдгаа мэдэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Charcoal Typhoon-тай адил Оросын тагнуулын байгууллагатай холбоотой Forest Blizzard, Хойд Солонгостой холбоотой Emerald Sleet зэрэг кибер халдлагын бүлэглэлүүд үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааны технологиудыг ашиглаж эхлээд байгааг дурдсан байна.

Хиймэл оюун ухааныг технологи хуурамч контент бүтээх, программ хөгжүүлэлт, техник ажиллагааг хялбарчлах, автоматжуулах зэрэгт ашиглаж буй нь түгшүүр үүсгэж байгааг тус компани анхааруулсан байна. Майкрософт болон тус компанийн хамтрагч OpenAI компани платформуудаасаа Charcoal Typhoon-тай холбоотой хаягуудыг устгасан гэдгээ мэдэгджээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document